
МАХН хэмээх ерэн жилийн түүхтэй нам “шинэчлэл” дор нэрээ сольж, МАН болсноос хойш тэдний араас нэгэн айдас дагах болсон нь МАХН хэмээх Н.Энхбаярын нам юм. МАХН-ын орон зайг МАН-тай булаалдаж яваа МАХН нэрээ албан ёсоор бүртгүүлэхээсээ ч өмнө ах намын рейтингийг хувааж эхэлсэн. Энэ янзаараа ирэх сонгуулиар МАН-ын саналыг хувааж мэдэх МАХН-тай эвсч оролцох нь эрх баригч намд ээлтэй гэдэг нь ойлгомжтой болсон юм. Тэгвэл МАН, МАХН эвсэх нь ч тодорхой болж байх шиг байна. Тус хоёр намын удирдлагуудын хооронд энэ талаар яриа хэлцэл эхэлсэн, Н.Энхбаяр, С.Батболд нар уг асуудлаар уулзаж ярилцсан мэдээлэл байна.
Ингэхдээ Н.Энхбаяр Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдыг дуудаж уулзсан бөгөөд хоёр нам эвсч, сонгуульд оролцох тохиолдолд 10 суудлыг МАХН өгөх хувилбар яригдсан бололтой. Юутай ч олон хүний таамаглаж байсанчлан МАН, МАХН хамтран нэг хүн болж сонгуульд оролцохоор шамдаж байгаа нь тодорхой аж. Харин суудлын тоо, хоорондын өгөө аваа нь ямар нөхцөл болзолд хүрэх нь л хараахан тодорхойгүй гэнэ. Улс төрийн намуудын рейтинг тогтоох судалгаагаар Ардчилсан нам нэгдүгээрт, МАН хоёрдугаарт, МАХН гурваас зургадугаарт эрэмбэлэгдэх болсон. Харин МАН, МАХН нэгдсэн тохиолдолд тэдний саналын хувь АН-ын рейтингээс өндөр болж байгааг олон судалгаа харуулж буй юм. МАН араасаа дагаж буй МАХН хэмээх айдастайгаа тэврэлдэж чадвал Ардчилсан намын өмнө маш том сорилт, хана хэрэм босч байна гэсэн үг.