
Орчин үеийн дипломат алба үүссэний 100 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны яам, Монголын шатрын холбоо, Монгол туургатны “Урамтай шатар” клуб, Дэлхийн монголчуудын чуулгантай хамтран зохион байгуулж буй Чин ван Ханддоржийн нэрэмжит тэмцээн өнөөдөр эхэлнэ. Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэнгийн санаачилгаар анх зохион байгуулснаас хойш 21 дэх удаагаа болж байгаа юм. Уг тэмцээнийг энэ жилээс олон улсын “А” зэрэглэлийн статустай болж, шагналын санг нь ФИДЕ-гээс гаргахаар болсон билээ. Уг тэмцээний гол онцлог нь их мастер болон олон улсын мастер цол олгох аж. Хоёр ангиллаар болох тэмцээний “А”-д нь өндөр чансаатай 10 шатарчин тойргоор өрсөлдөнө. Шатарчдын дундаж рейтинг 2441 байгаа юм. Харин хамгийн өндөр рейтингтэй нь ОХУ-ын их мастер Антон Шумаев /2578/ байна. Шилдэг шатарчдын тулаанд Турк, Казахстан, ОХУ-ын Буриадаас оролцогчид иржээ. Тэгвэл манай улсаас их мастер Ц.Хатанбаатар, Д.Шаравдорж, Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, олон улсын мастер Б.Гүндаваа, Ц.Батчулуун нар оюун ухаанаа уралдуулна. Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Б.Гүндаваа, Ц.Батчулуун нар уг тэмцээнээс рейтингээ ахиулах бүрэн боломжтой гэдгийг зохион байгуулагчид дурдсан юм. Түрүүлсэн шатарчин 5000 ам.доллар авна. Харин энэ сарын 9-нөөс 2050-иас доош рейтингтэй “В” ангиллын шатарчдын рапид тэмцээн эхлэх бөгөөд түрүүлсэн шатарчин 1500 “ногоон” халаасална. Түргэн тоглолтын тэмцээнд гадаадаас 20 орчим шатарчин оролцохоор ирсэн байна. Дашрамд сонирхуулахад, уг тэмцээний үеэр Монгол туургатны ээлжит хурал болох ажээ.
Б.Зул