Нэг сая +1,5 сая=1,5 гэнэ үү?

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Нэг сая +1,5 сая=1,5 гэнэ үү?

Сонгууль айсуй. Үүнээс урьтаж намууд амлалтаа биелүүлэх арга саам хайсаар. Эцэстээ эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гарц бодож олсон нь “нэг сая төгрөг авах уу хувьцаагаа авах уу” болж хувирав. Зүй нь МАН иргэн бүрт 1,5 сая төгрөг бэлнээр, АН нэг сая төгрөгийн хувьцаа олгохоор амалсан. Энэ нь нэг сая+1,5 сая=2.5 сая болж байгаа юм. Бидний багад заалгасан дөрвөн аргын тоогоор нэмэхэд шүү дээ. Гэтэл гишүүд толгой өндийх завгүй тоо бодсоны эцэст нэг сая +1,5 сая = 1,5 сая гэдэг  булхайтай хариу гаргалаа.

Амлалт ёсоор бол “МАНАН”-гийн Засгийн газар сонгогчдод нийтдээ 2,5 саяын “өртэй” гэсэн үг. Ерөнхий сайд С.Батболд өмнө нь 1,5 сая төгрөг бол сонгуулийн амлалт, Тавантолгойн хувьцаа бол байгалийн баялгийг тэгш хуваарилж байгаа явдал хэмээн мэдэгдэж байсан. Ардчилсан намынхан Тавантолгойн хувьцааг өөрсдийн амласан эрдэнийн хувь гэж тайлбарлаж байлаа. Эрх баригчдын төсөвт суулгаснаар 1,5 саяынхаа 500 мянгыг нь ирэх оны эхний хагас жилд багтаан олгож дуусах гэнэ. Тийм ч ойлголтыг анхнаасаа өгч байсан. Гэтэл үлдсэн бэлнээр олгох сая төгрөг, нэг сая төгрөгийн үнэ бүхий хувьцаа хоёрыг нийлүүлээд нэг болгочихож. Өөрөөр хэлбэл, та нэг сая төгрөгийн хувьцаанаас гадна нэг сая төгрөгийг бэлнээр авна гэж саналтгүй. Аль нэгийг нь л авах сонголт хийнэ гэсэн үг. 2012 оны төсвийг батлахдаа ингээд тусгачихаж, цаадуул чинь.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар “Нэг сая төгрөгөө сургалтын төлбөр хэлбэрээр авчихсан оюутнууд Тавантолгойн хувьцаагүй хоцрох уу” гэсэн асуултад “Нэг хүнд 1.5 сая төгрөг очихоор бүх ажлыг хийсэн. Түүнээс биш 1.5 сая төгрөгөө аваад, дээр нь хувьцаа авна гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, нэг хүнд очих нь оюутны сургалтын төлбөр ч бай, хувьцаа ч бай багцлагдаад 1.5 сая дотроо бүх юм багтаж байхаар УИХ тогтоол гаргасан” гэсэн хариултыг өгч байна. Түүний яриаг баталж Сангийн сайд С.Баярцогт “Ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс нийт дүнгээр нэг сая төгрөгтэй тэнцэх хувьцааг Монгол Улсын иргэн бүрт олгоно” гэж хэллээ. Бас болоогүй.

Аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэхээр төлөвлөж байгаад иргэдэд эзэмшүүлэхээр болсон Тавантолгойн 10 хувийг ч мөнөөх нэг сая гээчдээ багтаачихаж. Иргэдэд ойролцоогоор 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөгт дүйцүүлэн хүргэнэ гэсэн үг. Хэрэв хувьцаа авахгүй гэвэл түүнээс нь татгалзаад бэлэн мөнгөө авч болох нь.
Тиймээс хамгийн түрүүнд оюутнуудад хэлэхэд, та нар Тавантолгойгоос хувьцаа эзэмших хувь чинь дутлаа. Сургалтын чинь төлбөрт төлсөн нэрийдлээр хувьцаа олгохгүй гэж ойлгоорой. Ингээд иргэн бүрт олгоно гэж байсан хувьцаанаас 170 мянган нь /одоо сурч буй оюутны тоо/ хасагдаж байна.

Дараагийн цомхотголыг ахмадууд, болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс эхэлнэ. Ерөнхий сайд С.Батболдын мэдэгдсэнээр,

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй нийт 334.2 мянган иргэдэд нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр нийт 334.2 тэрбум төгрөг олгохоор төсөвлөсөн гэв. Ингээд ирэх оны хоёрдугаар сар гэхэд 334,2 мянган хүн иргэн бүрт эзэмшүүлэх хувьцаанаас нь татгалзана гэсэн үг.

Дахиад 100 мянган иргэнийг бас л иймэрхүү байдлаар хэзээ хэрэгжих нь мэдэгдэхгүй орон сууц хөтөлбөрөөрөө дамжуулаад хулхидана. Энэ мэтээр явсаар 2,2 сая иргэн хувьцаа эзэмших эрхтэйгээ үлдэх аж. Тэдэнд харин Засгийн газар дахиад болзлоо тавина. Нэг сая төгрөгийг бэлнээр авах, эсвэл түүнтэй дүйцэхүйц үнэлгээтэй хувьцаа эзэмш гэж.

Ингэнэ гэдгийг Ерөнхий сайд, Сангийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гэсэн гурван эх сурвалж баталж байна.

Гэхдээ тэд иргэдэд шуудхан үүнийгээ тайлбарлахаас татгалзаж буй. Тиймээс аятайхан толгойг нь эргүүлж, бэлнээр нэг сая төгрөгөө авч болно, эсвэл хувьцаагаар авч болно гэсэн шүү юм яриад байна. Үнэндээ энэ бол хоёр тусдаа биш нэг л зүйл болсон гэдгийг тэгэс гээд л тойруулаад байгаа хэрэг. Ингэж л хэлсэн үг, амласан амлалтаасаа сэмхэн бултаж, түүнийгээ биелүүлсэн мэтээр луйвардах гэж байна.

Тэд “536 ширхэг хувь­цаа өөрийнх нь нэр дээр бүртгэгдсэн байгаа” гээд буй. Хэлээд байгаа сайт руу нь ороод регистрийнхээ дугаарыг хийгээд үзвэл үнэхээр “Иргэн Та Монгол Улсын Засгийн газраас олгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн 536 ширхэг хувьцаа эзэмшиж байна” гэж гарч ирнэ. Гэхдээ энэ бол бас л нэг молиго. Эгдүүцмээр нь, ийм хувьцаа гаргаагүй гэдгийг С.Баярцогт өөрөө мэдэгдчихээд байгаа юм. Тиймээс миний хувьцаа орчихсон юм чинь нэг сая төгрөгөө бэлнээр нь авчихаж болох юм гэж эндүүрэв. Хэрэвзээ тэгвэл таны мөнөөх хувьцаа үгүй болно.

Нөгөөтэйгүүр бас нэгэн асуудал босч ирнэ. Тавантолгойн нийт хувьцааны 20 хувийг ямар хэмжээний мөнгөөр тооцож байна вэ гэсэн асуулт. Өмнө нь Тавантолгойн 10 хувийг аж ахуйн нэгжид, 10 хувийг иргэдэд эзэмшүүлэхээр төлөвлөж байсан. Харин УИХ-ын зарим гишүүд эсэргүүцсэнээр аж ахуйн нэгжид олгохоо больж, Тавантолгойн 20 хувийг иргэдэд эзэмшүүлэх санал гараад байгаа. Энэ утгаараа Монголын 2,8 сая иргэн нийлээд Тавантолгойн 20 хувийг эзэмшинэ. Тэгвэл нэг иргэнд ногдох хувийг нэг сая төгрөгтэй дүйцүүлж байна. Энэхүү нэг сая төгрөгийг 2,8 саяар үржүүлчихвэл Тавантолгойн 20 хувийн үнэлгээ гараад ирнэ гэсэн үг. Бодоод үзээрэй. Хамгийн сонирхолтой нь хувьцааных нь 536 ширхэг ч нэг сая, 1072 нь ч нэг л сая төгрөгөөр үнэлэгдчихээд байгаа явдал. Иймэрхүү л байдлаар дөрвөн оронтой тооноос цааш сэтгэхгүй гэж эрх баригчид иргэдээ үзэж байна. Өгөх ч юм шиг, өгчихсөн ч юм шиг янз бүрээр ярьж толгойг нь эргүүлж байгаад 2012 оны сонгуулийг өнгөрөөчихнө хэмээн тооцоолсон бололтой.

Эрх баригчид өмнө нь ч иймэрхүү байдлаар амлалтаа засч, луйвардаж байсныг залуу гэр бүлүүд мартаагүй. 2004 оны сонгуульд нэр дэвшихдээ залуу гэр бүлд 500 мянган төгрөг олгоно гэж сонгуульд ялсан. Харин амлалтаа биелүүлэх болсон чинь шинээр гэр бүл бологсдод болон хувирч, шинээр гэр бүл бологсод нь зөвхөн 2005 оноос хойш гэрлэсэн болон хувирсан түүх бий. Хөгтэй явдал ч их болсон. Нийгмийн халамжийн газрынхан 2005 онд албан ёсоор гэрлэсэн залуусын хүүхэдтэйг нь хуучин гэр бүлд олгохгүй хэмээн хөөж. Хүүхэд төрүүлээгүйг нь анх хэзээ нэг оронд орсон, ороход нь охин биетэйгээ байсан уу гэх нь холгүй асуултаар олон ч гэр бүлийг 500 мянгаас бүдрүүлсэн дээ. УИХ-ын нөхдүүд л тиймэрхүү хууль баталчихсан юм шүү дээ. Тэгэж ялгаварлахгүй гэж тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхболд хэлээд өөрөө хэцүүдэж байсан. Ичсэн хүн хүн ална гэгчээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдыг донгодосноор асуудлыг намжаасан. Тухайн үеийн эрх баригчдыг 500 мянган төгрөг авахаар сонгосон мянга мянган залуус тэр үед тэгж хулхидуулсан юмдаг.

2,7 саяулаа “МАН-АН”-д ийнхүү “мад” тавиулчихлаа гэж үү?

Л.Нарантөгс

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж