Эрүүл мэндийн даатгалын системд картын үйлчилгээг нэвтрүүлье

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн даатгалын системд картын үйлчилгээг нэвтрүүлье

Бамбай булчирхай нь томорсон гэх оноштойгоор хөдөө мал малладаг эгч маань хотод ирлээ. Сумын эмч нь 36 дугаар маягт бичиж өгөөд хот руу явахыг, нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэхийг зөвлөж л дээ. Тэгээд л шуудангийн автобусанд суугаад биеэ эмнүүлэхээр эгч маань хотод ирсэн хэрэг. Ирснийх нь маргаашнаас авахуулаад эгчийгээ дагуулаад улсын болоод хувийн эмнэлгүүдээр баахан явж, явж эцэст нь эрүүл мэндийн даатгал нэртэй цэнхэр дэвтэр иргэдэд хэрэгтэй ч юмуу даа гэх бодол төрснийг яана.

Учир нь, нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх бүрдээ10-25 мянган төгрөгийн төлбөр төлөх хэрэгтэй болсон. Тэр болгоныг нь улсын эмнэлэгт хийлгэх боломжгүй болохоор улсын эмчийн санал болгосон хувийн эмнэлгээр үйлчлүүлэхээс өөр аргагүй юм билээ.  Энэ тохиолдолд эрүүл мэндийн дэвтрийн шаардлага огт хэрэггүй, халаасандаа овоохон мөнгөтэй байхад л болчихно.

Сар бүр би эрүүл мэндийн болоод нийгмийн даатгалд цалингаасаа тодорхой хэсгийг нь шимтгэлд өгдөг. Нийгмийн даатгал өндөр төлөх тусмаа надад ашигтай, ашгийг нь тодорхой хэмжээгээр хүртэх боломжтой учраас энэ төрлийн даатгалд хамрагдахдаа хүмүүс цааргалдаггүй. Амралтын мөнгө, амаржсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж, адаглаад л арилжааны банкнаас зээл авахад хүртэл нийгмийн даатгалд хэдий хэрийн шимтгэл төлдөг нь чухал байдаг болохоор тэр. Харин яах гэж, юуны төлөө эрүүл мэндийн даатгал төлөөд байгаагаа иргэд сүүлийн үед ойлгохоо больчихсон. Төлсөнийхөө хэрээр үйлчилгээ авдаг байсан бол үүнд эмзэглээд байх явдалгүй.

Монгол Улсын иргэний хувьд бид заавал эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх ёстой. Энэ бол төрийн шаардлага. Ажилтай нэг нь авдаг цалингийнхаа хэмжээгээр  өөрсдөө хоёр хувийг нь, албан газар нь хоёр хувийг нь гээд нийтдээ дөрвөн хувийн шимтгэлийг эрүүл мэндийн даатгалд өгнө. Ажилгүй болоод оюутан, малчин, ахмадууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн даатгалыг нь төр хариуцдаг. Харамсалтай нь сая төгрөгийн цалингаасаа дөрвөн хувийн шимтгэл төлдөг нөхөр, төрөөр төлбөрөө гаргуулчихдаг ажилгүй иргэн хоёулаа адилхан эрүүл мэндийн үйлчилгээг авдаг л шог санагдаад байгаа юм. 

Тэгш хуваарилалт, үнэ цэнэгүй эмчилгээ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд “Та иргэний эрүүл мэндийн даатгалд даатгуулсан бол эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, амбулаторийн тусламж үйлчилгээ авах, эмийн сангаас хөнгөлттэй үнээр эм авах, рашаан сувилалд сувилуулах эрхтэй. Даатгуулагч ЭМД-ын сангаас жилдээ дээд тал нь 1.112.000 төгрөгийн эмчилгээний зардал гаргуулах боломжтой”  гэсэн ийм гоё заалт байдаг юм байна лээ.  Иргэд ч үүнийгээ мэддэггүй, эмнэлгийнхэн ч мэдрүүлдэггүй л болохоос биш.  Үүнийг хүртдэг хүмүүс цөөхөн байх л  даа, өнөөдөр.

Эрүүл мэндийн дэвтэр өнөөдөр юунд хэрэгтэй вэ гэвэл дүүргийн нэгдсэн эмнэлэгт очоод шүдээ үнэгүй авахуулахад ч юм уу эсвэл өрхийнхөө эмчээс эмийн жор, ажлаас чөлөөлсөний акт авахад л хэрэглэгддэг. Бусад тохиолдолд эхо-д харуулах, шүдээ эмчлүүлэх, ходоодоо дурандуулахад, элэгний BC вирусаа тоолуулахад бүгд төлбөртэй. Гэтэл та сардаа 400 мянган төгрөгийн цалинтай, цалингаасаа сар бүр 16 мянган төгрөгийн шимтгэл төллөө гэхэд жилдээ 192.000 төгрөг эрүүл мэндийн даатгалдаа төлдөг гэсэн үг. Гэнэт шүд чинь өвдөөд, эсвэл ходоод чинь эвгүйрхээд  эхэллээ гэхэд өдөржин дараалалд зогсч байж эмчдээ үзүүлнэ.  Олигтойхон эмчилгээ хийхгүй бол ойр хавийн хувийн эмнэлэг бараадахаас өөр аргагүй байдалд орно. Тэгвэл даатгал төлөөд байх шаардлагатай юмуу гэж бодогдоно доо. Хариулт ньтодорхой, сар бүрийнхээ цалингаас төлдөг мөнгийг энэ олон ядуучууд, ажилгүйчүүд, татвар төлдөггүйчүүдийн эрүүл мэндийн зардалд тэгшлээд хуваачихсан гэсэн үг. Тодруулбал, Баянхошууны Балдан өвгөний эмнэлэгт хэвтэх зардал таны төлсөн татвараас л гарч байгаа юм шүү дээ. Өндөр хөгжилтэй оронд эрүүл мэндийн зардалд жилд 2000 ам.доллар ногддог бол манайх шиг буурай хөгжилтэй орнуудын нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал 35 ам.доллар байдгийг ДЭМБ-аас гаргажээ. Харин манайх жилдээ 30 мянган төгрөгийн нарийн мэргэжлийн шинжилгээ үзүүлэх боломжийг Эрүүл мэндийн хуулиар баталгаажуулсан. Харин нэг удаа эмнэлэгт хэвтэх зардлыг 200-240 мянган төгрөгөөр тооцож төрөөс санхүүжүүлдэг байна.

Хувийн эмнэлгүүдээс даатгалын мөнгийг аваарай

Хувийн эмнэлэгт үзүүлэхэд эрүүл мэндийн даатгал огт хэрэггүй нь үнэн. Амбулаториор үзүүлэх, шинжилгээ хийлгэхэд танд цэнхэр дэвтрийн шаардлага байхгүй. Үйлчилгээ үзүүлсэний төлбөрөө төлсөн байхад хангалттай.  Харин ямар ч өвчнөөр, ходоод, нүд, чих чинь өвдөөд хувийн эмнэлэгт хэвтлээ гэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 80 мянгыг нь төлөх ёстой гэнэ. Хамгийн гол нь тухайн эмнэлэг заавал магадлан итгэмжлэгдсэн байх шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл, хоногийн 25 мянган төгрөгийн эмнэлэгт 10 хоног хэвтлээ гэхэд 170 мянган төгрөгийн төлбөрийг бэлнээр төлж, үлдсэн 80 мянган төгрөг нь Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжин тухайн эмнэлгийн дансад ордог байна. Гэхдээ иргэдийн хувьд Эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн хувийн эмнэлэгт 80 мянган төгрөгийг төлсөн эсэхийг мэдэх ямар ч боломжгүй аж. Тиймээс хувийн эмнэлгүүд өвчтөнөөс ор хоногийнхоо мөнгийг бүтнээр нь авсан мөртлөө даатгалын сангаас давхар мөнгө гоочлохгүй гэх баталгаа байдаггүй аж.

Картаар үйчлүүлэх ашигтай юу?

Монголчууд төрөл бүрийн виза картуудыг хэрэглээндээ ашиглах болсоор удлаа.  Аль нэг арилжааны банкны виза картаар дамжуулан цалингаа авдаг бол цалингийн зээл авахад  ямар ч хүндрэл гардаггүй. Яг ийм үйлчилгээг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлбэл ямар вэ. Жил болгон төлдөг даатгалынхаа мөнгийг картандаа хуримтлуулах ч юм уу, эсвэл картанд нь байгаа даатгалынхаа шимтгэлийн мөнгөөр жил жилдээ эрүүл мэндийн үйлчилгээ авдаг бол Дондогийн төлсөн даатгалын мөнгө Долгор авгай сувилалд хэвтэж чадахгүй болно. Дондог төлсөнийхөө хэрээр эмнэлгийн үйлчилгээ авдаг болно. Энэ тохиолдолд эрүүл мэндийн даатгалын мөнгө хаагуур, хэний гараар ордог нь ил тодорхой болно. Хэнд хэдийг зарцуулсан нь ч илэрхий болно. 2008 онд “Анод” банк дампуурах үед  тус банкинд байршиж байсан 3,2 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн даатгалын мөнгийн үлдэгдэл дампуурсан уу, далимдуулсан уу гэдэг тодорхой бус байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын системд картын үйлчилгээг нэвтрүүлчихвэл иргэдэд эмнэлгийнхэн илүү хөнгөн шуурхай үйлчлэх болно. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиа өөрчилж, энэ салбарт картын үйлчилгээг нэвтрүүлье.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж