Энэ онд хийсэн ажлаа тайлагнахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Энэ онд хийсэн ажлаа тайлагнахыг хүслээ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өчигдөр боллоо. Энэ өдрийн хуралд нийслэлийн Засаг даргын тамгын газрын  хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Ш. Наран, Хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Сайнбаяр, Агаарын чанарын албаны дарга Д.Мөнхцог нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн сард 200 гаруй иргэн хальтирч гэмтсэн байна

Өнгөрсөн амралтын өдөр байгууллага бүр гадна талбайнхаа цас, мөсийг цэвэрлэх үүрэг өгсөн ч албан байгууллага, аж ахуй нэгжүүд хангалттай биелүүлсэнгүй. Хотын Ерөнхий менежер гадна талбайгаа цэвэрлээгүйгээс иргэн хальтирч унавал тухайн байгууллага хариуцлага тооцно гэсэн шийдвэр гаргасан. Хотын мэр Г.Мөнхбаяр ч үүнийг дэмжин  “Иргэд, аж ахуй нэгж ч гэсэн хариуцлагатай хандах хэрэгтэй. Хэрэв тухайн байгууллага гаднах орчноо тохижуулж, эзэмшлийн газраа цэвэрлэж байвал иргэд гэмтэж бэртэх аюулаас сэргийлэх болно” гэлээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар Гэмтэл согог, сэргээн засах төвд 200 гаруй иргэн хальтиргаанаас болж гэмтэж бэртсэн гэсэн тоо байна. Гэтэл цас  мөс цэвэрлэгээний ажил олон байгууллагад  эхлэл төдий байна. Цаашид дээрхи шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллах шаардлагатай байна гэлээ. Ялангуяа нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэхгүй орхиж буй дутагдал байна гэдгийг Ш.Наран онцоллоо. Мөн Захирагчийн ажлын албаны орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Л.Баатарцогт “Гол анхаарал хандуулах ажил явган хүний зам. Манай байгууллага нэг мэргэжилтэнд нэг байгууллага хуваарилж өгөх зарчмаар менежмент хийж, 582 байгууллага, аж ахуйн нэгжийг 582 төрийн албан хаагчид хариуцуулж өгсөн. Цас орлоо гэхэд дараа нь тухайн байгууллагыг хариуцсан мэргэжилтэн цас мөсөө цэвэрлэхийг сануулж ажиллах юм. Үр дүн нь гарч эхэлсэн” гэв.

Хязгаарлалтын бүсэд түлш хүрэлцэхгүй байна

Утаагүй Улаанбаатар төслийн хүрээнд хязгаарлалтын бүс тогтоосон. Энэ хурлаар нийслэлийн Агаарын чанарын албанаас утаа бууруулах чиглэлээр хийж байгаа ажлаа танилцууллаа.  Нийслэлийн 42 мянга 689 өрх Мянганы сорилтын сангийн Цэвэр агаар төсөлд хамрагдаж утаагүй түлш, зуух, гонх авчээ. Харин энэ мэдээллийг өгсний дараа бодит байдалтай энэ тоо нийцэхгүй байна гэж албаныхан  шүүмжиллээ. Яг газар дээр нь очиход нийлүүлэлт тасалдсанаас долоо хоног түлш авч чадаагүй хүмүүс ч байна.  Ам, ажил зөрсөн мэдээлэл хийхгүй байх ёстой гэж хотын удирдлагууд анхаарууллаа. Утаа бага гаргадаг түлшийг хязгаарлалтын бүсийн айл өрхүүдэд тараахаар өнгөрсөн зургадугаар сараас хойш нөөцөлж байгаа ч зарим нэг үйлдвэрлэгчийн буруугаас болж түлш хүрэлцэхгүй байгаа. Хязгаарлалтын бүсэд байгаа айл өрхүүд түлш хүрэлцэхгүйгээс түүхий нүүрс түлж байна. Уг нь түүхий нүүрс түлэхгүйгээр агаарын бохирдлыг бууруулна гэж байгаа ч түүхийн нүүрс түлсээр байгаа учраас үр дүнгээ өгнө гэдэг юу л бол.  Тиймээс шуурхай зөвлөгөөнөөр утаагүй түлш нийлүүлэх байгууллагуудад хариуцлага тооцож, яаралтай арга хэмжээ авахыг үүрэгдлээ.

784 өрх цахилгааны урамшууллын гэрээ байгуулжээ

Цахилгаан хангамж, дулаан, гэмтэл саатал хэр байгаа талаар “Улаанбаатар Дулааны шугам сүлжээ” ХК-ийн дэд захирал Г.Баярсайхан танилцууллаа. “Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамж хэвийн. Дулааны цахилгаан станцын горим яг нормоо барьж ажиллаж байна. Инженерийн шугам сүлжээнд ямар нэг гэмтэл гараагүй. Айл өрхүүдээс халаалттай холбоотой гомдол санал ирээгүй байна. Хүйтний эрч чангарч эхэлсэн тул он гартал дулааныг 5-10 градусаар өндөр барьж ажиллаж байгаа. Ачаалал ерөнхийдөө хэвийн. Гэр хорооллын хэрэглэгчдийн станцууд дээр ачаалал нэмэгдэж эхэлсэн.  Кабель тасрах зэрэг гэмтэл бага зэрэг гарч байна. Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой цахилгааны үнийн урамшууллын гэрээг 784 хэрэглэгчтэй байгуулаад байна” гэлээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж буй байгууллага, иргэдэд түүхийн нүүрс хэрэглэхгүй тохиолдолд шөнийн цагаар цахилгааны хөнгөлөлтийг 50 хувиар бууруулж тооцож байгаа билээ.

Мөн нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас  энэ онд  459 мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлжээ.  Өдөр тутмын сонин хэвлэлд нийслэлийн удирдлагуудтай холбоотой 2411 мэдээлэл хэвлэгдсний  98  нь шүүмжилсэн  мэдээ байсны 27 нь дүүргүүдийн удирдлагуудтай холбоотой байсан байна. Нийслэлийн хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Сайнбаяр  “Ер нь нийслэлийнхний хийж бүтээсэн ажил нь хийгээгүй болж харагддаг. Эсрэгээрээ хийгээгүй ажил нь хийсэн болж харагддаг тул хэвлэл мэдээллийн байгууллагуудад анхаарлаа хандуулж ажиллах шаардлага бий болоод байна” гэлээ. 

Ийнхүү зарим удирдах ажилтнуудаас цаг үеийн асуудлаар тодруулга авсныхаа дараа Хотын дарга Г. Мөнхбаяр ирэх өдрүүдэд анхаарлаа хандуулах ажлуудад үүрэг чиглэл өглөө.  Энэ арванхоёрдугаар сард НИТХ-аар төсөв хэлэлцэнэ. Нийслэл энэ жил  анх удаа улсад  мөнгө өгөхгүй болж байна.  УИХ-ын гишүүд хотод 48 тэрбум төгрөгийн боломж олгосон.  Энэ хөрөнгөөр өнгөрсөн жилүүдэд мөнгөгүй гэдэг шалтгаанаар орхигдож ирсэн урсгал зардлын ажлуудаа санхүүжүүлэх боломжтой. Иймд удирдах ажилтнууд өөр өөрсдийн салбарт хэрэгцээтэй асуудлаа тодорхойлохыг анхаарууллаа.  Ингээд дараахь үүрэг даалгаврыг өгсөн юм. Нийслэл хот ирэх оны төсвийн давсан орлогоо өөрсдөө зарцуулахтай холбогдуулж зуслангийн товчоог дүүргүүдэд байгуулах, гэр хорооллын хөрсний бохирдлыг багасгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль хамгаалах болон хүүхдийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, нийгмийн хэв журам хариуцсан цагдаагийн ажилтнуудын материаллаг баазыг бэхжүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудад урсгал зардлыг хуваарилах тооцоо, санал боловсруулж нийслэлийн Засаг даргын орлогч нарт танилцуулан төсөвт тусгуулахаар боллоо. Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар болон Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар нар Улаанбаатар хотод баригдах 100 мянган айлын орон сууцанд хөрөнгө оруулалт хийж байгаа болон ажлын явцын талаархи бодит мэдээллийг иргэдэд өгөх ёстой гэв. Мөн нийслэлийн Нийтийн тээврийн газартай гэрээ байгуулан ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн дэмжлэгийг бүрэн шийдвэрлэсэн учир ирэх онд ажлын байр бүхэнд хариуцлага сахилгыг сайжруулж үйлчлүүлэгчдэд аюул осолгүй, шуурхай, соёлтой үйлчлэхийг шаардах, үр дүнгийн гэрээгээ ажил хэрэг болгох учиртайг Нийтийн тээврийн газар болон холбогдох албаныханд анхааруулснаар ээлжит хурал өндөрллөө.

Ш.Оюунчимэг

Эх сурвалж: "Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж