Японы монголчуудтай холбогдох боломжгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.03.12-нд нийтлэгдсэн

Японы монголчуудтай холбогдох боломжгүй байна

Монгол Улсын ГХЯ-ны мэдээгээр Япон улсад 4500 монгол иргэн байгаагийн 3000 нь оюутан, үлдсэн нь хараар ажиллаж байгаа иргэд юм. ГХЯ болон Японд сурч, ажиллаж байгаа монгол иргэдийн ар гэр монголчуудтай холбоо тогтоохоор оролдож байгаа ч гар утас болон интернэтийн сүлжээ ажиллахгүй байгаагаас мэдээлэл авах боломжгүй байгаа юм. Харин Монголын GMobile сүлжээний гар утастай монгол иргэдтэй харилцаж болж байгаа юм байна. Гэсэн ч яг гамшиг болсон Сендай, Мияаги, Кесеннума, Ивате зэрэг хотод байгаа монгол иргэдтэй холбогдох боломжгүй байна. Ийгл телевиз Японд байгаа монголчуудтай шууд эфирээр холбогдохын зэрэгцээ Улаанбаатарт байгаа ар гэрийнхэнтэй нь холбогдон мэдээлэл дамжуулж байна. Ийгл телевизээр мэдээлснээр Сендай хотод 30 гаруя монгол иргэн сүмд хоргодоод байгаа аж.

Иргэдийн өгч байгаа мэдээллээр Сендай хотын оршин суугчдад хоёр хоногийн өмнөөс цунамигийн аюул учирч болзошгүйг сануулж хоргодох байрандаа орохыг анхааруулжээ. Японд амьдарч сурч байгаа монгол иргэдийн дунд бага насны хүүхэдтэй хүмүүс их байгаа юм байна.

Өнөөдөр Улаанбаатараас Токио руу МИАТ компани хуваарьт нислэгээ хийж өдрийн 14.55 цагт Нарита буудалд 90 гаруй зорчигчтой газардсан байна. МИАТ-ийн онгоц 16.25-д эргээд Улаанбаатар руу нисэх байсан ч нислэг хойшилж 22.52-д Наритагаас хөөрсөн байна. Онгоц Улаанбаатарт шөнийн 02.00 цагт газардана.

Тус онгоцоор  Монголын 29 иргэн, гадаадын 14 иргэн зорчин ирэх байсан ч,
онгоц хоосон ирж байгаа юм байна. Онц байдал тогтоож, хөл хорио тогтоосон
учраас монголчууд онгоцны буудалд ирж амжаагүй юм байна. Онгоцонд сууж чадаагүй зорчигчид дунд 3 хүүхэд, 1
нярай байгаа гэсэн мэдээлэл байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж