”Аятайхан бүсгүйтэй наргиж үзсэнгүй 60 хүрэх нь”

Хуучирсан мэдээ: 2011.12.04-нд нийтлэгдсэн

”Аятайхан бүсгүйтэй наргиж үзсэнгүй 60 хүрэх нь”

 Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазартай ярилцлаа.

-Таны уран бүтээлийн бүрэн түүвэр гарсан байсан. Энэ жил шинэ уран бүтээлийн ургац хэр байна даа?

-Энэ жил номон дээр илүү их сууж, ажиллаж байна. Бүрэн түүврээ гаргалаа, цөөхөн ширхэгтэй гарсан болохоор нүд ирмэхийн зуургүй дууссан. Сэтгүүлчийнхээ тэмдэглэлийг гаргаж байна, гучаад жил сэтгүүлч хийлээ. Надад хүнд ярих хэлэх юм байх юм. Сэтгүүлч болоод Хамбын овооны гүйлгачингаас эхлээд Далай лам хүртэл уулзаагүй хүн байдаггүй. Хүмүүст хэрэгтэй байж магад гэж бодсоны үндсэн дээр хийж байгаа. Мөн гучаад тайзны жүжиг бичсэн байдаг юм, тэднийгээ нэгтгэж нэг түүвэр болгох санаатай. Гэх мэтчилэнгийн жаахан номон дээр сууж байгаа бас зүгээр байхгүй дуунууд хийж байна. Оны өмнө, цаана хоёр ч ном уншигчдынхаа гар дээр тавих бодолтой явна.

-Та голчлон Монголоороо омгорхсон бахархсан шүлэг бичдэг. Гэтэл тэр сайхан бүхэн хумигдаад байдаг, үүнд эмзэглэх юм уу?

-Хүмүүс боддог байх, дандаа л Монголын тухай шүлэг бичээд гэж. Миний хувьд эмзэглэсэндээ энэ бүх шүлгээ бичдэг. Бидэнд мал бэлчих, тариа тарих нутаг үгүй болчихлоо. Эх орны минь газар нутаг хэрчигдээд дууслаа. Газар нутаггүй л боллоо доо, юу л болдог бол доо гэж боддогтоо илүү газар нутгийн тухай шүлэг бичдэг байж магадгүй, түүнээс биш хайртай дуртай магтан дуулах талдаа биш. Үнэхээр эмзэглэж байна, найрагчид л эмзэглэхгүй бол хэн ч эмзэглэхгүй. Арван жилийн дараа их хүнд юмны амсар руу, их эмгэнэлтэй юм руу ч Монгол Улс орно гэж боддог.

-Ханьтайгаа их эрт гэрлэсэн гэж сонссон. Охиддоо яагаад дандаа “цэцэн“ гэдэг нэр өгсөн юм?

-Би чинь нэг авгай, хоёр охинтой хүн шүү дээ. Дунд сургуульд байхдаа л гэр бүлийнхээ хүнтэй суусан. Охидыг маань Оюуцэцэн Бөртэцэцэн, зээг маань Саранцэцэн гэдэг. Миний охид аавдаа л хатад шүү дээ, тэр талаас нь бодож байгаад нэрийг нь өгсөн. Эмэгтэй хүмүүс ертөнцийн хамгийн бурханлаг, хамгийн гоё хүмүүс шүү дээ. Том охиноо сэтгүүлч болж байгаа байх гэж бодож байгаа. Манай том охин олон улсын харилцаа төгссөн. Улаанбаатар телевизэд нэг жил ажиллаад одоо Германы хэл утга зохиолын ангид сурч байна. Их сайн жүжиг бичиж байна, тэр жүжгийг нь Монголын телевиз тавих гэж байгаа. Бага охин маань хэлний чиглэлээр сурдаг.

-Дандаа эмэгтэйчүүдийн дунд амьдардаг Гүрээ ах одооны охид бүсгүйчүүдийг юу гэж дүгнэдэг вэ?

-Би эмэгтэй хүнд маш хүндэтгэлтэй ханддаг. Охид сайхан болохоор цаг сайхан болдог ч гэж эртнээс ярьдаг байсан. Охид их сайхан болж байгаа нь бахархалтай ч нөгөө талаасаа бүсгүй хүний тансаг, эрхэм нь хямдарч байгаа юм уу даа гэж бодогддог юм. 18-тай охин 60-тай хөгшинтэй хэнэг ч үгүй энгэр зөрөхөд бэлэн байгаа нь хэвийн үзэгдэл шахуу болчихоод байна шүү дээ. Түүнд бас эмзэглэх юм, нандин баймаар юм шүү дээ. Би өөрөө охин хүүхэдтэй учраас эмэгтэй хүнийг муулмааргүй байна. Монголын хүүхнүүд гэдэг талаас нь харж ярьж байгаа болохоос биш зөвхөн өөрийнхөө охиныг харвал сайхан байна л гэж хэлнэ.

-Таныг элэглэж дуурайдаг нэлээд хэдэн жүжигчин бий. Танд ямар санагддаг вэ?

-Би үзсэн. Намайг хүндэтгэж байгаагийн нэг илрэл байх гэж боддог. Тэгж бодохоор гоё л санагддаг.

-Ер нь таны хийж байгаа уран бүтээл зан төрхийг чинь илэрхийлдэг үү?

-Миний хийж, зүтгэж, гүйцэтгэж байгаа бодож байгаатай маань дүйцдэг. Би одоо 58 хүрч байна. Хоёр жилийн дараа тэтгэврийн өвгөн болох нь. Өдий хүртэл хийсэн ажил, бүтээсэн бүтээлээ өөрийнхөө явсан зам мөртэй харахад бараг л нэг байдаг юм. Би хүнд муу санаж үзээгүй, муухай юм хийж үзээгүй. Эрүүл орчпон муухай сайхантай холилдож байдаг болохоор аль болох муухай юм хийхгүй гэж тэвчиж явсаар өдийг хүрсэн. Нэг удаа кино хийгээд шатаж жаахан баларснаас биш надад тийм муу яваад байсан юм байдаггүй юм. Муу явж байгаагүй болохоор намайг хараах хүн байхгүй, нэг ч төгрөгийн өр байхгүй. Миний дотор бодсон гадна дүрстэйгээ нийцээд байдаг юм. Би уул нь муу юм санавал санаж чадна, сайхан юм санавал санана. Хүнд сайхан муухай зэрэг оршиж байдаг. Алийг нь сайн авч явах вэ гэдгийг хүн өөрөө ухамсарынхаа төвшнөөр зохицуулдаг юм байна л даа. Миний хувьд ертөнцийн эр хүний хувьд хачин их хүүхэнд дуртай байж болно ш дээ. Хүүхэн л харагдвал эргүүлмээр үнсмээр санагдаад. Гэтэл тэрийгээ жаахан хазаарлаад эхнэртэйгээ гайгүй байж гучаад жил амьдрах уу гэдэг юм уу нэг юмаа нөгөө юмаараа чангааж байж амьдрал явдаг.

-Та хэр хүүхэмсэг вэ Зүгээр жишээ татсан ч ухамсраараа энэ асуудлыг зохицуулдаг юм болов уу гэж бодлоо?

-Би гайгүй ээ, гайгүй байх нь эрт авгай авснаас болсон. Наймдугаар ангидаа эхнэртэйгээ танилцаад одоо хүртэл амьдарч байгаа ш дээ. Амьдрал, ар гэрээ авч явах гэж зүтгэж байгаа хүн чинь юун тэр тухай бодох. Ерөнхийдөө оройхон гэрлэсэн бол өөр шүү дээ, эхлээд ханьдаа жаахан үнэнч байх юмсан гэж бодоод дараа нь хоёр охиноо өсгөхсөн гэж бодно. Бүх л миний ухамсартай үйлдэл болгон гэр бүлдээ явлаа ш дээ. Аятайхан бүсгүйтэй сайхан наргиж хоёр хонож үзсэнгүй л жар хүрэх гэж байна. Хүний хүсдэгийн хувьд сайхан бүсгүйтэй учрах юмсан гэж хүсдэг байсан байж болно ш дээ. Орчлонгийн жаргал гээчийн аль нь жаргал юм. Сайхан хүүхэнтэй жаргасан нь хожих уу, эсвэл авгай хүүхэд амьдрал гэж явсан нь хожих уу. Айлын хажуу өрөөнд амьдардаг оюутан, дээд сургуулиа төгсөөд хотод орж ирлээ. Эхнэрээ авчирлаа. Явсаар байгаад л нэг мэдэхэд тавь гарчихсан тууж явна ш дээ. Одоо нэг бүх юм цэгцэрлээ, нэг сайхан хүүхэнтэй танилцъя гэлтэй биш дээ. Миний насны хувьд нөгөө поезд нь бараг явчихаад байна ш дээ. Тэгэхдээ би гомдоод байдаггүй, миний ажил өөрөө тэгж явах зав өгдөггүй байж л дээ.

-Та дөнгөж сургуулиа төгсөөд Зохиолчдын хороонд ажилд орж байсан. Яг хэдтэй байсан бэ?

-Би 22 настай Зохиолчдын хороонд ажилд ороод, хоёр жилийн дараа телевизэд орсон. Одоо хүртэл ажиллаж байна. Миний ажил өөрөө хамгийн сайхны дундуур явсан ажил ш дээ. Би 15 жил “Бүсгүйчүүд” гэдэг нэвтрүүлэг хөтөлж байсан, тэр гоё хүүхнүүдийг чинь харж, хөтөлж явсан байж таарна аа даа. Бүх л урлаг, уран яруу, сайхан дундуур туучаад өнгөрлөө. Энд зүгээр нэг юм хэлэхэд хүн төрөлхтөний хамгийн гэнэн асуулт байдаг юм гэнэ билээ. “Нууц амрагтай юу” гэж. Ингэж асуудаг сэтгүүлч хамгийн тэнэг сэтгүүлч, хариулаад зогсч байгаа хүн бүүр тэнэг байдаг гэж Английн сонин дээр гарсан байдаг юм. Энэ чинь ертөнцийн юм байхгүй юу, асуух ч хэрэггүй хариулах ч хэрэггүй зүйл. Асууж болдоггүй асуулт, хариулж болдоггүй хариулт гэж бас байдаг юм ш дээ. Энэ асуултыг нэг хэсэг манай телевизийн сэтгүүлч нар хүн болгоноос асуугаад байдаг байсан, нөгөөдүүл нь санаа зовж байгаад нэг юм хэлээд л. Тэр чинь болохгүй асуудал байхгүй юу. Асуух гэж байгаа бол бүр тодорхой асуучих хэрэгтэй ш дээ “Та эхнэртэйгээ энгэр зөрүүлэхдээ ямар байрлалаар хийдэг вэ” гэж асуусантай угтаа адилхан сонсогдоно. Хүний өөрт нь байдаг бурханлаг юмыг заавал өөрөөр нь хэлүүлэх гэж хүчлээд байдгийг би ойлгодоггүй юм. Ерөөсөө хүн төрөлхтөн хэчнээн зуун шүлэг, роман бичээд одоо хүртэл хайр дурлалд тайлбар өгч чадаагүй л байна ш дээ.

-Найрагчид онгод орно гэж ярьдаг. Таны хувьд яг ямар үед онгод ордог вэ?

-Сэтгэл хөдпөхөөр орно. Зүв зүгээр сууж байхад ороод ирэх үе байна, шөнө унтаж байхад ч ороод ирнэ. Зохиолчид дунд нэг ийм яриа байдаг, онгод орохоор 100 гр татдаг гэж. Би зуу татчихаад ямар нэг жүжгийн юм уу нэвтрүүлгийн санааг л тэмдэглэж байснаас биш бүтээлээ бичиж үзээгүй. Болдоггүй, дандаа буруу бичигдчихээд байдаг. Өглөө нь харахаар инээд хүрмээр галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг байдаг байхгүй юу. Хүмүүс намайг зуу татчихаад юм аа бичдэг, нэвтрүүлгээ хөтөлдөг гэж боддог байх. Би яг юм хийж байхдаа уудаггүй. Нуугаад яах вэ, би балгадаг. Гэхдээ уран бүтээлээ хийхдээ дандаа эрүүл хийдэг. Согтуу халамцуу хийх гэж үзсэн огт болдоггүй юм чинь тэр юм билээ. Жишээ нь “Би Монголоороо гоёдог” шүлгийнхээ санааг халамцуу сууж байхдаа л дэвтэр дээрээ тэмдэглэж байсан. Санаа төрөх үед балгасан байж болдог яг барьж аваад бичихдээ огт юм амсч болдоггүй.

-Урлагийн хөгжлийг хаашаа явж байна гэж хэлэх вэ?

-Яг одоо манай урлаг сөнөчихөөд байна, яагаад сөнөөд байна гэхээр маш хурдан мөнгө болгох сэдвийг олж хийгээд байгаа учраас сөнөж байна гэж хэлж байгаа юм.

-Таны мөрөөдөл юу байдаг вэ?

-Хүний мөрөөдөл хязгааргүй, болохгүй, бүтэхгүй зүйл гэж байхгүй ш дээ. Жишээ нь би Жулия Робертстой суувал ямар байх вэ гэж бодож болно. Үнсэх гэхэд л эхний ээлжинд сайхан шүдтэй байх хэрэгтэй. Зуу татахаар эвгүй үнэртэх байх гэж бодоод дэлхийн хамгийн алдартай үнэтэй оог захиалдаг ч юм уу, хүний мөрөөдөл хязгааргүйтэй адил миний мөрөөдөл ч хязгааргүй.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж