
Олон улсын хөтөлбөрөөр үнэ төлбөргүй хичээллэх хос хэлний сургууль аймаг бүрт нэг, Улаанбаатарт ес, нийт 30 ийм сургууль байгуулах төлөвлөгөө гарчээ. Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээллэж эхэлсэн анхны гурван сургуулийн 320 сурагч үе тэнгийнхээ гурван мянган хүүхдээс шалгарч тэнцсэн юм. Тэд Харвард, Стэйнфорд, Кэмбрижийн ирээдүйн Монгол оюутнууд. Хос хэлний сургуулийн хүүхдүүд хоёр гэрчилгээтэй төгсөнө. Олон улсын болон Монголын ерөнхий боловсролын гэрчилгээ зэрэг гардана. Гадаадад суралцах хүсэлтэй бол олон улсын гэрчилгээ нь хэрэг болно. Эх орныхоо их дээд сургуульд элсье гэвэл Монголын гэрчилгээтэй. Хөтөлгөө морьтой хүмүүс болно. Кэмбриж нь уян хатан хөтөлбөр. Үндэсний онцлог, хэв шинжээ хадгална. Нэг үгээр хэлбэл англи, монгол хэлээр хичээллэнэ. Монгол бичиг, монгол хэл, Монголын уран зохиол, Монголын түүх зэрэг хичээл мэдээж монголоор орно. Өнөөдрийн байдлаар олон улсын шалгалт өгөх эрх авсан 11 хичээлээс англи хэлээр, Кэмбрижийн хөтөлбөрийн дагуу үзнэ. Хичээлээ сонгож үздэг нь Кэмбрижийн хөтөлбөрийн гол онцлог. Ирээдүйд эзэмших мэргэжил, авъяас сонирхол, хэрэгцээ шаардлагын дагуу эцэг эхтэйгээ ярьж зөвшилцөөд сонгодог юм байна. Инженер, эдийн засагч болох хүүхдэд математик түлхүү орно. Эмч болохыг зоривол хими, байгалийн ухаанаар илүү гүнзгийрнэ. Хүүхэд бүр нэг хэвэнд цутгасан үйлдвэрийн бараа биш. Найман сая эс дундаас хүн болж төрсөн хувь заяаны эзэн, дахин давтагдашгүй бодьгал. Өөр өөрийн онцлог, авъяас, ирээдүй, эзэмших мэргэжил, сонирхолтой. Түүндээ таарч зохицсон хичээл сонгож үзвэл дур сонирхол нь нэмэгдэнэ, амьдралд хэрэглэх чадвар сууна. Монголынхоос хөтөлбөрийн агуулга нь нэг их ялгаагүй, үндсэндээ адилхан гэж БСШУ-ны мэргэжилтнүүд хэлж байна. Гагцхүү бүх зүйлийг нэг л том хайрцаг, хэмжээс, өнгө будганд оруулж чихдэггүйгээрээ сүрхий ялгаатай. Тооны хичээл өнөөдөр бүх хүүхдэд яг адилхан цаг, өгөгдлөөр орж байгааг өөрчилнө гэсэн үг. Багш бүгдэд нь адилхан математик заагаад л байдаг, үр дүн нь өөр өөр. Математикийн хичээл зайлшгүй хэрэгтэй. Тэгэхдээ хүүхэд бүрт адилхан биш авъяас сонирхол, хэрэгцээ шаардлага, ирээдүйд эзэмших мэргэжлийг нь харгалзаж үзээд ялгаатай орно гэсэн үг. Бүгдийг тэгшитгэж адилтгахын бас нэг сул тал нь авъяастай хүүхдийг ч боож хойш татна, сулыг нь бүр гээнэ. Жишээ нь тоонд онцгой сайн, ердийн, дунд зэргийн, нэлээн муу хүүхдийн дунд шалгалтын нэг л материал, адилхан бодлогууд ирнэ. Харилцан адилгүй хүүхдүүдийг нэг адил зүйлээр хэмждэг. Маш сайн хүүхдэд өөрийнх нь түвшингээс доогуур шалгуур өгөхөөр өөрөө өөртөө ханах, улам илүү их өөрийгөө нээх боломжийг алдана.
Эсвэл нөгөө хэсгийнх нь урам, өөртөө итгэх итгэлийг нь хугалж орхидог. Хүүхэд бүрт байгаа давуу тал, боломжийг хөгжүүлж, ялгаа, онцлогтой нь тулж ажилладгаараа ялгаатай юм байна. Бас нэг том онцлог нь Кэмбрижийн стандартын үнэлгээ хүүхдийг дугаарлахгүй. Сурагчийг сурагчтай харьцуулдаггүй. Сурагч тус бүрийг хичээлийнх нь хөтөлбөртэй харьцуулж, юу чадах ёстойгоос юуг нь чадахгүй байгааг тодорхойлно. Хаана хүрэх хэрэгтэй тэнд нь хүргэнэ. Хүүхэд бүрийн ахиц дэвшилд тулгуурлаж суралцуулдаг систем юм. Олон улсын хөтөлбөрөөр хичээллэж байгаа сурагчид өөрсдөө ахиц дэвшил, ялгаа онцлог, давуу тал, нээгдэж буй боломжийн талаар бичиж байна:
10б Б.Сайнбаяр: Надад хамгийн их таалагдаж буй зүйл нь номын сан. Уран зохиол, танин мэдэхүйн шинэ ном үргэлж ирнэ, бас их тохилог. Удахгүй манай сургууль шинэ байрандаа нүүж орно. Би энэ сургуульд ороод өөртөө илүү их итгэдэг болсон. Гол хичээлүүдээ англи хэлээр үзэж, монгол сургуульд тэр бүр заадаггүй хичээл түлхүү орж байна.
10б Хонгорзул: Манай сургууль төрийн өмчит, Кэмбрижийн хөтөлбөрөөр үнэ төлбөргүй хичээллэдгээрээ ялгаатай. Анги бүрт компьютер, проектор, байгалийн ухааны хичээлийн тоног төхөөрөмж, оёдлын машин ч бий. Цөөн хүүхэдтэй тул багш нар хүүхэдтэйгээ тулж ажиллах хүрэлцээ нь илүү. Багш нар маань шалгалт өгч тэнцэн, шалгарсан мундаг хүмүүс. Мэдэхгүй, чадахгүй юм цөөнгүй гардаг л даа. Хичээл зүтгэлээр л давна. Хичээлээ сонгож үздэг, англи, монгол хэлээр явагддаг болохоор ачаалал их ч гэсэн сонирхолтой. Бид сайн суралцаж чадвал зөвхөн бидний амжилт биш. Улс орны амжилт болно.
10б Б.Биндэръяа: Ердийн системд багшийн хий гэснийг нь сурагч биелүүлдэг, бие даадаггүй. Энд багш чиглүүлэгч, мэдээлэл өгөгч. Сурагч өөрсдөө асуудлын хариуг хайж, багаар ажиллаж, өөрсөддөө илүү тогтоцтой, үлдэцтэй мэдлэг олж авдаг. Мэдээж илүү сонирхолтой.
10б Ж.Баасандорж: Нүд ирмэхийн зуур нэг жил өнгөрч, бид улам сайн хичээж байна. Бид хичээх ёстой. Учир нь миний, бидний хувьд маш том боломж, маш том аз завшаан. Хэрэв бид тэнцэх юм бол олон сайн боловсон хүчин болж, эх орноо хөгжүүлнэ. Шалгалтаа заавал амжиллтай өгнө өө.
10б Б.Буяндэлгэр: Иж бүрэн тоноглол, Кэмбрижийн сурах бичгээр хангагдсан. Багш нар маань заах арга сайтай, хүүхдийг ойлгодог хүмүүс байгаа. Төгсөөд гадаадын алдартай их сургуульд орно, Монголдоо хэрэгтэй хүн болно.
10б А.Золзаяа: Боловсролын шинэчлэл хийгдэж эхэлсэн нь маш том хөрөнгө оруулалт. “Шинэ Эрин”-ийн анхны 40 сурагчийн нэг болсноороо би их азтай. Олон улсын хөтөлбөрөөр хичээллэснээр дэлхийд хөл тавих боломж бидний өмнө нээгдэж байна. Төр засаг бүх зүйлээр хангаж дэмжиж байгаад хүүхдүүд бид маш их баярлаж байгаа. Бид хичээлдээ сайн суралцаж баярласнаа хариулна.
10б О.Анармаа: Монголынхоо болон олон улсын ерөнхий боловсролын хоёр гэрчилгээтэй төгсөнө. Олон улсад зөвшөөрөгдсөн IGCSE шалгалтыг өгөх боломжтой болно. Энэ шалгалтад тэнцвэл гадаадад суралцана. Шалгалтаа давахад англи хэлийг маш өндөр түвшинд эзэмшсэн байх шаардлагатай. Бид одооноос бэлтгэж, англи хэлээр сонгосон хичээлүүдээ үзэж байгаа. Бүгдээрээ шалгалтаа сайн өгч, Монголдоо хэрэгтэй, мундаг хүмүүс болцгооё гэж хичээж байгаа шүү.