Загасны уурга, далайн тээвэр, нефтийн хаанчлал

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

Загасны уурга, далайн тээвэр, нефтийн хаанчлал

Зуунаар ярьвал тун саяхан буюу 300-гаад жилийн өмнө л Саудын Арабын гүнээс нүүдэллэж ирсэн нүүдэлчин аймаг Персийн булангийн хойд хэсэг буюу одоогийн Кувейт улсын нутагт ирж суурьшжээ. Тэр үед энэ газар нутаг усгүй, өчүүхэн жижиг баян бүрд ч үгүй элсэн цөл байсан тул хүн амьтан олноор суурьшдаггүй эзгүй нутаг байж. Загас барьж, далайгаас шүр түүж амьдардаг байсан нүүдэлчин омгийн дундаас Сабахын гэр бүлийнхэн удирдагчаар сонгогдож, үүнээс хойш түүний хоёр хүү Жабар, Салимын удмаас ээлжлэн хаан ширээг залгамжлах болсон байна. Харин 1990 онд Иракийн арми Кувейтийг довтолж, түүхийн бүх дурсгалыг нь сүйтгэсний дараа тус орны эрдэмтэд өнгөрсөн 300 жилийн түүхээ шинээр сэргээн бичих ажлыг сүүлийн 20 жилийн турш хийж байна. Сүүлийн 300 жилийн турш энэ улс яаж амьдарсан, газрын тос олохоос өмнө ямар байсан, олсоноос хойш энэ орны нийгэм, эдийн засагт ямар өөрчлөлт гарсан гэх мэтчилэн. Энэ талаарх түүхэн бичиг баримт, номын сангууд дайны үед бүгд устаж үгүй болсон тул хөрш зэргэлдээ болон бусад улс орнуудаас олдсон түүхэн эх сурвалжууд дээр түшиглэн шинээр бичсэн түүхийн судалгаагаа Хятад, Орос, Чех, Франц, Англи, Польш, Испани хэл дээр орчуулан гаргаад байгаа аж.

Дөрвөн жилийн өмнө анх Ерөнхийлөгч Н.Энхбаярыг айлчлахад кувейтчүүд монголчуудыг яаж хүлээж авсан, тэр л янзаараа манай аяллын багийнхныг ч бас халуун дотноор хүлээж авав. Өнгөрөгч онд Ерөнхий сайд С.Батболд ч мөн л тус улсад албан ёсны айлчлал хийсэн. Ингэж халуун дотно хүлээж авах шалтгаан нь нэгдүгээрт монголчуудтай адил нүүдэлчин соёл иргэншлээс суурин соёл иргэншилд шилжсэн, хүчирхэг том хөрш орнуудын дунд оршдог жижиг орон, “зовлон нэгтэй” гэдгээрээ элгэмсүү. Хоёр дахь шалтгаан нь 1991 оны наймдугаар сарын 2-нд Ирак улс Кувейт рүү довтлоход тухайн үед ардилал зах зээлийн замыг дөнгөж сонгоод байсан монголчууд дэлхийн бусад улс орнуудаас хамгийн анхлан уг дайныг эсэргүүцсэн мэдэгдэл хийж байсантай холбоотой гэнэ. Тус улсын Эмир 1994 оноос хойш дөрвөн удаа Монголд айлчилсан байна. Одоогийн Эмир нь 86 настай. Түүнд ямар нэг зүйл тохиолдвол хаан ширээ түүний дүү, хунтайжид шилжих ёстой.


Кувейтийн Сэтгүүлчдийн холбооны тэргүүнтэй дурсгалын зураг татууллаа. Тэр энэ салбарт 40 жил ажиллаж байгаа.

Харин энэ удаагийн аяллын гол онцлог нь хэвлэл мэдээллийн баг дангаараа аялж, төрийн өндөр хэмжээний уулзалт, хэлэлцээрээс ангид байж, Кувейт орныг өөр өөрийн харах өнцгөөр сурвалжилсан явдал. Манайхаас ялгаатай нь тус улсын Засгийн газарт Мэдээллийн яам гэж бүхэл бүтэн төрийн том яам ажиллаж, хэвлэл мэдээллийн бодлогоо барьдаг юм байна. Кувейт улсад ажиллаж байгаа гадаадын хэвлэл мэдээллийн агентлагууд, дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон соёлын үзэсгэлэн, гадаад сурталчилгааны асуудлыг тус яам хариуцдаг. Есөн жилийн өмнө тус улс төвийн нэг телевиз, таван сонинтой байж. Харин одоо бол арав гаруй өдөр тутмын сонин, 5-6 телевиз, радиогийн олон сувагтай. Гэхдээ хувийн өмчийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь төрийн өмчийн телевиз сонингуудаасаа илүү хөгжиж, техник технологи, ажиллах нөхцөл, боловсон хүчний нөөц боломжийн хувьд ч нөгөөдүүлээ хол орхисон  гэдгийг Кувейтийн сэтгүүлчдийн холбооны тэргүүн нь хэлж байсан.

Монголд төрийн байгууллагууд дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулахыг хуулиар хориглосон, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь бүгд хувийн өмчид байдаг, Хэвлэлийн эрх чөлөөний хуультай, түүгээрээ төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт, цензур тавих зорилгоор ямар нэгэн бүтэц, байгууллага ажиллуулахыг хориглосон хэрнээ “Хэвлэлийн эрх чөлөө манайд алга” гэж дуу дуугаа авалцдаг атал Кувейтэд энэ асуудлыг хариуцсан бүхэл бүтэн төрийн яам ажиллуулж байж “Хэвлэлийн эрх чөлөөгээр бүс нутагтаа сүүлийн 10 жил тэргүүлж байгаа” гэхийг сонсоод гайхсанаа нуух юун. Гэхдээ баримт бол баримт. Сүүлийн 10 жилийн дотор тус улс Арабын ертөнцийн бусад орнуудаас хэвлэлийн эрх чөлөөгөөр нэгдүгээрт бичигдсэн байна, өнгөрөгч 2009 онд нэг удаа гуравдугаарт бичигдсэнийг эс тооцвол. Сэтгүүлчид нь газрын тос олборлож байгаа үйлдвэр болон цэргийн анги нэгтгэлээс бусад бүх газарт чөлөөтэй нэвтрэх эрхтэй. Хэрвээ урьдчилан зөвшөөрөл авбал энэ газруудад ч бас нэвтрэх боломжтой. 2007 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай шинэ хууль баталж, төрөөс хэвлэл мэдээллийг хаах, үйл ажиллагааг нь зогсоох талаар шийдвэр гаргахгүй, зөвхөн шүүхийн журмаар маргааныг шийдэж байхаар хуульчилжээ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд сэтгүүлчдийг баривчилсан, хорьсон тохиолдол нэг ч гараагүй, харин алдаатай мэдээлэл тараасан, үүнээс болж бусдын нэр төр, алдар хүндэд хохирол учруулсныхаа төлөө сэтгүүлч 10.000-100.000 ам.долларын торгууль төлсөн тохиолдол бол нэг бус удаа гарсан гэнэ. Сэтгүүлчдийнх нь дундаж цалин 15000 ам.доллар, газрын тосны салбарт ажиллагсдын цалинтай дүйж очдог юм байна. Харин биднийг тус улсад аялах үеэр хөрш зэргэлдээ Египетэд сэтгүүлч эмэгтэйг барьцаалж, хүчирхийлсэн хэрэг гарч, үүнд нь цагдаагийнхан оролцсон нь тодорхой болсон тул гадаадын сэтгүүлчдийг Египет рүү орохгүй байхыг анхааруулсан байлаа.


Кувейтийн хөрөнгийн бирж 1983 онд байгуулагдсан. Иракийн дайны дараа биржийн арилжаа эрс өсч, хоногт 200-300 сая к.д-ийн арилжаа хийж байв.

Нефьтийн баялаг “1000 жилдээ” барагдахгүй

УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр өнгөрсөн намар Ховдын ард түмэнтэй уулзахдаа “Байгалийн баялаг монголчуудыг хэдэн жил тэжээх вэ?” гэсэн иргэдийн асуултад “Үеийн үед тэжээнэ. Гэхдээ байгалийнхаа баялгийг бид хүндээ зориулж, хүнээ боловсруулж чадсан тэр цагт” гэж хариулсан. Үүнтэй яг адилхан хариултыг KPC буюу Kuwait petroleum corporation-ийн Олон нийттэй харилцах албаны дарга Монголын сэтгүүлчдэд өгсөн. Кувейтийн нефтийн баялаг “мянган жилдээ дуусахгүй” гэж.

300 жилийн өмнө анх энэ бүс нутагт нүүдэллэж ирсэн кувейтчүүдын амьжиргааны гол эх үүсвэр нь загас барих, далайгаас шүр түүх байж. Дараа нь Энэтхэгээс далайгаар ачаа тээвэрлэж, эндээсээ Стамбул руу тэмээгээр хүргээд цаашаа Европ руу наймаа арилжаа хийдэг болсон байна. Синдбадын хүүгийн тухай түүхэн номд Кувейтийн усан онгоцны тухай гардаг бол 1750 онд хэвлэгдсэн бас нэг судлаачийн номд “Кувейтийн шейхийн нүүдэлд 5000 тэмээ, 1000 хүн явсан” хэмээн гайхширснаа бичиж үлдээсэн байдаг аж. Кувейтчүүд бүс нутагтаа анх удаа өөрсдийн хийсэн модон усан онгоцоор ус тээвэрлэдэг байсан байна, Иракийн өмнөд хэсэг Басарагаас ундныхаа усыг зөөдөг байсан кувейтчүүд одоо дэлхийн хамгийн том ус цэвэршүүлэх үйлдвэртэй, далайн усыг боловсруулан ундны болон ахуйн хэрэглээний усаа гаргаж авдаг. Кувейтийн хөлөг онгоцны үйлдвэрлэл одоо ч бүс нутагтаа алдартай хэвээрээ. Харин 1930-аад оноос энд хар алт гэгддэг нефтийн цооног илэрч их хэмжээний нөөц тогтоогдсоноор тус орны амьдрал үндсээрээ өөрчлөгдсөн гэж болно. Гэхдээ 1980-аад оныг хүртэл энд гадаадынхантай хамтарсан үйлдвэрүүд зонхилдог байж. Харин 1983 онд Газрын тосны шинэ хууль гарч, гадаадын бүх компаниудыг шахан нефтийн үйлдвэрлэлийг 100 хувь төрийн өмчид авснаар энэ улс газрын тосны салбар дахь том тоглогчдын нэг болов. Ингэхдээ манайхан шиг “хуулиар далайлган дээрэм хийх” аргаар бус, хувьцааг нь худалдаж авах, нөхөн төлбөр өгөх замаар нэлээд урт хугацааны шилжилт хийсэн байна.

Гэхдээ нефтийн бүх ордоо төрийн өмчид авсныхаа “гор”-ыг тэд 1991 онд нэг удаа амссан гэж болно. Наймдугаар сарын 2-нд Ирак Кувейт рүү довтолоход хааны гэр бүлээс авахуулаад хотынхон тэр чигээ дүрвэн гарч явжээ. Угаасаа тэр үед 600 мянгахан хүн амтай байсан энэ улсын хувьд хүчирхэг цэрэг арми ч гэж байсангүй. Сабахын удмаас ганцхан хүн Эль Кувейт хотод үлдсэн нь Иракийн цэрэгт олзлогдсон байна. Энэ явдал төр бүх өмчийг эзэмшиж байгаа тохиолдолд иргэдээсээ эх оронч байхыг шаардах боломжгүй юм, хувьдаа өмчгүй хүмүүс юунд ч хариуцлага хүлээдэггүй гэдгийг ухааруулсан аж. Тиймээс сүүлийн 20 жилийн турш Кувейтийн Засгийн газар хувийн хэвшлийг хөгжүүлэх, хувийн өмчийг дээдлэх бодлого барьж байгаа.

Төсвийн орлогын дийлэнх хувь нь нефтийн үйлдвэрлэлээс ордог тус улс жилд 3,1 тэрбум баррель нефть олборлож, түүнийхээ 940 сая баррелийг нь дотооддоо боловсруулан үлдсэнийг нь түүхийгээр нь экспортолдог аж. Дэлхийн зах зээл дээрх нефтийн хэрэглээний есөн хувийг энэ улс дангаараа хангадаг гэсэн үг. Нефтийн борлуулалтаас олсон ашгийнхаа 10 хувийг Ирээдүйн санд хуримтлал болгон оруулдаг. Харин сангийн менежментийг Кувейтийн хөрөнгө оруулалтын агентлаг хийдэг байна. Өнгөрсөн жил гэхэд Кувейтийн төсвийн орлого 26 тэрбум ам.доллараар давжээ. Давсан орлогоо дэлхийн бусад орнуудад байршуулах, үр ашигтай үйлдвэрлэл, шинэ төсөлд хөрөнгө оруулах замаар хуримтлалыг бий болгодог. Тухайлбал, Америкийн Сити банкны хувьцааг 2.4 тэрбум ам.доллараар худалдаж аваад хоёр жилийн дараа гурван тэрбум ам.доллараар зарсан гэхчилэн.

Иракийн дайны дараа кувейтчүүдийн авсан бас нэг сургамж нь том хөршүүдээр хүрээлүүлсэн жижиг улс орон өөрийн газар нутгийн бүрэн бүтэн, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангахын тулд бусад улс оронтой найрамдалт харилцаатай байж, түүгээр дамжуулан тусгаар тогтнолоо хамгаалах ёстой юм гэдгийг ухаарсан аж. Үүнд хамгийн их үүрэг гүйцэтгэж байгаа байгууллага нь Кувейтийн сан. Энэ нэрийг манайхан Кувейт улс гэдгээс ч илүү тогтоосон байж магадгүй. Парламентын шинэ ордон барихад буцалтгүй тусламжаар өгсөн 15 сая ам.доллар, Дархан, Хөвсгөл, Өвөрхангай, Уньт-Мөрөнгийн замыг ярихаар Кувейтийн сангийн нэр заавал дурьдагддаг.

Анх энэ санг тус улс тусгаар тогтнолоо зарласны дараа жил буюу 1962 онд байгуулжээ. 60 сая кувейт динар буюу 150 сая ам.долларын хөрөнгөтэй /тухайн үед энэ мөнгө тус улсын төсвийн гуравны нэгтэй тэнцэж байв/ байгуулсан энэ сан Арабын бусад орнууд болон Азийн зарим орнуудад санхүүгийн туслалцаа үзүүлэхэд чиглэж, хөнгөлөлттэй зээл, тусламж олгопог байв. Харин 1990 оноос хойш буюу Иракийн дайнаас хойш хүрээгээ тэлж Төв Ази, Зүүн Европ, Карибийн тэнгисийн орнуудад тусалж эхэлсэн байна. Тэдний нэг нь тухайн үед социалист дэглэмээс дөнгөж салаад байсан Монгол, Орос. Тэд тусгаар тогтнолоо бусад улс орны тусламжтайгаар, дипломат замаар хамгаалахын тулд дайны дараа Хятадаас ажиллах хүч олноор авч, Оросоос хэзээ хэрэглэх нь тодорхойгүй цэргийн зэвсэг техникийг ихээр худалдан авч, Америкийн том компаниудын сонирхлыг өөрийн улсад оруулж ирэх зэргээр дэлхийн том гүрнүүдийн сонирхлыг ижил тэнцвэртэй байдлаар өөрийн улсад оруулж ирсэн аж. Хэрвээ дахиад аль нэг улс Кувейт рүү халдахад хүрвэл эдгээр гүрнүүд өөрсдийн ард иргэд, компаниудыг хамгаалан эсэргүүцэхэд хүрнэ гэсэн үг.

Кувейтийн сангийн үйл ажиллагаа ерөнхийдөө Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банкны үйл ажиллагаатай төстэй. Ялгаа нь АХБ болон Дэлхийн банк олон хандивлагч улстай байдаг бол Кувейтийн сан ганцхан хандивлагчтай. Одоо сангийн нийт хөрөнгө долоон тэрбум ам.доллар буюу тус улсын төсвийн 2,5 хувьтай тэнцдэг. Тус сангаас дэлхийн бусад улс орнуудад үзүүлсэн хөнгөлөлттэй зээл тусламж 1986 оноос эргэн төлөгдөж эхэлсэн бөгөөд үүнээс орж ирсэн 3,5 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулалтын зээл хэлбэрээр буцаан олгож эхэлсэн байна. Монгол Улсын хувьд ч Кувейтын сангаас энэ төрлийн зээлийг авах бололцоотой гэдгийг тус улсын албаны нөхдүүд хэлж байгаа ч харин манай нөхдүүдийн хувьд төсөл хөтөлбөрөө боловсруулах тэл дээр нэлээд хойрго хандаж, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлд илүү шүтдэг бололтой.

Саяхан, биднийг тус орныг зорих үеэр Кувейтийн Сангийн сайд Монгол Улсад ажлын айлчлал хийхэд Кувейтийн Хөрөнгө оруулалтын агентлагийн дарга нь дагалдан ирсэн боловч манай талаас төдийлөн санал санаачлага гаргаагүй бололтой. Аль хэдийн санхүүжилт нь ороод ирчихсэн Парламентын ордныг барих газраа одоо хэр нь товлоогүй, хүүхдийн эмнэлэг барихад нь тусламж үзүүлье гэсэн боловч газрынх нь асуудал бас л шийдэгдээгүй. Ийм байхад шат ахиж, хөрөнгө оруулалтын зээлд ортлоо өдий биз. Харин Хятад, Вьетнам улсууд Кувейтийн сангийн хамгийн сайн түншүүдийн тоонд орж, шат ахиад хөрөнгө оруулалтын зээл авч эхлээд байгаа аж. БНХАУ бүр 1980-аад оноос Мао даргын үеэс төслөө ирүүлж эхэлсэн байна. Маш олон удаагийн оролдлогын эцэст тэд амжилтад хүрсэн.

“Баялгийн дараах” Кувейт     

Албан ёсны тоогоор тус улс 3,5 сая хүн амтай. Үүнээс 1,2 сая нь кувейтчүүд, үлдсэн нь хоёр сая гаруй нь гадаадын ажилчид. Кувейтэд 100 гаруй орны иргэд ажиллаж амьдардаг. Харин цөл рүүгээ бол 100 мянга орчим иргэншилгүй иргэд байдаг юм гэнэ лээ. Тэд нь нүүдлийнхээ аж ахуйг хадгалж үлдсэн малчид, мөн мал маллахаар хөрш зэргэлдээ улс орноос ирсэн хөлсний ажилчид голдуу. Биднийг цөлийн амьдралтай танилцуулахаар хотоос 100 гаруй км явахад кувейт айлын малыг маллаж буй бангладеш хүн угтаж авсан юм. Яг одоо отрын улирал нь тул хотынхон ч цөл рүүгээ их явдаг бололтой. Отрын улирал дууссаны дараа Байгаль орчны яам нь цөлөө тэр чигээр нь цэвэрлэдэг.


Кувейтийн мэдээллийн яамны дэд сайд, гадаад мэдээллийн хэлтсийн дарга нар Монголын сэтгүүлчдийг хүлээж авч уулзав.


Харин  уугуул кувейтчүүд зөвхөн төрийн албандаа ажилладаг, тэр хэрээр төрийн алба нь жилээс жилд данхайж байгаа. Үүгээрээ манайтай төстэй, байгалийн баялгаас орж ирж байгаа сул орлого нь үүнд хөтөлдөг бололтой. Төрийн байгууллагууд нь өглөө 08.00-аас үдийн 14.00 цаг хүртэл ажилладаг. Харин үйлдвэрлэл, үйлчилгээний бусад салбарыг үндсэндээ гадаадын хөлсний ажилчид авч явдаг гэж болно. Төрийн албанд ажиллаж буй кувейт иргэдийн сарын цалингийн доод хэмжээ 5000 ам.доллар байхад энд ажиллаж буй хятад, вьетнам, камбож, филиппин, энэтхэг, бангладеш иргэд сарын 500 долларын цалинтай. Зочид буудлын үйлчлэгч, дэлгүүрийн худалдагч, онгоцны үйлчлэгчээс аваад таксины жолооч, үйлдвэрийн ажилчдын орон тоог тэд л бүрдүүлдэг. Тиймээс манайхны хувьд хэдий баян орон ч гэлээ Кувейтэд очиж хар ажил хийх тухай санахын ч хэрэггүй. Нэгдүгээрт зундаа 50 хэм хүртэл халдаг энэ оронд цаг агаар нь таарахгүй, хоёрдугаарт цалин бага. Харин дээд боловсролтой, өндөр мэргэжлийн инженер техникийн ажилтнуудыг бол авч ажиллуулж болох тухай нөхдүүд ам ангайсан байдаг л юм билээ. Гэхдээ тэр нь дотооддоо манайд дутагдалтай байгаа.

Аравын ертөнц дэх доргилтын дараа буюу саяхнаас Засгийн газар нь будаа гурил, хүнсний ногоо гэх мэт өргөн хэрэглээний бараагаа нийт хүн амдаа үнэгүй өгч байх шийдвэр гаргасан аж. Ер нь энэ улсад боловсрол, эрүүл мэнд, сургууль, эмнэлэг гээд бүх зүйл үнэ төлбөргүй. Тэр бүхний алдагдлыг нефтийн орлогоос нөхдөг гэсэн үг. Кувейт гэр бүлд шинэ хүүхэд төрлөө гэхэд гурван өрөө орон сууц, гурван машинтай төрдөг болохоор юунд ч санаа зовохгүй амьдарч болмоор юм шиг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ их бэлэн зэлэн зүйл дээр өсч хүмүүжсэн, ажил мэргэжил, авдаг цалин гэж санаа зовдоггүй шинэ үе ирээдүйд энэ улс орныг хэрхэн авч явна гэдэг дээр төр засгийн түвшинд ч бас толгой өвдөөд эхэлчихсэн аж. Тиймээс өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тал дээр нэлээд анхаарал тавьж байгаа. Кувейтийн их сургууль үнэ төлбөргүй, араб хэл дээр сургалтаа явуулдаг бол есөн жилийн өмнө байгуулагдсан “Арабын булан” хэмээх хувийн их сургууль англи хэл дээр хичээлээ явуулдаг. АНУ-ын Миссури их сургуультай хамтарч ажиллаж, тэдний стандартаар сургалтаа явуулдаг шинжлэх ухаан, технологийн их сургуульд булангийн орнууд, Энэтхэгээс оюутан ирж сурдаг. Нэлээд өндөр төлбөртэйд тооцогддог уг сургуульд оюутан захиалгаар сургахын тулд Кувейтийн Засгийн газар улсын төсвөөс сургалтынх нь төлбөрийг төлдөг юм байна. Хэлний боловсрол өндөр, сургуулийн техник технологийн орчин сайн учраас компаниуд тэдний төгсөгчдийг ажилд авах дуртай.

Тус улсын хөгжлийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн улс бол АНУ. Тиймээс ч тэд америкчуудад нэлээд хүндэтгэлтэй ханддаг юм байна. Бидний очсон Исламын түүхийн музей өмнө нь Америкийн эмнэлэг байсан аж. Тиймээс музейн нэг танхимыг тэр чигээр нь хуучин эмнэлэгт зориулж, тэр үед хэрэглэж байсан багаж төхөөрөмж, хүүхдийн суултуур сэлтийг хүртэл “оригиналь”-аар нь хадгалсан байна лаа. 1914 онд байгуулсан анхны эмнэлгээс хойш одоо Эль Кувейт хотод 30 гаруй эмнэлгийг Америкийн стандартаар барьж байгуулж, иргэдээ эмнэлгийн үйлчилгээгээр бүрэн хангаж чаджээ.

Кувейт улсад одоо дэлхийн 130 гаруй орны ЭСЯ-д байдгаас Монголын ЭСЯ хамгийн отгон нь, хоёр жилийн өмнө үүдээ нээсэн. Эргэн тойрон арав гаруй орны ЭСЯ-д дунд байрлах Монголын ЭСЯ-нд таван гэр бүлийн 10 хүн л ажилладаг юм байна. Элчин сайд К.Сайраны хувьд “Монгол Улс Кувейт улстай эдийн засгийн хувьд хамтран ажиллах бүрэн боломжтой, Кувейтийн тал ч үүн дээр ихээхэн санал санаачлага гаргаж байгаа. Газар нутгийн хувьд алслагдмал, эдийн засгийн элдэв сонирхол багагүй ийм орноос хөрөнгө оруулалт авах нь хамгийн зөв шийдэл. Харин манай төрийнхөн үүн дээр жаахан хойрго, удаан ажиллаж байгаад харамсдаг” гэдгээ нуусангүй. Кувейт дэх Монголын ЭСЯ-ны санаачилгаар, Кувейтын Мэдээллийн яамны урилгаар тус улсад аялсан Монголын сэтгүүлчдийн багийн аялал ийнхүү өндөрлөлөө. Ирэх оны долдугаар сард Кувейтийн сэтгүүлчид Монголд ирнэ. Монголд тавтай морил, найрсаг кувейтчүүд!

Кувейт цамхаг. Эль Кувейт хотод энэ мэтчилэн олон янзын хэлбэр дүрс бүхий усан сангууд байдаг. Тэдгээрт хураасан усыг өндөр даралтаар шахаж, хотын хэрэглээний усыг түгээдэг.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж