
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн чуулган” өнөөдөр боллоо. Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-нд тохиодог. Энэ хүрээнд Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам болон бусад төрийн бус байгууллагууд хамтран дээрх чуулганыг зохион байгуулсан юм. Чуулганаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг хөндөж, МХЕГ болон хараагүйчүүдийн холбоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрчний эвлэл болон бусад холбогдох албаны хүмүүс илтгэл тавьж, хэлэлцсэн юм.
Мөн энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мөн тэдний хийсэн бүтээлээр үзэсгэлэн худалдаа зэргийг зохион байгуулсан. Яармагт төрийн болон төрийн бус байгууллагууд, ажил олгогч байгууллагууд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудал болон цаашид авах арга хэмжээний талаар илтгэлүүд тавьсан юм.
Манай улсад 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгаас 65 хувь нь хөдөлмөр эрхлэх боломжтой юм байна. Харин үүнээс 2946 нь хөдөлмөр эрхэлдэг аж.
Ш.Чимэг