Хуучирсан мэдээ: 2011.12.04-нд нийтлэгдсэн

Хайрламаар, бахархмаар…дурлажээ бид. Сэтгэлийн гүнээс инээд хүрч, баяр баясгаланг мэдэрч, тэнгэрээс бууж ирэхгүйгээр гүн гүнзий дурлачихлаа. Тэднийг бодоход л бүх биеэр цахилгаан гүйх шиг, мэдэрч болох бүх л гоё мэдрэмжийг дурлалаас л авдаг юм байна….

Дахиад тэдэнтэй уулзахын тулд яг л хайртай хүнээ хүлээх мэт дараагийн тоглолтын товыг чих тавин хүлээх боллоо. Үзэгчдийг ингэтлээ дурлуулсан хүмүүс бол Монгол Улсын Морин хуурын чуулгын нумт хөгжимчид байв. Тэд өнгөрсөн баасан гаригт  Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт “Novel Melody” нэртэй тоглолтоо сонирхуулав. Тэдний энэ удаагийн тоглолтыг Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хэлэхдээ “Нэг талын эрсдэлтэй, нөгөө талаар бахархалтай тоглолт” хэмээн онцолсон. Үнэхээр тэд эрсдэлтэй алхам хийсэн ч үр дүн нь бахархмаар амжилт байлаа.

Хойд, Өмнөд Америкийн шинэ цагийн хөгжмийн төлөөлөгчид болох Astor Piazolla, George Gerswin, Carlos Garden, Louis Armstrong, Dave Brubeck, Burt Bacharach, Jarge Ben, Michael Jackson-ий хөгжмийг Морин хуур хөгжмөөр эгшиглүүлсэн нь үзэгчдийг дурлалд автуулсан. Хамгийн сонирхолтой нь морин хуур хөгжмөөр тангог эгшиглүүлж байна гээд боддоо. Хүчирхэг бас зөөлөн танго хэмнэл. Энэ өдөр нэг хүнийг онцолмоор санагдсан. Тэр дэндүү даруу. Бас их ихэмсэг. Морин хуурын чуулгын залуу гоцлооч Н.Жигжиддорж. Хүмүүс түүнийг хэдийн мэддэг болсон. Үзэгчдийн сонсох дуртай “Playing Love”, “Би чамд хайртай” киноны хөгжим, сүүлд Astor Piazolla-гийн “Oblivion”-ийг гоцолсон. Залуу морин хуурч Н.Жигжиддорж энэ тоглолтын хөгжмийн найруулгыг хийсэн гэнэ. Залуухан бас авьяаслаг түүнийг урлагийнхан хэрсүү, авьяаслаг, ухаалаг хүү гэж ярьдаг юм билээ. Багаасаа л сайн хөгжимчин болно гэсэн зорилготой байсан жижигхэн хүү одоо Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин болчихсон, тэр бүү хэл хөгжимд хайртай үзэгчдийн хүндэлдэг, хайрладаг шүтээн нь болжээ. Тэр хөгжмөө тоглож байхдаа бие сэтгэлээрээ тоглож буй хөгжмөө илэрхийлдэг онцлог чанартай. Түүний тоглох өнгө, хэмнэл бусдаас нэг л өөр. Морин хуур хөгжим ингэж дуугардаг гэж үү? хэмээн зарим үзэгчид гайхан, шагшиж байсныг сонсохоор барахмаар. Гадаадын үзэгчид дуу алдан, браво хэмээн дэмжихыг нь харах таатай байсан. Тэр бол шинэ цагийн “од”.

Дэндүү гоё үдэш, хорвоогийн бүх л гоё үгсийг Морин хуурын чуулгын уран бүтээлчдэд хэлмээр. Үзэгчдэд үргэлж инээд хөөр, аз жаргал, эрч хүчийг бэлэглэж байдаг уран бүтээлчдэд талархлаа.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж