Герман, Голланд, Португаль ”үхлийн хэсэг”-т

Хуучирсан мэдээ: 2011.12.03-нд нийтлэгдсэн

Герман, Голланд, Португаль ”үхлийн хэсэг”-т

2012 оны зургаагаас долдугаар сард
Украйн болон Польш улсад зохион байгуулах Европын хөлбөмбөгийн аварга
шалгаруулах тэмцээний сугалаа өнгөрсөн шөнө Монголын цагаар 01.00 цагт
Украйны нийслэл Киев хотноо боллоо.

2008 оны тивийн аварга Испанийн шигшээ аварга цолоо хамгаалахаар дэлхийн
хамгийн хүчирхэг багуудын нэг Италийн шигшээтэй тоглож, анхны сорилоо
давах нь. Дээрх хоёр баг С хэсэгт учраа таарчээ. “Евро-2012” тэмцээний
гурав дахь өдөр буюу 2012 оны зургадугаар сарын 10-нд Польшийн Гданьск
хотноо Испани болон Италийн шигшээ багууд С хэсгийн эхний тоглолтыг
хийнэ. Мөн энэ хэсэгт Ирланд болон Хорватын багууд сугалаа таарсан
бөгөөд тус хоёр багийн тоглолт Познань хотод болох ажээ. “Хүндхэн
сугалаа таарлаа. Гэхдээ энэ тэмцээнд 16 шилдэг баг оролцох учир ямар ч
багтай таарсан бидний өмнө асуудал тулгарах нь дамжиггүй. Өгөгдсөн
нөхцөл байдлын дагуу бид хэсгийн гурван тоглолтоо Польшид хийх болсноос
гадна Германы багтай таараагүй нь сайн хэрэг. Италийн шигшээ болоод
манай багаас гадна плей-оффын шатнаас эрхээ авсан Ирланд, Хорватын
шигшээ багууд нэг хэсэгт таарлаа. Мэдээж ширүүхэн өрсөлдөөн гарах байх”
хэмээн Испанийн шигшээ багийн дасгалжуулагч Висенте дел Боске ярьсан
байна.

Тэмцээнийг зохион байгуулагчдын нэг болох Польшийн шигшээ уламжлалын
дагуу А группт багтсан бөгөөд тэмцээний эхний өдөр буюу зургадугаар
сарын 8-нд нийслэл Варшав хотноо 2004 оны Европын аварга Грекийн багтай
эхний тулаанаа хийхээр сугалаа таараад байна. Харин 2018 онд нутагтаа
дэлхийн аваргыг хүлээн авах ОХУ-ын шигшээ Вроцлав хотноо Чехийн багтай
тоглох юм.

Тэгвэл В группт дэлхийн аваргад финалдсан Нидерландын баг 1992 оны
тивийн аварга Дани болоод Герман, Португалийн шигшээ багуудтай
өрсөлдөхөөр болжээ. Энэ хэсгийг "Үхлийн хэсэг" гэж нэрлэж болох бөгөөд "Евро-2012"-т тамирчдаа сойх дасгалжуулагч нар болоод хөлбөмбөгийн экспертүүд ч үүнийг хүлээн зөвшөөрч байна.

Харин D хэсэгт зохион байгуулагч Украйны шигшээ
багаас гадна Англи, Франц, Шведийн багууд таараад байна. 2000 оны тивийн
аварга Францын шигшээ зургадугаар сарын 11-нд Донецк хотноо хэсгийн
эхний тоглолтоо Английн багтай хийх бол Шведийн баг Киев хотноо талбайн
эзэн багтай тоглохоор болжээ. Шведийн шигшээ багийн дасгалжуулагч Эрик
Хамрен сугалааны тухайд “Би Испани болоод Германы багаас зайлсхийж
байсан. Харьцангуй боломжийн хэсэгт таарсандаа баяртай байна. Гэхдээ аль
ч хэсэгт таарсан бид сул өрсөлдөгчийн нэг шүү дээ” хэмээжээ.

“Евро-2012”-ын сугалааг танилцуулъя.

А хэсэг: Поль, Грек, ОХУ, Чех
В хэсэг: Нидерланд, Дани, Герман, Португаль
С хэсэг: Испани, Итали, Ирланд, Хорват
D хэсэг: Украйн, Швед, Франц, Англи

Тэмцээний хуваарийн дагуу хэсгийн тоглолтууд 2012 оны зургадугаар сарын
8-19-нд үргэлжлэх бөгөөд шөвгийн наймын тулаанууд 21-нээс эхлэх юм.
Улмаар долдугаар сарын 1-нд Украйны нийслэл Киев хотын Олимпийн
цэнгэлдэхэд Европын аваргын төлөөх тоглолт болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж