”Central tower”-ын өмнө Марко Полог залав

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

”Central tower”-ын өмнө Марко Полог залав

Нийслэлийн төв цэгт Гадаад харилцааны яамны ард “Сентрал таур”-ын яг өмнө олонд төдий л танил биш нэгэн эрхмийн хөшөө сүндэрлэн бослоо. XIII-XIV зууны заагт дорно дахинаар аялсан тэмдэглэлээрээ “Орчлонгийн элдэв сонин хачин” ном бичиж, дайнч, нүүдэлчин монголчуудын тухай дэлхий дахин өөр нүдээр харах үндсийг тавьсан их эрдэмтэн Марко Полод үзүүлж буй өнөөгийн монголчуудын хүндлэл болгон уг хөшөөг бүтээсэн бөгөөд нээлтийг нь өнгөрсөн баасан гаригт хийлээ.

Нээлтийн ёслолд уг хөшөөг барихаар санаачилсан, санаачлагыг нь дэмжсэн, хөрөнгө гарган тусалсан гээд олон хүн ирсэн юм. Энэхүү хөшөөг санаачлан, барьсан гол эзэн нь билгүүн номч, их гүүш Бямбын Ринчений ач хүү уран барималч Барсболдын Дэнзэн аж. Тэрбээр урласан хөшөөнийхөө онцлогийг тайлбарлахдаа Марко Поло католик шашинтайг нь бодож залаа бүхий малгай өмсүүлсэн. Монголын үе үеийн эзэн хаадын шүтээн болсон цагаан шонхор шувууг баруун мөрөн дээр нь суулгасан нь өрнө, дорныг хамтад нь илэрхийлэх агуулгатай. Хуягийг нь европ маягаар, хувцасных нь хормой хэсгийг монгол хэв загвараар урласан хэмээн ярьж байсан юм. Түүнчлэн хүрэл хөшөөг ногооноор будсан шалтгаанаа Газар дундын тэнгисийнх нь чийглэг агаарыг мэдрүүлэхийг зорьсон гэж тайлбарласан. Тэрбээр энэ хөшөөг барих санаагаа арван жилийн өмнөөс олж, зургаан жил хөөцөлдсөний ачаар энэ онд ийн ажил хэрэг болгосноо нээлтийн үеэр танилцуулж байв.

Мөн энэ нээлтэд ирсэн УИХ-ын гишүүн С.Баяр “Марко Поло гадаад ертөнцтэй Монголыг, гадаад ертөнцийг Монголтой холбосон одоогийнхоор бол Элчин сайд байсан. Цэл залуудаа манайд хөл тавиад, Хубилай хааны дэргэд 17 жил алба хааж, түүний элч төлөөлөгчөөр Юань гүрний олон муж улсад зарагдаж явсан хүн. Тийм ч учраас өөрийгөө “Их эзэнт гүрний өргөмөл хүү” гэдэг байсан болов уу. Бараг бүх насаа өрнө, дорныг холбоход зориулсан учраас Марко Полог европчууд даяаршлын анхны үндсийг тавьсан гэж үздэг. Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож буй энэ цаг үед түүний хөшөөг энд байрлуулсан нь цаанаа утга учиртай” хэмээн ярилаа.

Уран барималч Б.Дэн­зэнгийн урласан эл хөшөөг бүтээх хөрөнгийн тэн хагасыг нийслэлийн төсвөөс гаргаж, үлдсэнийг нь хувь хүмүүсийн хандиваар бий болгожээ.

Б.ГАНБАЯР

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж