Рожер Федерер: Рафаельд олдоогүй боломжийг бурхан надад өгсөн

Хуучирсан мэдээ: 2011.12.04-нд нийтлэгдсэн

Рожер Федерер: Рафаельд олдоогүй боломжийг бурхан надад өгсөн

Өнөө цагийн талбайн теннисний ноён оргил Рожер Федерер саяхан "АТП"-гийн цуврал тэмцээнд түрүүлж, Гранд Слэмийн шилдэг тамирчин гэдгээ дахин нотлон харуулсан юм. Түүнчлэн Рожер Федерер 100 дараалсан хожил байгуулсан нь энэ спорт дахь аугаа амжилтын цор ганц бодит жишээ юм. Саяхан "АТП"-гийн аварга болсон тэрбээр "Ройтерс" агентлагт ярилцлага өгчээ.

-Гранд Слэмд нэр мөнхөллөө. "АТП"-д түрүүлчихлээ. "Швейцарь чанар"-т амжилтаа үргэлжлүүлэхэд саад үлдсэнгүй бололтой?

-Талбайд өрсөлдөгч байхгүй гэвэл эндүүрэл. Гранд Слэмийн ганцаарчилсан төрөлд аваргын титмийг удаан хадгалах хэцүү байдаг. Гэхдээ энэ "ATП"-гийн цомд түрүүлэхэд асар урт хугацааны хөдөлмөр, нөр их цаг зав шаарддаг гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсч байна.

-Рожер, өнгөрсөн онд "АТП"-гийн хасагдах шатанд тун хэцүү тоглолтын дараа Томми Хээсийг буулган авч байсныг чинь санах юм. Тухайн үед сүүлчийн учраанд хэрхэн тийм зоригтой тоглож чадсан юм бол?

-Сэтгэл зүйн бэлтгэл англи тамирчнаас дутуу байсан болов уу гэж боддог. Тэгээд ч Английн Уимблодоны клуб тэр үед дээгүүр эрэмбэлэгдэж байсан. Австралийн нээлттэй тэмцээн надад зарим тохиолдолд сөрөг энерги авчраад байдаг юм шиг санагддаг.
 
-Тэгэхээр Сиднейд таагүй сэтгэгдэл төрүүлсэн шалтгаан нь?

-Сайн хэлж мэдэхгүй байна аа. Хамгийн сүүлд Канберрад бэлтгэл хийж байх үедээ тэндхийн таагүй дурсамжаа мартаж чадахгүй байснаа санаж байна.

-"Швейцарь чанар" гэдэг нэрийг хэн өгсөн бэ. Швейцарийн нэрийн хуудас болж буй гэдэгтээ эргэлздэггүй байх?

-Хэн өгснийг нь сайн мэдэхгүй ээ. Нэг л мэдэхэд хэвлэлээр ингэж нэрлэдэг болчихсон байсан. Хүн бүхэн ингэж дуудаад байхаар бага зэрэг эвгүй л байдаг юм.

-Хэрхэн ийм богино хугацаанд алдрын титэм хүртэв?

-Хамгийн анхны хожигдлын дараа надад бүх зүйл болмоор юм шиг санагдсан. Цаашдаа алдаагаа ухаарч, суралцаад урагшлахад хэцүү байдаггүй. Дараа нь хүн бүхэн "Федерер, энэ бол асуудал биш. Бүгдийг сайн бод. Чамаас бид цом хүсч байна" гээд л нэхэж эхэлнэ дээ. Энэ үед л бэлтгэлтэй байх хэрэгтэй.

-Хамгийн сүүлийн учраа Францын тамирчин байлаа. Ялалтад хүрэхэд хялбар байсан мэт л харагдсан. Бүх сетүүд таны давамгайлал дор өндөрлөсөн?

-Бүх сетүүдэд би сайн байгаагүй. Эхний хоёр сетэд 6:3, 6:7-оор хожиход тоглолтын дундуур нь алдаа гаргах гээд байснаа мэдэрсэн. Гэхдээ Жо Уилфрэд бага зэрэг сандарсан. Цохиураа алдах ч юм уу, бөмбөгөө дутуу хөөргөх гээд техникийн олон алдаа гаргасан. Мэдээж эхний гурван сетэд давамгайлснаар "АТП"-гийн цом өвөртлөх найдвар маань гэрэлтэж эхэлсэн.

-Өнөөгийн алдрын тавцанд хүрсэн Рожерийг энд нь түр орхиё. Бага насны амьдрал, дэлхийн шилдэг тамирчин болох хүртлээ юуг чухалчилж байв?

-Хүүхэд нас маань Басел хотод өнгөрсөн. Теннис сонирхох болсон шалтгаан минь германчуудаас үүдэлтэй. Басел Германы хилтэй тун ойрхон байдаг. Тэнд Швейцарь аялга, Герман хэлтнүүд цөөнгүй бий. Энэ бүхэн талбайн теннис оролдох үндэс байсан л даа.

-Хамгийн анх Австралийн нээлттэй тэмцээнд 2004 онд түрүүлсэн шүү дээ. Энэ хүртэл спортод зарцуулсан хөдөлмөрөө цухас дурьдвал?

-Сайхан асуулт байна. Маш удаан хугацааны турш талбайн теннист суралцсан. Басельд дунд сургуулийнхаа биеийн тамирын танхимд өдөр бүр хөлсөө, дуслуулан хөдөлмөрлөдөг байсан. Жое гэж сайн залуу байлаа. Тэр бол миний анхны багш. АНУ-ын нээлттэй тэмцээнд 2004 онд түрүүлэхэд Жое тоглолтыг минь ирж үзчихээд баярласандаа уйлсан гэсэн. Би хувцас солих өрөөнд шагнал гардах бэлтгэлээ хийгээд завгүй байсан л даа. Анхныхаа багшийн баярын нулимсыг харж чадаагүйдээ бага зэрэг харамсдаг.

-Рожер Федерерийн хамгийн том өрсөлдөгч?

-Хамгийн том өрсөлдөгч бол би өөрөө. Өөртэйгөө өрсөлдөж, өөрийнхөө сул талыг ялчихвал "АТП"-гийн цомыг үргэлжлүүлэн хадгалаад байж чадна гэж боддог.



-Та миний асуултыг гайхалтай эргүүллээ. Шууд асууя. Рафаель Надаль, Новак Жойкович нарын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Серб залуугаас эхлэе гэж бодлоо. Н.Жойкович энэ спортод хоёргүй сэтгэлээр зүтгэж буй цөөхөн тамирчны нэг. Би түүнийг маш их хүндэлдэг. Дэлхийн чансаанд гуравдугаарт бичигдсэн өдрөөсөө л тэр ер бусын хүчирхэг нэгэн болсон. Түүнтэй 2008 оны "Тур финал"-д таарч тоглоход маш хэцүү байсан боловч би хожсон. Гэтэл өнгөрсөн онд Австралийн нээлттэй тэмцээнд бидний хооронд гал гарсан тулаан өрнөж, би арай л ялагдаагүй. Гэхдээ тэр тоглолтод эхний сетүүдэд би буугаад өгчихмөөр хэцүү байсан. Спорт учраас надад тийм эрх байхгүй л дээ. Шууд хэлэхэд тэр учраанд би азаар хожсон юм. Серб эр надаас хавьгүй илүү байсныг мэргэжилтнүүд ярьж байсан. Рафаелийн хувьд бидний хооронд нөхөрлөлийн харилцаа гүнзгий биш ч гэлээ спортын жинхэнэ андууд гэж боддог. Заримдаа бурхан надад олдоогүй боломжийг Рафаельд, түүнд олдоогүйг нь надад өгчихдөг болов уу гэж төсөөлж суудаг. Харин энэ удаа бурхан миний талд байсан. (Инээв)

-Таныг хүмүүс тэр бүр хамгийн шилдэг нь гэж нэрлэхгүй байх шиг санагдах юм. Юу гэх гээд байгааг минь ойлгож байгаа байх. Талбайн теннисний ноён оргил Роланд Гарросын талаар бодлоо хуваалцаач?

-Роландыг өөртэйгээ харьцуулбал үнэхээр тэнэг хэрэг. Би түүний шагайнд ч хүрэхгүй. Тэр бол "АТП" байтугай Уимблодоны оролцсон бүх тэмцээндээ ялагдаж үзээгүй аугаа нэгэн. Та нар мэдэх бол Роланд Герман гаралтай. Гэхдээ Роландтай би өөрийгөө хэзээ ч харьцуулахгүй ээ. Учир нь түүний тоглодог арга барил маш сонирхолтой. Суралцахад хэцүү. Новак талбайн шугам дагуу гүйж тоглодог. Харин Рафаель хамгаалах тактикаар гол төлөв тоглодог. Харин Роланд тамирчны замналынхаа оргил үедээ байхдаа талбайн аль ч талд зогсдог байсныг нь мэднэ. Тэр цохиураа баруун, зүүн гэлтгүй сайн эзэмшдэг байсан. Өндөр нуруутай байсан болоод ч тэр үү.

-Тун удахгүй "Тур финал" эхлэх гэж байна. Гэхдээ таньд амрах зав гарах байх. Амралтаараа юу хийх вэ?

-Мэдээж нууц байлгүй яахав.(Инээв) Эхнэр, хүүхэдтэйгээ далайд гарах төлөвлөгөөтэй байна. Эсвэл Голландад ирж хөл бөмбөг үзнэ дээ. Уг нь миний сонирхол сагсан бөмбөг. Гэтэл "NBA" ажил хаялт зарлачихаад энэ улирлын тал нь дэмий өнгөрлөө.

-"АТП"-д түрүүлэхэд хамгийн анх юу бодогдож байв?

-Сайн хэлж мэдэхгүй байна аа. Их л догдолсон. Гэртээ очмоор ч юм шиг. Баселд ирээд буцаад Австрали нисмээр ч юм шиг. Маш сонин сэтгэгдэл төрсөн.

-Бүх амжилт таны нэр дээр бичигдэх цаг ойрхон байгаа гэж боддог. Энэ бүх зүйлийн үнэ цэнэ?

-Эхлээд хүлээнэ, гүйцэтгэлээ харна. Магадгүй цорын ганц амжилтыг би дангаараа эзэмшихгүй ч байж мэднэ. Гэхдээ өөртөө итгэлтэй байдаг учраас замналынхаа түүхийг эргээд харахад бахархмаар амжилттай байна гэж боддог. Сүүлийн тав эсвэл зургаан жилийн өмнө боломжууд минь хаалттай байсан. Жил ирэх бүр нэмэгдсээр өнөөдрийн оргилд хүрч байна шүү дээ. Бүх зүйлийг боломж гэдэг өнцгөөс харах ёстой. Тэгж байж жинхэнэ амжилт гээчийг бүрдүүлнэ. Би анхандаа их бага зорилго өвөртөлж байсан. 24 тойрогт 10 түрүү эзэмшихийн төлөө бүх хүчээ дайчилсан. Тухайн үед "АТП" ч юм уу нээлттэй тэмцээн эсвэл "Тур финалд" түрүүлэх тухай зүүдэлдэг ч үгүй байсан. Сонголт өөрөө урд минь бий болсон. Үнэнийг хэлэхэд би сайн мэдээгүй.

-Гольфийн эдүгээ цагийн шилдгийн нэг Тайгер Вүүдс та хоёр 2005 онд спортын тавцанд адил амжилттай байсан. Тэр үед Т.Вүүдс 16 цувралын дараа ялалтад хүрсэн. Гэтэл та үүнээс ч өмнө мастеруудын тэмцээнд түрүүлчихээд байсан. "Форбес" та хоёрын юуг адилтгаж бичсэн юм бол?

-Тийм ээ. Магадгүй тухайн оны спортын онцлох тамирчин гэвэл бид хоёр л байсан биз. Бүх зүйл гэхдээ их хурдан өнгөрсөн шүү дээ. Маш их ачаалалтай байсан болоод тэгсэн үү. Би Тайгер Вүүдсийг хүндэлдэг. Бид Лондонд буяны арга хэмжээнд оролцох үед анх танилцаж байлаа.

Т.Сугараа

"Нийгмийн толь" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж