“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаар гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаар гарчээ

Эмхтгэлийн шинэ дугаарт Зээлийн мэдээллийн тухай хуулийг нийтэллээ. Зээлийн мэдээлэл гэж зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээлэл юм.Зээлийн мэдээллийн талаарх сан бүрдүүлэх, зээлийн мэдээллийг боловсруулах, хадгалах, хамгаалах, ашиглах, хэрэглэгчид зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавихтай холбогдсон харилцааг энэхүү хуулиар зохицуулах юм.

Зээлийн мэдээллийн санг Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд эзэмших ажээ.

Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд баримтлах зарчим, зээлийн мэдээллийн эх сурвалж, мэдээллийн сан бүрдүүлэхтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг зөвхөн “Төрийн мэдээлэл”-ээс авах боломжтой.

Зээлийн мэдээллийн санг хэрхэн ашиглах, үйлчилгээний хөлс, зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх, мэдээллийг хадгалах, хамгаалах хугацаа гэх мэт бүхий л  мэдээлэл уншигчдад очих болно. Энэхүү хуулийг дагалдан гарсанХоршооны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг таван хуулийг мөн нийтэллээ.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг нийтлэв.

Уг хуулиар 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр шинэчлэн тогтоож байгаа юм.
Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ.

Монгол Улсын төсвийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолтой эмхтгэлээс танилцах боломжтой.

Энэхүү тогтоолоор сонгогчдын бүртгэл, хяналтыг хэрэгжүүлэх, санал авах, санал тоолох, сонгуулийн дүнг дамжуулах ажиллагааг автоматжуулах цахим техник, технологийн шийдлийг боловсруулж, шаардлагатай зөвлөх үйлчилгээ, программ хангамж, техник, тоног төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчийг шууд гэрээ байгуулах аргаар сонгон шалгаруулахыг Сонгуулийн ерөнхий хороо /Н.Лувсанжав/-д зөвшөөрсөн байна. Түүнчлэн сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулахтай холбогдон техник, тоног төхөөрөмжийг хүлээн авч хадгалах, сонгуульд бэлтгэн баталгаажуулахад шаардлагатай агуулах, байраар хангах, техник, тоног төхөөрөмжийг ажиллуулах холбоо, мэдээллийн технологийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, автоматжуулах техник хэрэгслийн хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай цахилгаан эрчим хүч, холбоо, мэдээллийн сүлжээний нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ.

Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай Засгийн газрын 174 дүгээр тогтоолын хавсралтын үргэлжлэлийг мөн нийтэллээ.

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци
2011.12.05

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж