”Ойн үндэсний бодлого”-ыг боловсруулав

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

”Ойн үндэсний бодлого”-ыг боловсруулав

”Ойн үндэсний бодлого”-ыг боловсруулав
 “МОНГОЛ ОРНЫ ОЙН ҮНДЭСНИЙ БОДЛОГО” БАРИМТ БИЧГИЙН
ТӨСЛИЙН 2 ДУГААР ХУВИЛБАРЫГ БОЛОВСРУУЛЖ ДУУСЧЭЭ

“Монгол орны Ойн үндэсний бодлого” баримт бичгийн төслийн 2-р хувилбарыг "Ногоон ертөнц байгаль орчин" ТББ-аас та бүхэнд хүргэж байна. Энэ  бодлогын баримт бичгийг НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын хөтөлбөрийн хүрээнд монгол эрдэмтдийн баг хийж гүйцэтгэсэн бөгөөд баримт бичгийг боловсруулахын тулд ой бүхий аймгуудын нутгаар ойн бодлого боловсруулах багийхан энэ оны 3 дугаар сард судалгааны ажлаар явж, ойн бодлогод тусгах тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар анхны хэлэлцүүлгийг зохион байгуулсан билээ. Хэлэлцүүлэгт мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, нөхөрлөл, иргэд болон төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, багш, оюутан нар оролцож санал, хүсэлтээ өгсөн юм. Эдгээр саналыг нэгтгэн “Монгол орны ойн үндэсний бодлого” баримт бичгийн төслийн 1 дүгээр хувилбарыг боловсруулсныг 2011 оны 9-өөс 10-р сард Баруун бүс (Өвөрхангай, Архангай, Завхан аймгийн Тосонцэнгэл),  Зүүн бүс (Хэнтий, Дорнод аймаг)-т, Төвийн бүс (Орхон, Дархан уул аймаг, Улаанбаатар хот)-д  хэлэлцүүлсэн юм. Уг хэлэлцүүлгээс гарсан санал, шүүмжийн дагуу дахин боловсруулалт хийж, сайжруулан Ойн үндэсний бодлогын баримт бичгийн 2 дахь хувилбарыг гаргаад байна.

Иймд та бүхэн энэхүү баримт бичгийн төслийг аймаг орон нутгийнхаа холбогдох мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, нөхөрлөл, иргэд зэрэг бусад байгууллагын мэргэжилтэн нарт танилцуулж нэгдсэн саналаа албан ёсоор ирүүлж ойг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх үйлст хувь нэмрээ оруулна уу.
“Монгол орны Ойн үндэсний бодлого” баримт бичгийн эцсийн хэлэлцүүлгийг 2011 оны 12 дугаар сарын эхний 10 хоногт багтаан Улаанбаатар хотод хийхээр төлөвлөж байна.

Ойн үндэсний бодлоготой холбоотой мэдээ, мэдээлэлийг манай байгууллагын www.gwe.mn сайтаас үзэж болно.

Баримт бичгийн төсөл-2
МОНГОЛ УЛСЫН ОЙН ҮНДЭСНИЙ БОДЛОГО
ОРШИЛ

Ойн бодлого нь тухайн улсын нийгэм-эдийн засаг, байгаль орчны бодлоготой уялдсан нийгмийн сайн сайхны төлөө ой модны нөөцийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх менежменттэй холбоотой асуудлаар ирээдүйд гаргах шийдвэр, хэрэгжүүлэх арга хэмжээг чиглүүлдэг, төрийн холбогдох байгууллагаар баталгаажсан үзэл баримтлал, үйл ажиллагааны чиглэл болдог.

Ойн бодлогын баримт бичиг гэдэг нь ойн бодлогын зарчим, стратегийн зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх арга хэрэгслэлийг тодорхойлсон баримт бичиг юм.

Төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага зэрэг олон талуудын оролцоог хангасан  санал асуулга, уулзалт, ярилцлага, санал шүүмжлэл явуулж, ойн салбарын ололт амжилт, одоогийн байдал, байгаль орчин, ойн салбартай холбоотой хууль, эрх зүйн орчин, улс орны хэмжээний бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүд, тэдгээрийн хэрэгжилтийн талаар хийсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд Монгол орны ойн үндэсний бодлогын төсөл боловсруулав.

I. ҮНДЭСЛЭЛ

I.1. Ойн бодлогын шинэчлэл хийх шаардлага, үндэслэл

“Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Ойн тухай хууль” зэрэг улс орны хөгжлийн баримт бичиг нь Ойн үндэсний бодлого  боловсруулах үндэслэл болж байна. Ойн тухай үндэсний хөтөлбөр батлагдсанаас хойш 10 жил өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд дэлхийн цаг уурын дулаарал, манай оронд нүүрлэж байгаа цөлжилт, ойн хомсдол, эдийн засгийн үсрэнгүй өсөлт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан ойн үндэсний бодлогыг шинэчлэн боловсруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Нөгөө талаас Дэлхийн ойн XIII их хурал 2010 онд Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотноо болж ойн талаар олон улсын хэмжээнд баримтлах бодлогыг шинээр тодорхойлж, түүнтэй холбоотойгоор НҮБ-ын ХХААБ-аас улс орон бүр өнөөгийн нөхцөлд нийцүүлэн ойн үндэсний бодлого боловсруулж хэрэгжүүлэх талаар зөвлөмж, заавар гаргаж, дэлхийн олон орон өөрийн орны ойн үндэсний бодлогыг баталгаажуулан хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлж байна.

I.2. Ойн нөөцийн өнөөгийн байдал

Монгол улсын ойн сангийн нийт талбай 18565.5 мян.га, үүнээс ойн талбай 17629.7 мян.га, ойн бус талбай 935.9 мян.га. Ойн талбайн дотор ой модоор бүрхэгдсэн талбай нь 12917.5 мян.га буюу нийт нутаг дэвсгэрийн 8.26 хувийг эзлэх ба тармаг ой 2997.3 мян.га, шатсан ой 1190.4 мян. га, мод бэлтгэсэн талбай 249.1 мян. га, хөнөөлт шавьжинд нэрвэгдсэн талбай 95.6 мян.га. Улсын хэмжээнд ойжуулалт хийх шаардлагатай нийт талбай 365.3 мян.га. Монгол Улсын ойн нийт нөөц 1313.4 сая м3 байна.

Монгол улсын “Ойн тухай” хуулинд ойн санг хамгаалалт, ашиглалтын хэлбэр, экологи-эдийн засгийн ач холбогдлыг харгалзан хамгаалалтын ба ашиглалтын гэсэн 2 бүсэд ангилсан. Монгол орны ойн сангийн нийт талбайн 82.9 хувийг хамгаалалтын бүсийн ой, 17.1 хувийг ашиглалтын бүсийн ой эзэлж байна.

Ойн тухай хуулиар Монгол улсын уулын ойд зөвхөн үндсэн ашиглалтын түүвэрлэх ба аажим огтлолт хийж болно. Монгол орны ойн 2 сая 325 мян. га талбайгаас 314.6 сая шоометр модыг түүвэрлэх ба аажим огтлох аргаар ашиглах бололцоотой. Сүүлийн 10 жилийн дундажаар Монгол улс 1 жилд 69 мян. шоометр үйлдвэрлэлийн хэрэглээний мод, 530 мян. шоометр түлээний мод, нийт 599 мян. шоометр мод бэлтгэж байна.

1999-2010 онд улсын хэмжээгээр 7.0 сая шоометр мод бэлтгэж, давхардсан тоогоор 2.9 сая га (жилд 240 мян.га) ой түймэрт өртөж, 7.9 сая га (жилд 659 мян. га) ойн талбайд хөнөөлт шавьж тархжээ. 1999-2010 онд шатсан ойн талбай 772.6 мян.га-гаар, мод бэлтгэсэн талбай 96.9 мян.га-гаар, хөнөөлт шавьжид нэрвэгдэж үхсэн ой мод 95.6 мян.га-гаар тус тус нэмэгдэж, байгалийн ойгоор бүрхэгдсэн талбай 451.6 мян.га буюу 3.6 хувиар хорогдож, ойн хомсдол нэмэгдсэн байна.

Дэлхийн дулаарал, хуурайшил явагдаж байгаа өнөө үед ойн түймэр гарах, хөнөөлт шавьжны олшрох давтамж нэмэгдсэн нь Монгол орны ойг хомсдолд оруулах гол хүчин зүйл болсон байна. Ялангуяа, 2000-2002 онд хөнөөлт шавьж 1.1 сая га талбайд голомтлон тархсан нь Монгол орны ойд түймрээс илүү хөнөөл учруулах болжээ.

I.3. Ойн салбарын эрх зүйн орчин

Ойн үндэсний бодлогын хууль эрх зүйн үндэс нь  Монгол улсын Үндсэн хууль, Ойн тухай болон байгаль орчны бусад холбогдох хуулиуд болно. 1992 онд батлагдсан Монгол Улсын үндсэн хуульд газар, түүний хэвлий, ой, ус амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг төрийн өмч бөгөөд гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байхыг хуульчлан заасан юм.

Ойн тухай (2007), Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай (1995), Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай (1996), Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай (1994), Байгаль орчныг хамгаалах тухай (1995), Газрын тухай (2002), Гамшгаас хамгаалах тухай (2003) зэрэг ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчин, газрын холбогдолтой харилцааг зохицуулдаг Монгол улсын хуулиуд ойн бодлогын эрх зүйн орчинг бүрдүүлж байна.

Ойн тухай хуульд иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ойн санг гэрээгээр эзэмшиж хамгаалах, өөрийн эзэмшлийн ойд менежментийн төлөвлөгөөний дагуу арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод, дагалт баялгийг ашиглах, ойн түймэр, хөнөөлт шавьжтай тэмцэх, ойг нөхөн сэргээх, эзэмшлийн газартаа өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан ой тэдгээрийн өмч байж болох, нийтийн эзэмшлийн газарт тарьж ургуулсан ойг төр худалдан авах зэрэг асуудлыг зохицуулсан олон чухал заалтууд шинээр орсон байна.


I.4. Ойн салбарын удирдлага, зохион байгуулалт

Монгол орны ойн нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах бодлого боловсруулж, улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг Байгаль орчин, аялал, жуулчлалын яам, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ойн газар хариуцан зохион байгуулж байна.

Түүнчлэн мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, ойн шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээ, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ойн холбогдолтой хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ой, хээрийн түймэртэй тэмцэх асуудлыг Онцгой байдлын ерөнхий газар тус тус хариуцдаг.

Ойн тухай хуулинд сум дундын болон сумын ойн анги ажиллуулж болно гэж заасны дагуу 2008 оноос хойш аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэргэд ойн асуудал эрхэлсэн 8 нэгж, сум дундын Ойн анги 6, сумын Ойн анги 11, нийтдээ ойн асуудал эрхэлсэн 25 нэгж шинээр байгуулагдаж орон нутгийн түвшинд ойн бодлого хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Эдгээр байгууллагуудыг шаардлагатай байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах, цаашид ойн ангиудыг нэмж байгуулах, чадавхижуулах шаардлагатай юм. Сум, сум дундын Ойн ангиуд нь зөвхөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжин үйл ажиллагаа явуулж байна.

I.5. Ойн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт

“Төрөөс экологийн талаар баримтлах бодлого”, “Монголын биологийн төрөл зүйлийг хамгаалах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр”, ”Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Ой, мод боловсруулах үйлдвэрлэлийг сэргээх, тухайн чиглэлээр байгуулагдсан тосгоны хүн амын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний хөтөлбөр”, “Ойн тухай үндэсний хөтөлбөр”, Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөр зэрэг бодлого, хөтөлбөрт ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудалтай холбоотой бодлого, тодорхой зорилтуудыг дэвшүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газар ”Ойн тухай үндэсний хөтөлбөр”-ийг 1998 онд анх удаа батлан гаргасан бөгөөд цаг үеийн болон ойг хамгаалах ажлыг эрчимжүүлэх шаардлагын үүднээс уг хөтөлбөрийг Засгийн газрын 2001 оны 248 дугаар тогтоолоор шинэчлэж, улмаар 2011 оны 113 дугаар тогтоолоор түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Сүүлийн 10 жилийн (2000-2010 он) хугацаанд Ойн тухай хөтөлбөрийн хүрээнд 14.2 сая га талбайд ой зохион байгуулалт, 675 мян. га талбайд хөнөөлт шавьж, өвчинтэй тэмцэх, 72.9 мян. га талбайд ойг нөхөн сэргээх ажил (ойжуулалт 28.9 мян. га, байгалийн сэргэн ургалтыг дэмжих 8.9 мян. га) гүйцэтгэж, “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд 1.98 мян. га талбайд ойн зурвас байгуулав.

Ойн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон 20 гаруй журам, заавар, норматив, үнэлгээг Засгийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын яамаар батлуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авчээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд ойн санг гэрээгээр эзэмшүүлэх, хамтын эзэмшлийн ой бий болгох зэрэг нутгийн иргэдэд түшиглэсэн ойн аж ахуйн менежментийн шинэ хэлбэрийн эхлэл тавигдлаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 4.3 мянган өрх, 8.0 мянга гаруй гишүүнтэй 540 гаруй нөхөрлөл ойн сангийн 1.3 сая гаруй га талбайг эзэмшиж хамгаалах үйл ажиллагаа явуулж байна.

Сэлэнгэ, Төв, Булган, Дархан-Уул зэрэг аймгуудад нийт 30 орчим аж ахуйн нэгж, байгууллагад нийт 100.0 гаруй мянган га ойн санг гэрээгээр эзэмшүүлжээ. Ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагууд эзэмшсэн талбайдаа хууль бус мод бэлтгэлийг зогсоох, ойн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж байна. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага ойн мэргэжлийн байгууллагын эрх авч үйл ажиллагаа эрхэлж байна.

II. ОЙН БОДЛОГЫН ТУЛГУУР ЗАРЧИМ, ҮНДСЭН ЗОРИЛГО

II.1. Ойн үндэсний бодлогын тулгуур зарчим

Ойн үндэсний бодлого нь тулгуур зарчмууд дээр суурилах бөгөөд тэдгээр зарчим нь бодлогын үндэс болно. Бодлогын бүх тулгуур зарчим нь нэгдмэл шинж чанартай тул тэдгээрийн аль нэгийг орхигдуулбал нийгэм, эдийн засаг, байгаль орчны зохисгүй үр дагавар авчрах магадлалтай юм.

Монгол орны ойн бодлогод дараах тулгуур зарчмуудыг баримтлана. Үүнд:

1. Олон улсын ангиллын дагуу ойн нөөцийг ач холбогдол, зориулалтаар нь ангилж, ойн төлөв байдалд үнэлгээ өгөх.
2. Ус хадгалах, үерийн ус зохицуулах, хөрсний элэгдээс сэргийлэх, биологийн төрөл зүйлийг хамгаалах, аялал жуучлал зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг зөөлрүүлэх болон нүүрстөрөгчийн хийн шингээлт зэрэг үйл ажиллагаанд ойн экосистемийн үйлчилгээний гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг хүлээн зөвшөөрөх.
3. Байгаль орчин, биологийн төрөл зүйлийг хадгалж, хамгаалахын тулд ойн урт хугацааны стратеги боловсруулж, улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах ойн тогтвортой менежментийн тогтолцоог бүрдүүлэх.
4. Улс орон, бүс нутаг, дэлхийн түвшинд экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, экологийн түүхэн хувьсах хөгжилд бүх хэвшинжийн ойн экологийн үзүүлэх үүрэг  ач холбогдлыг хүлээн зөшөөрөх.
5. Засгийн газрын болон засгийн газрын бус байгууллагуудын сүлжээ байгуулж, ойн асуудлаар тэдгээрийн гүйцэтгэх үүрэг хариуцлагыг харилцан нөхөх нөхцөл бүрдүүлэх.
6. Олон нийтэд ил тод шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлж, биологийн төрөл зүйлийн хадгалалт, хамгаалалт, ой мод, ойн экосистемийн талаар үнэн зөв, нарийн мэдээллээр олон нийтийг цаг хугацаанд нь хангаж, ойн үндсэний бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажилд сонирхогч талуудыг өргөн хүрээтэй оролцуулах.
7. Ойн салбарыг хөгжүүлэхэд үндэсний болон бус нутаг, олон улсын байгууллагатай нягт хамтран ажиллах.
8. Ойн нөөцийн тогтвортой ашиглалтыг ойг хамгаалах, нөхөн сэргээх ажилтай уялдуулан зохион байгуулж, орчин үеийн техник, технологи бүхий, өндөр бүтээмжтэй, сайн зохион байгуулагдсан мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх замаар өөрийн орны модон материалын хэрэгцээг бүрэн хангах.
9. Ахуйн хэрэгцээний зориулалттай биотүлш, хий, сэргээгдэх цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, энэ чиглэлийн үйл ажиллагаа, хэрэглээг хөхүүлэн дэмжих замаар улсын хэмжээнд түлээний модны хэрэгцээг багасгах.
10. Монгол улсын тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан ойн тогтвортой менежентийг хэрэгжүүлэх.
11. Бусад салбарын үйл ажиллагаанд шаардлагатай ойн нөөц, экосиситемийн үйлчилгээний хэрэгцээ, ойн экосистемд эдгээр салбарын үзүүлэх нөлөөг зохих ёсоор анхаарч, салбар хоорондын хамтын ажиллагааг зохицуулах.
12. Эрдэм шинжилгээний байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, ойн судалгаа шинжилгээ, төрөл бүрийн үнэлгээ, ойн бүртгэл, тооллого явуулах түүнчлэн ойн нөөцийн зохистой ашиглалтын талаар хийсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүн, ой модны талаар олон улсын мэдээллийн солилцоо хийх ажлыг эрчимтэй өргөжүүлж, үндэсний сургалт, боловсролын  байгууллагуудыг бүрэн ашиглах.
13. Монгол улсын нэгдэн орсон ойн асуудалтай холбоотой олон улсын конвенц, гэрээ, хэлэлцээрийг мөрдөж, ой модны гаралтай бүтээгдэхүүнийг худалдаалах олон улсын хууль тогтоомжийг хүндэтгэн хэрэгжүүлэх.
14. Нутгийн иргэдэд түшиглэсэн ойн хамтын менежментийг тусгайлан дэмжих.

II.2. Ойн бодлогын үндсэн зорилго

Монгол орны ойн бодлогын үндсэн зорилго нь дээр дурьдсан зарчимд тулгуурлан ойн нөөц баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлж, ой мод, ойн дагалт нөөц баялгийн бүтээгдэхүүн, экосистемийн үйлчилгээг тогтвортой байлгаж, улмаар нэмэгдүүлэхэд оршино.

III. ОЙН БОДЛОГЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ, СТРАТЕГИ

Ойн бодлогын үндсэн чиглэл

Ойн үндэсний бодлого нь дараах 5 үндсэн чиглэлээр тодорхойлогдож байна. Үүнд:

  1. Ойн байгууллагын бүтэц зохион байгуулалт, эрх зүйн орчин, ойн сангийн бүртгэл, тооллого, тогтвортой менежмент.
  2. Ойн нөөц, биологийн төрөл зүйлийн хадгалалт, хамгаалалт.
  3. Ойн үрийн аж ахуй, мод үржүүлэг, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт
  4. Ойн нөөцийн тогтвортой ашиглалт.
  5. Ойн салбарын шинжлэх ухаан, мэдээлэл, мэргэжлийн боловсрол, сургалт, сурталчилгаа.

 

Нэгдүгээр чиглэл. Ойн байгууллагын бүтэц зохион байгуулалт, эрх зүйн орчин, ойн сангийн бүртгэл, тооллого, тогтвортой менежмент


Стратегийн зорилго

Ойн бодлогын нэгдүгээр үндсэн чиглэлийн стратегийн зорилго нь уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамаарсан Монгол орны ойн сангийн өөрчлөлтийг нарийвчлан тодорхойлж, ойг хамгаалах, зохистой ашиглах, бодлого, эрх зүйн орчин, ойн байгууллагын тогтвортой бүтцийг боловсронгуй болгоход оршино.

Стратегийн зорилтууд:

Зорилт 1. Ойн сангийн бүртгэл, тооллогын ажилд дэвшилтэт техник, технологи, нэвтрүүлэх замаар ойн бүртгэл тооллого, ой зохион байгуулалтыг 10 жил дутамд тогтмол хийж, жилийн хүчин чадлыг 2.0 сая гад хүргэх, их хэмжээний түймэр, хөнөөлт шавьж, өвчин г.м. сөрөг хүчин зүйлсийн нөлөөгөөр гарсан ойн сангийн өөрчлөлт, хомсдолыг тухай бүр, цаг алдалгүй тодорхойлох;

Хэрэгжүүлэх стратеги

1.1. Сансраас тандан судлах нэгдсэн лаборатори байгуулж, газар зүйн мэдээллийн систем, өндөр ялгах чадвар бүхий сансрын болон агаарын гэрэл зураг ашиглан ойн зураг үйлдэх, системчилэн байрлуулсан дээж талбай болон бусад дэвшилтэд арга, техник, технологи нэвтрүүлэх замаар ой зохион байгуулалтын ажлын чанарыг сайжруулах;
1.2. Ой зохион байгуулах ажлын нэгдсэн үр дүнг төв мэдээллийн санд төвлөрүүлж, төрийн болон хувийн хэвшилд суурилсан ой зохион байгуулалтын ажлын  материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжлийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлж, тандан судалгаанд сургах;
1.3. Өндөр эрчимтэй түймэр, салхи, цас, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдэж, их өөрчлөлтөнд орсон буюу ой мод нь устсан ойд тооллого, судалгаа хийж, ойн сангийн өөрчлөлт, хомсдлыг тухай бүр, цаг алдалгүй тодорхойлж, авах арга хэмжээг шуурхай төлөвлөх;

Зорилт 2. Монгол орны ойн салбарт ойн тогтвортой менежмент нэвтрүүлж, ойн менежментийн болон урт хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;

Хэрэгжүүлэх стратеги

2.1. Ойн тогтвортой менежментийг үнэлэх хэмжүүр, шалгуур үзүүлэлт боловсруулах;
2.2. Ойн зохион байгуулалтын үед таксацын ялгарал, хэсэглэл бүрээр тогтоосон ойг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх ажлын төрөл, хэмжээнд үндэслэн эзэмшлийн ой, сум, аймаг, нийслэл, улсын түвшинд ойн тогтвортой менежментийн төлөвлөгөө боловсруулж,  хэрэгжүүлэх;
2.3. Нийслэл, аймаг, сум, дүүрэг, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, нөхөрлөл бүр ой ашиглалт, ойн аж ахуйн арга хэмжээг ойн менежментийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх нөхцлийг хуульчилж мөрдүүлэх;
2.4. Ойн аж ахуйг хөтлөн явуулах урт хугацааны мастер төлөвлөгөөг улсын хэмжээнд боловсруулж  хэрэгжүүлэх;
2.5. Ойн салбарын хөтөлбөрүүд, менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэх ажлыг улс, орон нутгийн төсөв, аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгө, дотоотын болон олон улсын хандив, тусламж, төслийн хөрөнгөөр тогтвортой санхүүжүүлэх.
2.6. Ойн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох чиглэлээр хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

Зорилт 3. Ойн байгууллагын тогтвортой бүтцийг бий болгож, ойн ангид суурилсан хамтын эзэмшлийн ойн аж ахуйг хөгжүүлэх;

Хэрэгжүүлэх стратеги

3.1. Ой бүхий аймаг, сумдад улсын болон орон нутгийн төсвөөр ой анги байгуулах замаар ойн удирдлагын бүтцийг бэхжүүлж, хамтын эзэмшлийн ойн нөхөрлөлийг мэргэжлийн удирдлагаар хангах, ойн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих нөхцлийг бүрдүүлэх;
3.2. Баруун, Төв, Зүүн болон Говийн бүсийг түшиглэсэн үлгэр жишээ Ойн аж ахуйг байгуулж, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлыг явуулах;
3.3. Орон нутаг дахь ойн мэргэжлийн байгууллагыг өмчийн бүхий л хэлбэрээр зохион байгуулах;
3.4. Ой бүхий сумдад ойн нөхөрлөлүүдийг сайн дурын үндсэн дээр байгуулах, улсын ойн сангийн 20 хүртэл хувийг эзэмшүүлэх замаар ойн санг тодорхой эзэнтэй болгож, хамтын эзэмшлийн ойн аж ахуйг хөгжүүлэх;
3.5. Ойн нөхөрлөлүүдийн эдийн засгийн урамшууллын тогтолцоо, байгалийн нөөц ашигласны төлбөрийн хуваарилалт, дахин хуваарилалтын систем бий болгох;
3.6. Ойн үндэсний бодлогыг хэрэгжүүлэхэд холбогдох бусад яам, агентлаг, орон нутгийн төрийн байгууллага хоорондын ажлын уялдааг сайжруулж, үндэсний болон бус нутаг, олон улсын байгууллагатай нягт хамтран ажиллах;

Зорилт 4. Ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох.

Хэрэгжүүлэх стратеги

4.1. Зохих судалгаа хийсний үндсэн дээр ойн холбогдолтой хууль тогтоомжуудад нэмэлт, өөрчлөлт оруулах, бусад хуулиудтай уялдуулах замаар эрх зүйн хүрээнд шинэчлэлт хийж, хэрэгжилтэд тавих хяналтыг эрчимжүүлэх;
4.2. Хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар БОАЖЯ, Ойн газар, аймаг, нийслэл, сумын ойн асуудал хариуцсан нэгжүүд ойн хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих эрх зүйн орчин бий болгох;
4.3. Ойг гэрээгээр эзэмшиж авсан аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөлийн ойн менежментийн төлөвлөгөөнд туссан арга хэмжээг саадгүй, шуурхай хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх;
4.4. Ой бүхий сумын жилийн төсвийн тодорхой хэсгийг орон нутагт хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрөөр бүрдүүлэх даалгавар өгдөг практикийг таслан зогсоож улс, орон нутгийн батлагдсан төсвөөр бүрэн санхүүжүүлж байх эрх зүйн орчин бүрдүүлж, мөрдөх.

Хоёрдугаар чиглэл. Ойн экосистем, биологийн төрөл зүйлийн хадгалалт, хамгаалалт

Стратегийн зорилго

Ойн нөөцийг түймэр, хөнөөлт шавьж, өвчин, хууль бус мод бэлтгэлийн сөрөг нөлөөллөөс хамгаалж, урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлж, ойн доройтол, хомсдлыг бууруулна.

Стратегийн зорилтууд:

Зорилт 1. Ойн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлын  чадавхийг сайжруулах;

Хэрэгжүүлэх стратеги

1.1. Түймрээс сэргийлэх, түймэртэй тэмцэх талаар аймаг, нийслэл, сумын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын биелэлтийг жил бүр дүгнэж, төлөвлөгөөт ажлыг санхүүжүүлэх, хэрэгжүүлэхэд зөрчил, дутагдал гаргасан байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцож байх эрх зүйн орчин бүрдүүлэх;
1.2. Ойн түймрээс сэргийлэх, түймэртэй тэмцэх ажлын материаллаг баазыг бэхжүүлж, аймгийн онцгой байдлын газар, сумын ойн асуудал хариуцсан нэгжийн дэргэд ой, хээрийн түймэр унтраах хэсэг (станц) байгуулж гал унтраах машин, тоног төхөөрөмж хэрэгсэл, бодисоор хангаж төсвөөс санхүүжүүлэх;
1.3. Улсын хилийн бүс, шаардлагатай газруудад түймрийн эсрэг шороон зурвас татах, зам, ойн зааг гаргах ажлыг зохион байгуулах зэргээр түймрийн тархалтаас сэргийлэх арга хэмжээг авах;
1.4. Ой бүхий аймаг, сумдад улирлын урамшуулалттай түймрийн эргүүл гаргах, түймэр унтраах сайн дурын бүлэг зохион байгуулах замаар түймрийг шуурхай илрүүлэх, тэнд ажилласан хүмүүст санхүүгийн урамшуулал үзүүлэх механизм бүрдүүлэх;
1.5. Үүлэнд нөлөөлж, зориудаар хур тунадас оруулах ажлыг өргөтгөх замаар их хэмжээний түймрийг хохирол багатай унтраах;
1.6. Хил дамжсан түймрээс сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар хөрш орнуудтай Засгийн газар хооронд гэрээ байгуулах, байгуулсан гэрээг хэрэгжүүлэх, хил дамнан гарч байгаа түймрийн мэдээллийн сүлжээг сайжруулах;
1.7. Ой, хээрт түймрийн аюулгүй байдлыг хангах, түймрээс учирсан хохирлыг тогтоох, тооцох дүрэм, журам, норм, нормативыг тогтмол шинэчлэн сайжруулах, тэдгээрт хяналт тавих тогтолцоог төгөлдөржүүлэх;
1.8. Сансраас тандан судлах, агаарын болон газрын эргүүл гаргах замаар ойн түймрийг шуурхай илрүүлж, тэмцэх, арга хэмжээ авах;

Зорилт 2. Ойг хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалах ажлын үр өгөөжийг дээшлүүлэх;

Хэрэгжүүлэх стратеги

2.1. Хөнөөлт шавьжны олшролтонд байнгын мониторинг хийсний үндсэн дээр шавьжийн тоо толгойн өсөлт эхлэх үед хөнөөлт шавьжтай тэмцэх арга хэмжээг авах, тэмцэх ажилд биологийн шинжлэх ухааны орчин үеийн ололтыг нэвтрүүлэх замаар, тэмцлийн ажлын үр дүнг сайжруулах;
2.2. Ойн хөнөөлт шавьж, өвчний тархацын иж бүрэн судалгаа явуулж, их хэмжээний тархалтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын мэдээллийн санг бий болгох;
2.3. Ойн хөнөөлт шавьж, өвчинтэй тэмцэх ажилд химийн хорт бодисын хэрэглээг эрс багасгаж, бактерийн бэлдмэл голлож хэрэглэх, шаардлагатай бэлдмэлийг дотооддоо үйлдвэрлэх ажлыг зохион байгуулж, тэмцлийн ажилд биологи, биотехник, физик-механик, ойн аж ахуйн аргыг өргөн нэвтрүүлэх;
2.4. Ойн газрын дэргэд улсын хэмжээнд ойн хөнөөлт шавьж, өвчинтэй тэмцэх хэсэг, аймагт мониторингийн судалгааны хэсэг байгуулж, судалгааны лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах;

Зорилт 3. Ойн хууль бус ашиглалтыг хязгаарлах.

Хэрэгжүүлэх стратеги

3.1. Улс, аймаг нийслэлийн мэргэжлийн хяналтын болон ойн байгууллага, цагдан сэргийлэх байгууллагуудын хамтын ажиллагаа, олон нийт, ойн нөхөрлөл, иргэдийн идэвхитэй оролцоог хангасны үндсэн дээр ойн хууль бус ашиглалттай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, “Хууль бусаар мод бэлтгэх, худалдах үйлдэлтэй тэмцэх” мастер төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх;
3.2. Аймаг, сум, сум дундын Ойн ангиуд ойн баялгийн хууль бус ашиглалттай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бий болгох, машин техникийн хангамжийг сайжруулах;
3.3. Ойн санг эзэмшиж байгаа нөхөрлөлүүд, иргэд хууль бус мод бэлтгэл, дагалт ашиглалтай тэмцэх ажилд идэвхтэй оролцох урамшууллын хөшүүрэг бий болгох;

Зорилт 4. Ойн экосистемийн биологийн олон янз байдлыг хадгалж, хамгаалах.

Хэрэгжүүлэх стратеги

4.1. Биологийн олон янз байдал, экосистемийн онцгой ач холбогдол бүхий ойн сангийн газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч хадгалж, хамгаалах;
4.2. Ойн эдийн засгийн болон экологийн үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд таниулан ойн экосистемийн нийгэм эдийн засагт үзүүлж буй үйлчилгээг үнэлж тогтоох;
4.3.Олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, төслийн дэмжлэгтэйгээр “Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах (REDD, REDD+)” хөтөлбөр, Цэвэр хөгжлийн механизмын ойжуулалтын төсөл хэрэгжүүлэх.


Гуравдугаар чиглэл. Ойн үрийн аж ахуй, мод үржүүлэг, ойжуулалт, ойг нөхөн сэргээлт

Стратегийн зорилго

Байгаль, цаг агаарын эрс тэс байдал, уур амьсгалын хуурайшилтын нөхцөлд дасан зохицох чадвар бүхий удамшлын чанар сайтай ойн үр, тарьц, суулгацын материалаар ойг нөхөн сэргээх, үржүүлэх ажлын хэрэгцээг бүрэн хангаж, ойжуулалт, ой үржүүлэх ажлын хэмжээ, чанарыг дээшлүүлэн, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон ойг бий болгох дэлхий нийтийн хандлагад тулгуурлан ойн хомсдлыг бууруулан экологийн тэнцвэрт байдлыг хадгална.

Стратегийн зорилтууд:

Зорилт 1. Монгол орны ойн генийн санг хамгаалах, байгаль цаг уурын тохиромжгүй нөхцөл, хуурайшилт, дулааралд мод, сөөгний дасан зохицох чадварыг сайжруулах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон ойн үрийн аж ахуйн цогц бодлогыг хэрэгжүүлж, удамшлын болон тариалалтын чанар сайтай үрээр ойг нөхөн сэргээх, үржүүлэх ажлын хэрэгцээг бүрэн хангах;

Хэрэгжүүлэх стратеги

1.1. Ойг нөхөн сэргээх, тарьц, суулгац бойжуулахад шаардлагатай удамшлын болон тариалалтын чанар сайтай үрийг ойн үрийн байнгын хэсэг, плантац байгуулах замаар бэлтгэх, ойн үрийн плантац, ойн үрийн байнгын хэсэг байгуулахад зөвхөн шилмэл ой, шилмэл модноос түүсэн удамшлын сайн чанарын үр болон тэдгээрээс клоны бичил үржүүлгийн аргаар гаргаж авсан тарьц суулгацыг ашиглах;
1.2. Ойн үрийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх хэвшлийн мэргэжлийн байгууллагуудын хүчин чадал, техник технологи, санхүүгийн чадамжийг дээшлүүлэн ойн үрийн аж ахуйн бодлого хэрэгжүүлэх тулгуур бааз болгон хөгжүүлэх;
1.3. Мод, сөөгний үрийн улсын нөөцийн сангийн хүчин чадлыг нэмэгдүүлж, үрийн плантац, байнгын хэсгээс бэлтгэсэн удамшлын чанар сайтай үрийг нөөцлөн хадгалах, ойн үрийн аж ахуйн чиглэлээр олон улсын харилцааг өргөжүүлж, үрийн аж ахуйн менежмент, судалгаа шинжилгээний чиглэлээр хөрш улсуудтай хамтран ажиллах, мэргэжлийн байгууллага, мэргэжилтний чадавхийг дээшлүүлэх;
1.4. Мод үржүүлгийн газарт тариалах үрийг тухайн бүс нутгийн ойн үрийн мэргэжлийн байгууллагаар бэлтгүүлж, үрийн гарал үүсэл, удамшлын чанарт нарийн хяналт тогтоох;

Зорилт 2. Ойжуулалтын ажлын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг байгаль цаг уурын тохиромжгүй нөхцөл, хуурайшилт, дулааралд дасан зохицсон мод, сөөгний тарьц, суулгацаар бүрэн хангах;

Хэрэгжүүлэх стратеги

2.1..Мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, аймаг, бүсийн хэмжээний мод үржүүлгийн газрууд шинээр байгуулж, жил бүр бойжуулан гаргах тарьц, суулгацын нэр төрөл, тоо хэмжээг тогтвортой болгоход чиглэсэн урт хугацааны хөтөлбөр боловсруулж  ажиллах;
2.2 Мод үржүүлгийн ажилд байгаль цаг уурын өөрчлөлт, тохиромжгүй нөхцөл, ган хуурайшилтанд тэсвэртэй, дасан зохицох чадвар, өсөлт сайтай тарьц, суулгац үржүүлэх дэвшилтэт технологи, техник нэвтрүүлэх, бортоготой болон далд үндэсний систем бүхий тарьц бойжуулах;
2.3. Монгол орны эрс тэс уур амьсгал, хуурайшилтын байдалд дасан зохицсон мод, сөөгийг сонгон шалгаруулах, эвцэлдүүлэх, ген шилжүүлэн суулгах аргаар бий болгох;
2.4. Монгол оронд ургадаггүй болон онцгой үнэт чанар бүхий мод, сөөгийг хорио цээрийн нарийн хяналтын доор дасган нутагшуулах зорилгоор импортоор авахыг зөвхөн шинжлэх ухааны байгууллагуудад зөвшөөрөх;
2.5. Монгол оронд ургадаг хүнс тэжээлийн болон эмийн онцгой ач холбогдолтой байгалийн мод, сөөг (Яшилдуу чацаргана г м ) бусад ургамлын генийн санг хадгалах үүднээс тэдгээр ургамал, түүний үр, мөчир зэргийг экспортлохыг хориглох;
2.6. Хот цэцэрлэгжүүлэх ажилд ойгоос авч ашиглаж байгаа мод, сөөгний нэр төрөл, тоог эрс цөөлж, мод үржүүлгийн газарт бойжуулсан суулгацыг ашиглах;

Зорилт 3
. Ойгүй болсон ойн талбайг нөхөн сэргээж, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх, ойн зурвас, хамгаалалтын ой байгуулах замаар бүс нутгийн ойрхог чанарыг дээшлүүлэх, цөлжилтөөс хамгаалж байгаль орчны экологийн тэнцвэрт байдлыг сайжруулах.

Хэрэгжүүлэх стратеги

3.1. Oйжуулах, түүнийг хамгаалах, арчилж тордох ажлыг иж бүрэн цогц байдлаар хэрэгжүүлэх “Ойг нөхөн сэргээх ажлын хөтөлбөр” боловсруулан хэрэгжүүлж, ойжуулалт, ойн нөхөн сэргэлтийг дэмжих ажлын хүчин чадлыг жилд 10000 га-д хүргэх;
3.2. Улсын ойн сангийн ойжуулах шаардлагатай талбай, ой модгүй газар шинээр ой үржүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудын хүчээр улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр, шинээр мод бэлтгэсэн талбайг тухайн ашиглагч байгууллагын хүч хөрөнгөөр нөхөн сэргээх;
3.3. Монгол орны дулаарал, хуурайшилтанд дасан зохицсон суулгац материал болон технологийг ойжуулалт, ой үржүүлэх ажилд хэрэглэх;
3.4. Ойг нөхөн сэргээх ажил хийх шаардлагатай талбай, ойжуулах дарааллыг тогтоох, байгаль цаг уурын бүс бүслүүр, хөрс, ойн хэвшинж бүрт зохицсон ойжуулах технологи боловсруулах судалгааны ажлыг эрдэм шинжилгээний байгууллагаар захиалан хийлгэж, үр дүнг практикт хэрэгжүүлэх;
3.5. Ойн байгалийн сэргэн ургалтанд туслах ажлын хэлбэр хэмжээг тухайн жилийн байгаль цаг уурын нөхцөл, модны үрийн ургацтай уялдуулан тогтоож хэрэгжүүлэх;
3.6. Ойг нөхөн сэргээх ажлын улирлаас хамаарах байдлыг багасгаж, бортоготой тарьцаар ойжуулах технологи нэвтрүүлж, зуны тарилт хийх боломж бүрдүүлэх;
3.7. Хээр, говийн бүсийн хуурай, хэт хуурай нөхцөлд дасан зохицсон мод, сөөгөөр хамгаалалтын ойн зурвас шинээр байгуулах, ой үржүүлгийн ажлыг өргөжүүлэх;
3.8. Ойжуулах, ойг нөхөн сэргээх ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх.

Дөрөвдүгээр чиглэл. Ойн нөөц, баялгийн тогтвортой ашиглалт

Стратегийн зорилго

Монгол орны ойн онцлог, газар нутгийн нөхцөлд тохирсон, байгаль орчинд ээлтэй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан дэвшилтэт техник, арга, технологоор ойн нөөц баялгийг иж бүрэн, тогтвортой ашиглаж, ойн эрүүл орчныг бүрдүүлэх, ойн дагалт нөөц, мод, модон материалын хэрэгцээг хангана.

Стратегийн зорилтууд:

Зорилт 1.
Орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий иж бүрэн ой-модны үйлдвэр, жижиг аж ахуйг хөгжүүлж, ойн замын сүлжээг сэргээн өргөжүүлж, тогтвортой менежмент, байгаль орчинд ээлтэй технологоор ойн нөөцийг зүй зохистой ашиглах замаар өөрийн орны модон материалын хэрэгцээг бүрэн хангах;

Хэрэгжүүлэх стратеги

1.1. Мод бэлтгэл, ойн нөхөн сэргээлт, хамгаалалтыг хослуулан ажиллах чадвар, техник технологи бүхий аж ахуйн нэгж, байгууллагад ойн санг гэрээгээр эзэмшүүлсний үндсэн дээр ойн нөөц, баялгийг ашиглуулах журамд шилжих;
1.2. Улсын хэмжээгээр түлшинд хэрэглэж байгаа модны хэмжээг бууруулах зорилгоор нар, салхины эрчим хүч, биотүлш, утаа багатай шахмал түлшний үйлдвэрлэлийг дэмжих;
1.3. Тухайн жилд үндсэн ашиглалтын огтлолт болон ойн арчилгаа цэвэрлэгээгээр ойгоос ашиглах модны дээд хязгаарыг тогтоохдоо ойн сангийн тодорхой хэсгийг урт хугацааны гэрээгээр эзэмшиж байгаа нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагын ойн менежментийн төлөвлөгөөний дагуу тогтоож хэрэгжүүлэх;
1.4. Монгол орны модон материалын хэрэгцээг бүрэн хангах зорилгоор ойн аж ахуйн арга хэмжээ, ойн ашиглалтыг цогц байдлаар явуулах үндсэн чиг үүрэг бүхий төрийн өмчийн оролцоотой ой-модны үйлдвэрийг бүсчилэн байгуулж ажиллуулах;
1.5. ОХУ-аас бөөрөнхий мод, зүсмэл материал хөнгөлөлттэй нөхцлөөр импортлох, тус улсад ойн санг гэрээгээр эзэмших асуудлыг Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгаж шийдвэрлэх арга хэмжээ авах;
1.6. Ойгоос мод бэлтгэж, зүсмэл материал үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд нь зүсмэл материалаар эцсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэрүүдэд бөөрөнхий мод болон зүсмэлийг гэрээ, захиалгаар шууд нийлүүлдэг тогтолцоо бий болгох;
1.7. Ашиглалтын ойн нөөц бүхий зарим бүс нутагт мод тээврийн ойн төв замыг  шинээр байгуулах, түймэр унтраах, хортон шавьж устгах, аялал жуулчлал явуулах зорилгоор ашиглах боломж бүхий мод тээврийн ойн салаа замыг барьж байгуулах, хуучин зам, гүүрийг сэргээн засах;

Зорилт 2.
Мод боловсруулах үйлдвэрүүдэд орчин үеийн техник, технологи нэвтрүүлж, модны ашиглалтын түвшинг дээшлүүлэн уламжлалт болон шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх;

Хэрэгжүүлэх стратеги

2.1. Ойн сангийн ашиглалт, хамгаалалтын горим, дэглэмийг оновчтой болгох, мод боловсруулах үйлдвэрүүдэд модыг гүнзгий боловсруулах орчин үеийн техник, технологийг нутагшуулж, модны ашиглалт, боловсруулалтын түвшинг дээшлүүлэх,  хаягдал модыг боловсруулах, шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ойгоос бэлтгэсэн 1 шоометр модны ашиглалтыг 80 хувьд хүргэх;
2.2. Төрөл бүрийн модлог хавтан, фанер, барилгын хаалга, цонх, паркетэн шал зэрэг зарим нэрийн бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлэх замаар дотоод зах зээлийг хамгаалах;
2.3. Одоо ажиллаж байгаа модны захуудын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөн мод, модон материалыг борлуулах Ойн биржийг нийслэл, аймаг орон нутагт байгуулж ажилуулахыг дэмжих;
2.4. Ойн нөөцгүй бүс нутгийн мод боловсруулах жижиг үйлдвэрүүдийг модон материал, бэлдэцээр хангах ажилд татварын хөнгөлөлт, санхүүгийн урамшуулал, дэмжлэг үзүүлэх;
2.5. Наамал, матмал модон эдлэл, фанер, мебелийн хуулга үйлдвэрлэх дэвшилтэт технологи бүхий жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулахад дэмжлэг үзүүлэх;

Зорилт 3. Нөхөрлөлд тулгуурлан ойн хаягдал, дагалт баялгийг ашиглах, үр, тарьц бэлтгэж ойг нөхөн сэргээх зэрэг ногоон ажлын тогтмол байр бий болгох замаар хөдөөгийн ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах;

Хэрэгжүүлэх стратеги

3.1. Байгаль дахь нөөц, тархалтыг бууруулахгүйгээр экологийн тэнцвэрт байдлыг нь хадгалан ойн дагалт нөөцийг бэлтгэж, боловсруулах ажлыг өргөжүүлэх, нэр төрлийг олшруулах замаар хүн амын хүнс, тэжээл, үйлдвэрлэлийн хэрэгцээг хангаж, нөхөрлөл, өрхийн орлогыг нэмэгдүүлэх;
3.2. Ашиглах боломжтой ойн дагалт баялгийн нэр төрөл, нөөцийг тогтоож, тэдгээрийн байршил, түүж ашиглах хугацааг бүс нутгаар гаргаж мөрдүүлэх;
3.3. Нөөц, тархалт багатай баялгийг тодорхой хугацаагаар бэлтгэж ашиглахыг зогсоож байгаль дээр өсөж үржих, тэлэх боломжийг хангах;
3.4. Ойн амьтдын хоол тэжээлд зориулж жимс, самрын нийт ургацын тодорхой хэсгийг хамгаалж үлдээх, мөөг, жимс, самрын ургацын байдалд жил бүр тооллого хийж тухайн жилийн ургацын хэмжээнд тохирсон зөвшөөрөл олгох,
3.5. Нутгийн иргэдийн оролцоонд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийн үндэсний хөтөлбөрийг боловсруулж батлуулах;
3.6. Ойн дагалт баялгийн үр өгөөж, нэр төрлийг олшруулахад чиглэсэн судалгаа  шинжилгээний ажлыг идэвхжүүлэх, үр дүнг практикт нэвтрүүлэх;
3.7. Ойн дагалт баялгийн нөөцийг нэмэгдүүлэхийн тулд түүнийг хамгаалах, зориуд нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжих;
3.8. Жимс, самар, мөөг, эмийн болон хүнс, тэжээлийн ургамал зэрэг амархан муудаж гэмтдэг дагалт баялгийг хүлээн авах, анхан шатны боловсруулалт хийх төвлөрсөн цэгүүдийг сумдад байгуулж ажиллахыг дэмжих;

   Зорилт 4. Ойн эрүүл орчинг бүрдүүлэх, хэвийн өсөлтийг хангах, ойн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор ойд арчилгаа цэвэрлэгээний огтлолтыг тухайн бүс нутгийн онцлогт тохируулан явуулж, модон бүтээгдэхүүний хэрэгцээний тодорхой хэсгийг хангах;

Хэрэгжүүлэх стратеги

4.1. Шигүү ойд хийх арчилгааны оглолтыг зулзган ойгоос эхлэн ой модны болцын нас хүртлэх хугацаанд тодорхой давтамжтайгаар тасралтгүй хийх  эдийн засаг, зохион байгуулалтын нөхцөл бүрдүүлэх;
4.2. Цэвэр ой хөтөлбөрийг дэс дараатайгаар хэрэгжүүлэх замаар дотоодын мод, модон бүтээгдэхүүний хэрэгцээг тодорхой хувиар хангах;

Зорилт 5.
Дотоодын нийт бүтээгдэхүүнд ойн салбарын эзлэх хувийг тогтвортой нэмэгдүүлж үндэсний эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах.

5.1. Мод, модон түүхий эдийн экспортыг хязгаарлах, мод орлох бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэлийг дэмжих талаар эдийн засгийн хөшүүрэг бий болгох;
5.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, импортын мод, модон материалыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх арга хэмжээ авах;
5.3. Мод бэлтгэлийн ажилд газар нутгийн нөхцөлд тохирсон, байгаль орчинд ээлтэй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах дэвшилтэт арга, техник, технологи  нэвтрүүлэх ажилд эдийн засгийн урамшуулал, бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх.

Тавдугаар чиглэл. Ойн салбарын шинжлэх ухаан, мэдээлэл, мэргэжлийн боловсрол, сургалт, сурталчилгаа


Стратегийн зорилго

Ойн салбарын судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлж, мэргэжлийн боловсрол, сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажлыг төгөлдөржүүлнэ.

Стратегийн зорилтууд:

Зорилт 1. Ойн салбарт судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлж, дэвшилтэт арга, технологи боловсруулах, инновацийн хөрөнгө оруулалт хийх замаар судалгааны үр дүн, шинэ санаа, дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;

Хэрэгжүүлэх стратеги

1.1 Ойн удаан хугацааны мониторингийн үндсэн дээр ой модны экологийн ач холбогдол, үнэ цэнийг тогтоох, ойг хадгалах, хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах, ойн баялагийг нөхөн сэргээх, зохистой ашиглах талаар суурь судалгааны сэдэвт ажил, хавсарга судалгаа, инновацийн төслийг эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуульд захиалан хийлгүүлэх ажлыг эрчимжүүлэх;
1.2. Тал, хээрийн бүс, цөл, цөлийн хээрт бэлчээр, тариалангийн талбайг хөрсний элэгдэл, цөлжилтөөс хамгаалах бэлчээрийн болон хөдөө аж ахуйн таримал ургамлын ургацыг нэмэгдүүлэх зорилго бүхий ойн зурвас, төгөл, ногоон хаалт ургуулах, түүнд ашиглах модны төрөл зүйл, бүрдлийг сонгож, тэдгээрийг тарьж ургуулах агротехник, технологийг боловсруулах;
1.3. Ойн сан, тусгай хамгаалалттай газар нутагт ойн тогтвортой менежмент хэрэгжүүлэх, ойтой нутгийн биологийн төрөл зүйлийг хамгаалах, ойн хөрс, ус хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх талаар судалгаа явуулж, үр дүнг практикт нэвтрүүлэх;
1.4. Ойн бүртгэл тооллогын ажлыг сайжруулах, уулын ойд үндсэн ашиглалтын огтлолт явуулах, мод боловсруулах үйлдвэрлэлийн арга, технологи боловсруулах  туршилт судалгааг өргөжүүлэх;
1.5. Ойг байгалийн аясаар болон зориудаар нөхөн сэргээх талаар судалгаа явуулж, энэ чиглэлийн дэвшилтэт технологийг ой-ургамалжилтын муж, хошуу, бүс нутгийн онцлогт тохируулан боловсруулах;
1.6. Ойн салбарт хөрөнгө оруулалт хийх замаар ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд шинэ техник технологи нэвтрүүлэх, гадаад орон, олон улсын байгууллагын тусламж дэмжлэгтэйгээр сургалт, судалгаа шинжилгээний ажил, төсөл хэрэгжүүлэх;
1.7. Эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн дэргэд ойжуулалт, нөхөн сэргээлт, ой хамгаалал, мод ашиглах, боловсруулах үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, дамжуулах нэгж, инкубаторийн төв, өндөр технологийн жижиг дунд үйлдвэр байгуулахыг төрөөс дэмжих,
1.8. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын материаллаг бааз, хүний нөөцийг бэхжүүлэх;

 Зорилт 2. Ойн чиглэлийн их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалтын төвийн материаллаг баазыг бэхжүүлэх, багш нарын чадавхийг дээшлүүлэх, мэргэжлийн боловсрол олгох, давтан сургалтын чанарыг сайжруулж мэргэжлийн боловсон хүчин, ажилчид бэлтгэх;

Хэрэгжүүлэх стратеги

2.1. Ойн салбарт ажиллаж байгаа болон бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчнийг дотоод, гадаадын урт, богино хугацааны сургалтад хамруулах, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах ажлыг төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэх;
2.2. Ойн чиглэлийн их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалтын төвийн  материаллаг баазыг бэхжүүлэх, багш нарын чадавхийг дээшлүүлэх ажилд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
2.3. Ойн мэргэжлийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, ойг гэрээ түрээсээр эзэмшигч нарыг тусгайлан сургаж, тэдгээр хүмүүсээр дамжуулан нутгийн иргэдэд сургалт, сурталчилгаа хийх;

Зорилт 3. Олон нийтийн мэдээлэл, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх.

Хэрэгжүүлэх стратеги

3.1. Ойн салбарын мэдээ, мэдээллийн боловсронгуй тогтолцоог бий болгож, мэдээллийг олон нийтэд байнга хүргэж, ил тод байдлыг хангах, боловсрол соёл урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах.
3.2. Ойн үндэсний бодлого, ой модны олон талын ач холбогдол, ойг нөхөн сэргээх, хамгаалах, ойн хууль тогтоомжийн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр мэдээлэх, сурталчилах.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж