АТГ-т халаа сэлгээ үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

АТГ-т халаа сэлгээ үргэлжилсээр

АТГ-ын шинэ удирдлагууд дотооддоо халаа сэлгээ хийсээр байна. Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу Авлигатай тэмцэх газрын даргад цагдаагийн хурандаа Н.Ганболд, дэд даргад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурц нарыг нэр дэвшүүлснийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцээд, гишүүд дэмжсэнээр баталсан юм.  Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшсэн Н.Ганболдыг 94.8 хувийн саналаар, дэд даргад нэр дэвшсэн Б.Хурцыг гишүүдийн 93.1 хувийн саналаар дэмжиж, тэднийг албан тушаалд нь тохоон томилсон. Тэд томилогдоод хагас сар болоогүй байгаа ч  АТГ-ын Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадасын оронд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан Н.Эрдэнээг томилох тушаал гаргасан бол удалгүй Тамгын хэлтсийн дарга Г.Бадарчийг халж, түүний  оронд мөн л Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргын орлогчоор ажиллаж байсан Ц.Өнөрбаярыг томилсон. Тухайн үед Г.Бадарчаас  дээрх томилгооны талаар асуухад  “АТГ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү томилгоог хийсэн. Миний хувьд АТГ-аас бүрмөсөн гарч байна. Одоогоор аль нэг байгууллага, ямар нэг албан тушаалд очоогүй” гэх хариулт өгч байв. Тэрбээр АТГ-ын Тамгын хэлтсийн даргын албан тушаалд очихын өмнө Монгол дахь Интерполын хэлтсийн даргаар ажиллаж  байжээ. Албан бус эх сурвалжийн мэдээллээр тус байгууллагын  удирдлагууд Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах  тасаг болоод, бичиг хэрэг, гомдол мэдээлэл хүлээн авах тасгийн мэргэжилтнүүд болох 7-8 хүнийг халсан байна. Алба хаагчдаа ийнхүү халж байгаа нь АТГ-ыг шинэ бүтэц, бүрэлдэхүүнээр ажиллуулах болсонтой холбоотой аж.

Тус газрын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц нарын  халаа сэлгээ үүгээр дуусахгүй бололтой. Нэр бүхий мөрдөн байцаагчдыг ажлаас нь халахаар төлөвлөж байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийнхэнд тус газраас мэдээлэл хийнэ гэх сураг байсан ч байгууллага доторх томилгоо дуусаагүй учир хойшлуулсан бололтой. Ямартай ч АТГ-ын шинэ удирдлагууд 10 гаруй хүнийг ямар ч сонгон шалгаруулалтгүй ажилд авсан гэх мэдээлэл ч байна.

О.Сэргэлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж