Төмөр мэт хүчирхэг хүмүүс

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Төмөр мэт хүчирхэг хүмүүс

-Та ямар улиралд дуртай вэ?

-Намарт.

-Яагаад?

-Өвөл болохоос өмнө хамаг ажлаа амжуулж авах гээд маш завгүй байдаг учраас тэр. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өвөл гарч ороход хэцүү байдаг юм. Тэгэхээр бараг ичээндээ орчихдог гэсэн үг. Ичээндээ орохоос өмнө хийх ёстой ажлаа амжуулах хэрэгтэй шүү дээ хэмээн тэрбээр миний асуултанд инээмсэглэн хариулсан юм. Түүнийг П.Төмөрбаатар гэдэг. Тэргэнцэртэй  иргэдийг дэмжих “Төмөр” сангийн тэргүүн.

Тэрбээр одоогоос 20 гаруй жилийн өмнө автомашины осолд орж хоёр хөлөө тайруулжээ. Ленинградад эдийн засгийн чиглэлээр суралцаж байсан оюутан залуу амралтаараа эх орондоо ирчихээд буцаж явах боломжгүй болсон нь тэр юм. Түүний дараа амьдралынх нь хүнд өдрүүд эхлэв. Эрүүл саруул байсан хүн нэг л өглөө тэргэнцэр дээрээс босч чадахаа больж, бусдын гарыг харна гэдэг хэцүү. Тийм учраас тахир дутуу болсны дараах хэсэг хугацааг даван туулах тун хүнд байсан бололтой. Гэхдээ энэ байдал нарны гэрэлд өдөр ирэх бүр соёолон цэцэглэж, нэг навч нэмээд ургачихсан байдаг савтай цэцгийг анзаарч харах хүртэл үргэлжилжээ. “Ургамал хүнд амьдралын сайхныг мэдрүүлдэг. Тийм учраас манай санд шинээр бүртгүүлж байгаа гишүүддээ бид өөрсдийнхөө хийсэн саванд тарьсан амьд цэцэг бэлэглэдэг юм шүү дээ” хэмээн П.Төмөрбаатар гуай ярив.

Анх тэргэнцэртэй гадагшаа гарах үед хүмүүс гайхаж харна, хүүхдүүд чулуу шиднэ, нохой хүртэл урчих гээд хэцүүхэн л байж. Гэхдээ П.Төмөрбаатар гуай үүнийг тоосонгүй. Санхүү, эдийн засгийн дээд сургуульд орж, эдийн засагчийн мэргэжлээрээ суралцан төгсөв. Дараа нь сангийн аж ахуйд нягтлан, Монголбанкинд эдийн засагчаар ажиллаж байгаад халагджээ. Шалтгаан нь тун энгийн. Хөгжлийн бэрхшээлтэй байсан учраас хамгийн түрүүнд халаа сэлгээнд өртсөн байна. Гэхдээ өнөөдөр байдал арай өөрчлөгдсөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулж байгаа албан байгууллагад татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр төрөөс дэмждэг болсон. Үүний ачаар тэдний зарим нь албан газрын камер шалгагч хийж, “Мобиком”-ын оператороор ажиллаж байгаа нь ч бий. Гэвч ариун цэврийн өрөө ороход хаалгаар нь тэргэнцэр багтахгүй байх гэх мэтээс эхлээд бэрхшээл гарч, тухайн ажилдаа удаан байж чадахгүй байх тохиолдол гарсаар байна.

Тэргэнцэр дээр суудаг болсны дараа гэртээ өнждөг болсон нь Төмөрбаатар гуайд уйтгартай санагдах болж. Юу хийх вэ. Ямар ч айлд даавуу, бүсний өөдсөөс эхлээд хэрэггүй зүйл олон байдаг. Тэр бүхнийг нь ашиглаж, түлхүүрний ширэн оосор хийсэн нь түүний анхны бүтээл байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст группын мөнгө олгодог. Гэхдээ ганцхан үүгээр орлого хийж амьдрах хэцүү. Энэ л шалтгаанаар Төмөрбаатар гуай тэргэнцэр дээр суудаг хэдэн найзынхаа хамт “Төмөр” санг 2001 онд  байгуулсан  юм. Энэ үеэс П.Төмөр­баатар гэгч хувь хүн  “Төмөр” сангаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийн төлөөлөл нь болжээ. Сан байгуулчихлаа, одоо юу хийх вэ. Юу ч гэсэн эхлээд ийм хүмүүс хэр олон байдгийг мэдэж авъя гээд “Төмөр сан”-гийнхан телевиз, радиогоор зар тараажээ. Санасныг бодоход олон хүн холбоо барьж, хөдөөнөөс хүртэл утасдаж байсан гэнэ. Дараа нь “Ийм байгууллага байдаг юм байна” гэдгийг хүмүүст таниулахын тулд Жуковын музейн дэргэдэх талбай дээр арав хоног үргэлжилсэн үзэсгэлэн зохион байгуулжээ. Бүгд чаддаг, мэддэг юмаа гаргаж байсан энэхүү үзэсгэлэнгийн гол бүтээл нь шалны мод байв. Шалны модоо байгууллагуудад худалдаж, түүнээс олсон орлого нь сангийн анхны хөрөнгийн эх үүсвэр болжээ. Ингээд модоор дагнахаар шийдэв. Улмаар модон гэр барьж, орон гэргүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгдөг болов. Яваандаа сийлбэр хийдэг болж, олон улсын үзэсгэлэнд хүртэл ордог болж. Францад үзэсгэлэнгээ гаргасан хөгжлийн бэрхшээлтэй нэгэн залууг тэндэхийн хүмүүс багшаар урьж, таван жилийн хугацаатай амьдрахаар Францыг зорьсон байна. Өнөөдөр гар урлал, мужаан, оёдлын үйлдвэртэй. Хүмүүсийг мэддэг, чаддагаар нь баг болгон хувааж, ажиллуулна. Зун­даа байрны подволь түрээслэн авч тэнд үйлдвэрлэлээ хийнэ. Бас барилгын бригадтай. Эрүүл мэндийн яам, Нээлттэй нийгэм форум, “Хас” банк гэх мэт байгууллагад зөвлөгөө өгч, зам талбай засах ажилд хамтарч байжээ. Засгийн газарт санал тавьж, тэргэнцэртэй хүмүүс дэлгүүр рүү ороход зориулж зам тавиулсан. Үүний ачаар олон газар үүдэндээ тийм замтай болсон. Гэхдээ хажуудаа бариул, хашлагагүй гэх мэтээр дутуу хийсэн зүйл байсан учир сүүлдээ тэр замыг тэргэнцэртэй иргэд өөрсдөө хийдэг болжээ. Даавуун дээр Монголын байгаль, уул усыг дүрсэлж, монгол бичгээр бичиж уут хийн зарж байв. Үүнийг нь япончууд их сонирхжээ. Улмаар “Төмөр” сангийнхан Япон руу ийм тор хийж нийлүүлдэг болсон байна.

П.Төмөрбаатар гуай хүндийн өргөлт, зээрэнцэг шидэлт, биллиард, теннис гэх мэт пара спортын бүх төрлөөр хичээллэдэг. Анх осолд орсны дараа эмч нар гэрийнхэнд нь “бараг найдваргүй болчихжээ” хэмээн хэлж байж гэнэ. Гэвч тэрбээр босоод л ирсэн. Эмч нар залуудаа боксоор нэлээд хичээллэж байсны ачаар зүрх нь ачаалал даах чадвартай болсонтой холбон тайлбарлаж, түүнд спортоор хичээллэхээ зогсоож болохгүйг сануулжээ. Ингээд хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийн пара спортоор хичээллэж эхлэв. Хүндийн өргөлт, бууд­лага, тэргэнцэртэй марафон гур­ваар Монголд дээд амжилт тогтоож, Азийн наадамд оролцож, Ази тивийн хам­гийн чансаатай арван тамирчны тоонд багтаж байв. Тэрбээр энэ тухай “Эхэндээ би өөрийгөө хөгжүүлэх гэж пара спортоор хичээллэдэг байлаа. Гэвч яваандаа залуусыг “уруу татах”, өөрөө үлгэрлэж үзүүлэхийн тулд улам махруу хичээллэх болсон” хэмээн ярилаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлгөөн бага байдаг учир спортоор хичээллэх шаардлага зайлшгүй бий.

“Чи гудамжинд тэргэнцэртэй хүмүүс явж байхыг хэр олон удаа харсан бэ” хэмээн тэрбээр надаас гэнэт асуув. “Хааяа л. Үгүй ээ, бараг харж байгаагүй юм байна” гэж намайг хариулахад тэрбээр “Тийм ээ. Тэргэнцэртэй хүмүүс хотын төвөөр бараг явдаггүй. Явах зам талбай ч байхгүй. Дээхэн үед бол автомашины замаар жирийчихдэг байсан. Одоо тээврийн хэрэгсэл олон болсон үед энэ ямар ч боломжгүй” гэж ярилаа. Дөрөв, таван жилийн өмнө гадуур явах үедээ замын хажуу талын хашлага давж чадахгүй, ойр хавьд яваа хүмүүсээс тусламж хүсэхэд ойролцоогоор 30-аас дээш насныхан, бас бүр жаахан хүүхдүүд өөрсдөө гүйлдэж ирээд өргөж тавьчихаас наахнуур юм болдог байж. Харин залуус тэгдэггүй. Тэргэнцэртэй хүмүүсийг харахаараа зугтаана, шоолно, заримдаа бүр зам гаргаж өгсний төлөө мөнгө нэхнэ. “Гэхдээ монголчуудын сэтгэлгээ өдөр ирэх бүр өөрчлөгдөж байгаа” хэмээн Төмөрбаатар гуай ярив. Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээ байдаггүйг хоёр жилийн өмнө манай улсад болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын хурал тод харуулсан юм. Тухайн үед хуралд оролцохоор гадаадаас тэргэнцэртэй арваад хүн иржээ. Гэтэл тэднийг нисэх буудал дээр хүлээн авч, буулгахын тулд онгоц цаг гаруй саатаж байсан гэдэг. Тэднийг хүлээж авах буудал, явах зам талбай, зөөх унаа тэрэг ч байсангүй. Харин “Төмөр” сангийнхан нэг компанийн инженерүүдтэй хамтран нэг автобусны хаалгыг цахилгаан шаттай болгож, бас өөр нэг буудлыг тохижуулан гаднах шатных нь дэргэд тэргэнцэртэй хүн явах боломжтой зам барьж, зочдоо хүлээн авсан байна. Эндээс санаа авч, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан автомашин, автобус гадаадаас оруулж ирэх талаар хөөцөлдөж эхэлжээ.

Дэлгүүр, үсчин оръё гэхээр тэргэнцэртэй хүмүүс явах зам байхгүй. Анзаараад байх нь ээ, барилга, байшингуудын босго нь нэлээд өндөр, шат нь зузаан байдаг. Тийшээ орох хэцүү. Орон сууцны нарийхан хаалгаар багтах ч бас хүнд. Энэ бүхнийг нарийн тогтоосон стандарт манайд байдаггүй байсныг “Төмөр” сангийнхан анзаарч бий болгож, хоёр жилийн өмнөөс мөрдүүлж эхэлсэн. Харамсалтай нь одоо болтол энэ жишиг бүрэн гүйцэд тогтоогүй л байна. Энэ бүхнийг өөрчлөхөөс гадна хүн бүрийг ажилтай болгохоор чармайх нь “Төмөр” сангийн эн тэргүүний зорилго болжээ.

Өнөөдөр Монголд тэргэнцэртэй хүмүүсийн тоо ойролцоогоор 13 мянгад хүрсэн. 2.8 сая хүн амтай харьцуулахад энэ бол маш их тоо. Түүнээс сүүлийн хоёрхон жилийн дотор 1000 гаруй хүн тэргэнцэр дээр суудаг болжээ. Хүмүүсийн хувьд автомашины ослоос гадна “нинжадаж” байгаад, мөн гадаадад хүнд нөхцөлд ажилласнаас болж тахир дутуу болох нь хамгийн түгээмэл байдаг.

Автомашины ослыг багасгахын тулд сургалт, сурталчилгааг “Төмөр” сангийнхан их хийсэн. Сэлэнгээс Улаанбаатар хүртэлх 360 км замыг тэргэнцэртэй хүмүүс есөн хоног туулж байсан. Одоогоос таван жи­лийн өмнө. Эрдэнэт, Дарханы замд осол их гардаг байсан учраас үүнтэй холбоотой зам тээврийн ослоос болгоомж­лохыг уриалж хийсэн энэхүү сурталчилгааны ажлын дараа ослын тоо харьцангуй багассан гэж Замын цагдаагийн газрынхан ярьж байв. Эрдэнэт рүү явах замд  эвдэр­хий автомашины сэг байдаг. Түүнийг тэнд байрлуулах санааг мөн л тэд гаргажээ. Цаашлаад их дээд сур­гуулийн оюутнуудад лекц уншсаар байна.

П.Төмөрбаатар гуай эхнэр, хоёр хүүхэдтэй. Том хүү нь 23, бага хүү нь 15-тай. Түүний эхнэр Чехийн Элчин сайдын яамны ажилтан байж. Гэвч Б.Хурцын дуулианаас болоод Европын зарим орны Элчин сайдын яам Монгол ажилчдаа цомхот­гож эхэлсэн. Түүнд эхнэр нь өртөж ажлаасаа халагдсан байна. Дараа нь гэрээсээ гарах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүнсний зүйлсийг нь хүргэж өгдөг үйлчилгээний газар нээн ажиллуулах болжээ.

Осолд орсныхоо дараа хамаг бурууг жолоочид үүрүүлж явсан Төмөрбаатар гуайн гомдол нэг л өдөр тайлагджээ. Тэрбээр эмнэлэгт явж байгаад санамсаргүй нөгөө жолоочтой тааралдсан аж. Сонин тохиолдол. Тухайн үед хэн, хэнийгээ таниагүй гэнэ. Гэтэл жолооч хэдэн жилийн өмнө осол хийж, нэгэн залууг дайрсан тухай, энэ явдалд ямар их харамсаж гунигладаг талаараа ярьжээ. Энэ үед өөрийнх нь тухай ярьж байгааг П.Төмөрбаатар гуай ойлгосон байна. Гэхдээ тэр энэ талаар юу ч хэлсэнгүй. Жолооч ч түүнийг танихгүй өнгөрчээ. “Яагаад тэгсэн юм бэ” гэж асуухад “Намайг ингэж бодож байхад түүнд уурлаж, хорсож байснаасаа ичих ч шиг болсон доо” хэмээн тэрбээр хариулсан юм.

 П.Төмөрбаатар гуайд хоногийн 24 цаг багаддаг юм шиг санагдлаа. Түүнд хийх ажил дэндүү их бий. Хийхээр төлөвлөж байгаа зүйлс нь бүр ч олон. Өглөөний зургаан цагт босч, үдшийн бүрийгээс нааш амрахгүй хөдөлнө. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан гар удирдлагатай япон тэрэгнийхээ ард суугаад хаашаа л бол хаашаа явж, ажлаа амжуулна.  “Ер нь тэгээд хийх ажилгүй удаан суух дэмий байдаг юм. Толгойд янз янзын юм бодогдоно шүү дээ” хэмээн тэрбээр ярив. 

Зарим нэгэн нь хөгжлийн бэрх­шээлтэй хүмүүсийг хараад өрөвддөг гэх. Магадгүй өөрсдөөс нь сул дорой юм шиг санагдсан болохоор тэр биз. Угтаа тэд хэний ч санаанд багтамгүй төмөр мэт хүчирхэг хүмүүс байдаг юм.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж