Өнөөдөр 130 орчим мянган төрийн албан хаагч бий. Энэ нь нийт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн ердөө 20 хувь. Гэтэл цалингаа нэмэхийг шаардаж, жагсаал цуглаан зохион байгуулж буй багш, урлагийнхны цалинг хувийн хэвшлийнхэн татвараараа бүрдүүлдэг. Эрх баригчид төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн баатар болж өөрсдийгөө суртчлах зуур хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид ажилладаг иргэдийн орлого буурсаар байна гэдгийг ч санууллаа.
МҮХАҮТ –ын тэргүүн С. Дэмбэрэл “2012 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг таван мянган ам долларт хүрнэ гэсэн. Гэхдээ энэ тоо өнөөдөр хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн амьжиргаанд хамаагүй. Учир нь сүүлийн жилүүдэд манай орны эдийн засгийн үзүүлэлт өсч, орлого нь их наяд төгрөгөөр яригдах болсон ч иргэдийн орлого өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэтэй харьцуулахад нэмэгдэж чадаагүй. Харин ч зарим нэг талаараа буурсан үзүүлэлт гарч байгаа. Иймээс төрийн албан хаагчдын цалинг нэмэхээсээ урьтаж, үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн бүтээмжийг дээшлүүлэх замаар хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн орлогыг бодитойгоор өсгөх боломжтой. Үүний нөгөө талд гадаа гудамжинд жагсаал цуглаан хийн байж нэмэгдүүлсэн орлого өөрийн тань биш Эрээний хятадуудын халаасанд орно гэдгийг ухамсарлахгүй байгаа нөхөд улс төрчдийн хувьд томоохон өгөөш болсоор байна” гэлээ.