Сорьцондоо хүрээгүй гэх зөрчил илэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Сорьцондоо хүрээгүй гэх зөрчил илэрчээ

-Энэ мөнгөн зүүлт хэдэн төгрөг вэ?
-150 мянган төгрөг
-Жинхэнэ мөнгө мөн үү?
-Мөн байлгүй яадаг юм бэ?
-Яг баталгаатайг нь яаж мэдэх вэ?
-Битгий солиор. Мөнгөгүй бол боль.

Нэг иймэрхүү яриа 3, 4 дүгээр хорооллын үнэт эдлэл зардаг дэлгүүрт өрнөж байв. Жинхэнэ эсэхийг нь мэдэх гэж худалдагчаас асуусан энэ залууд буруу байхгүй ч юм шищг. Олон үйлчлүүлэгч байхад дэргэд нь олон юм яриад байхаар уцаарлах худалдагчийн зөв ч юм шиг. Чухамдаа худалдагч, худалдан авагч хоёрын хооронд иймэрхүү маргаан хэд, хэчнээн удаа өрнөдгийг бид мэдэхгүй. Ямар ч байсан нэг нь зарсан болж, нөгөөх нь авсан болсоор өдөр хоног өрнөж байна. Харин ард нь хичнээн хүн хуурамч эдлэл аваад хохирч байгааг бас мэдэхгүй.  

130 гаруй үнэт,
эдлэлийн үйлдвэр бий

Монгол Улсын хэмжээнд алт, мөнгөөр гоёл чимэглэлийн үнэт эдлэл хийдэг 130 гаруй үйлдвэр байдаг аж. Эдгээр үйлдвэрүүдийн хийсэн үнэт эдлэл, гоёл чимэглэлийн зүүлт, ээмэг, бөгж гээд бүх эдлэлүүдийг Стандартчилал хэмжил зүйн газар /СХЗГ/-ын сорьцийн хяналтын хэлтэст баталгаажуулсны дараа худалдаалдаг дүрэмтэй. Албаныхны хэлж буйгаар бол дотоодын бүтээгдэхүүнүүдээс сорьцын доголдлын зөрчил бараг гардаггүй аж. Харин импортын алт, мөгөн эдлэл сорьцдоо хүрэхгүй байх тохиолдлууд гарах магадлалтай байдаг гэх. Ямар ч байсан дотооддоо хууль, дүрмийнхээ дагуу шалгалтыг хатуу, чанд хийдэг болохоор дотоодын компаниудаас зөрчил гарах нь бага байдаг ажээ.

“Мөнгөн завъяа” дэлгүүрийн гурван лангуунаас зөрчил илэрчээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, СХЗГ-ын Сорьцийн хяналтын хэлтэс хамтран бүтэн жилийн турш үнэт эдлэл худалдаалдаг газруудад хяналт, шалгалт хийжээ. Шалгалтын явцад “Мөнгөн завъяа” дэлгүүрийн гурван лангуунаас 40-өөд ширхэг үнэт эдлэл сорьцдоо хүрээгүй гэх зөрчил илэрчээ. “Бид гарсан зөрчлийн дагуу холбогдох арга хэмжээг авч, хариуцлага тооцсон. Гэхдээ ард иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. “Мөнгөн завъяа” дэлгүүр тэр чигтээ сорьцын баталгаагүй бүтээгдэхүүн зардаг гэсэн үг биш. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хэтэрхий нэг талын, сургаар сонссон зүйлсийг нийтэлж байсан. Одоогийн байдлаар хяналт шалгалт дууссан ч ерөнхий дүн гарах хараахан болоогүй байна. Энэ жилийн хувьд ямар ч гэсэн өнгөрсөн жилүүдээс бага зөрчил илэрсэн нь ажиглагдсан” гэж СХЗГ-ын Сорьцийн хяналтын хэлтэсийн улсын ахлах байцаагч Х.Мягмаржав ярьж байсан юм.

Сүүлийн жилүүдэд сорьцыг хуурамчаар үйлдэх нь эрс багасчээ. Хуурамчаар үйлдсэн ч хараад танихад амархан байдаг аж. Хуурамч сорьцыг хэвнээс цутгадаг учраас мөлгөр байдаг юм байна.

Монголд сорьцын шинжилгээг
ганц л газар хийдэг

Стандартчилал хэмжил зүйн газрын сорь­цийн хяналтын хэлтэс бол Монголд ганцхан байдаг сорьцын шинжилгээний газар. Хэдэн жилийн өмнөөс сорьцын шинжилгээний аппарат, хэрэгслүүд нь шаардлага хангахгүй байна гэж байсан энэ газарт өнгөрсөн жил 474 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж зур­гаан хэрэгсэл суурилуулжээ. Энэ газар үнэт чу­лууг хэдэн краттай байдгийг нь тодорхойлж сертификат олгодог аж. Тиймээс иргэд үнэт эдлэлээ тодорхойлуулмаар байвал эдний үүд хаалга онгорхой гэж ойлгож болох юм. “Хувь хүн, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд манайд үнэт эдлэлээ шалгуулах гээд ирж болно. Хаалга нээлттэй. Ер нь үнэт эдлэл гэдэг бол үе дамжин хэрэглэгддэг үнэтэй зүйл учраас сайн шалгуулж, сорьцдоо хүрч буй эсэхийг нь мэдэх хэрэгтэй” гэж СХЗГ-ын Сорьцын хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Х.Мягмаржав ярьж байлаа.

Үнэт эдлэл чинь “но”-той
байвал шалгуул

Хэрвээ таны авсан үнэт эдлэл чинь харлаж, ямар нэгэн өө сэв гараад эхэлвэл Сорьцын шин­жил­гээний газар шалгуулж болно. Сорьцын шин­жилгээний газрынхан шалгаад ямарваа нэгэн зөрчил илэрвэл холбогдох газарт хариуцлага тооцох тогтолцоо үйлчилж байгааг санах хэрэгтэй. “Хувь хүн ч манайд үнэт эдлэлээ бариад ирж бол­но. Шалгуулаад, үнэн зөв мэдээллийг өгөх юм бол хариуцлага тооцохгүй өнгөрнө гэж байхгүй” гэж СХЗГ-ын Сорьцийн хяналтын хэлтэсийн улсын ахлах байцаагч Х.Мягмаржав ярьж байсан юм.

Дээр өгүүлсэн учир нь ойлгогдохгүй маргааныг шийдвэрлэх ганц боломж иргэн таны гарт байна. Худалдаж авсан үнэт эдлэл чинь үнэхээр өнгөө алдаад, зэс нь цухуйгаад эхэлбэл танд очих газар бий. Энэ бол СХЗГ-ын Сорьцын хяналтын хэлтэс. Сорьцын хяналтаар зөрчилтэй нь тогтоогдвол таны маргаан ямар нэгэн хэмжээгээр шийдэгдэж байна гэж ойлгож болно. Үнэт эдлэлийг жирийн иргэд гаднаас нь хараад мэдэх ямар ч боломжгүй учраас сорьцыг нь шалгаж авах нь чухал ажээ.

Эцэст нь сануулж хэлэхэд уншигч та мөнгөн аяга худалдаж авч байгаа бол ёроолыг нь харж, сорьцын баталгааны тэмдэгтэй эсэхийг нь шалга. Импортын бүтээгдэхүүн бол Монгол Улсын сорьцын баталгааны тэмдэг байгаа эсэхийг нь шалга. Хэрвээ алтан эдлэл авах гэж байгаа бол эдлэл болгоны дээр тусгай цаасан дээр граммын хэмжээ, он, сарыг нь бичсэн байдаг ажээ.

Энэ бүхнийг мэдэж авбал танд худалдагчтай хэрэлдэх шаардлага гарахгүй л болов уу.

Б.Болорсүх

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж