
Өнгөрсөн наймдугаар сард цочир хүйтэрч, Баруунтуруун сумын 182 га талбай мөндөрт цохигдоогүй бол бүр ч арвин ургац авах байжээ. Гэхдээ аймгийнхаа гурилын хэрэгцээний 70 хувийг хангах хэмжээний ургац авсан нь чамгүй амжилт юм.
Аймгийн хэмжээнд овъёос 319 га-д тариалж 454.4 тн, арвай 101 га-д тариалж 146.5 тн, малын тэжээл 519 га-д тариалж 1038 тн-ыг тус тус хураажээ. Мөн 244.2 га-аас 3904 тн төмс, 184.1 га-гаас 3129.7 тн хүнсний ногоо, 230 га-гаас 230 тн жимс, жимсгэнэ хураан авсан байна.
Урд жилүүдэд тосны ургамал огт тариалдаггүй байсан бол энэ жил 20 га газар тариалж 18 тн ургац авчээ. Үүнээс гадна 6614 га-д уринш хийснээс 6104 га-г нь химийн аргаар бэлтгэсэн нь сүүлийн жилүүдэд хийгдээгүй ажил юм.
Баруунтуруун сумаас 83, Тариалангаас ес, Сагил, Улаангом сумаас тус бүр хоёр, нийт 96 аж ахуйн нэгж, иргэн үр тариа тариалж, 5513.5 тн ургацыг “Увс хүнс”, “Гурил Увс”, “Арвин хотгор”, “Хан хөхий зам”, “Хөгжил Увс” зэрэг компанийн гурилын үйлдвэрүүдэд тушаасан байна. Түүнчлэн, Тариалан эрхлэгчдийг дэмжих санд зургаан аж ахуйн нэгж, иргэн 76.8 тн буудай тушааж тн тутмаас 50 мянган төгрөгийн урамшуулал авахаар болжээ.