Өмнөд Африк байгальд ээлтэй ДЦС барина

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Өмнөд Африк байгальд ээлтэй ДЦС барина

Өмнөд Африк улс Medupi хэмээх байгальд ээлтэй ДЦС-ыг ойрын хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулахыг зорьж байна. Тус улсын Засгийн газраас ДЦС-ын төсөлд 15 тэрбум ам.доллар төсөвлөжээ. Өмнөд Африкийн Lephalale хотын хойд хэсэгт баригдаж байгаа Medupi цахилгаан станц ашиглалтад орсноор дэлхийн дөрөв дэх том цахилгаан станц болох юм. Цахилгаан станцын хүчин чадлыг 4800 МВт байхаар төлөвлөж байна. Medupi-тай адил хүчин чадалтай Kusile станцыг тус улс мөн байгуулж байгаа юм. 

Өмнөд Африк, Хятад, Энэтхэг зэрэг улс нь тасралтгүй өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангаж чадах хэмжээний эрчим хүчний хямд эх үүсвэрийг бүрдүүлдэг нүүрсний асар их нөөцтэй орнууд билээ. Гэвч энэхүү давуу тал нь цаг уурын өөрчлөлтөд голлох үүрэг гүйцэтгэж буй нүүрстөрөгчийн ислийн хаягдал ялгаруулагч орнуудын тэргүүн эгнээнд авчраад байна. Эдгээр улс эрчим хүчнийхээ дийлэнх хувийг нүүрсээр хангадаг юм. Өмнөд Африк 90 хувь, Хятад 70 хувь, Энэтхэг 55 хувийг нүүрсээр хангадаг бөгөөд дэлхийн нүүрс ханган нийлүүлэгч орнуудын эхний тавд жагсаж байна.

Эдгээр улс сэргээгдэх эрчим хүч болон цөмийн энергийн эрчим хүчний томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ ДЦС-ын төслүүдэд тэрбум тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байна. “Frost and Sullivan” зөвлөх компанийн Өмнөд Африк дахь эрчим хүчний шинжээч Cornelis van der Waal хэлэхдээ “Ойрын үед нүүрс яг л “хэрүүлийн алим” шиг болчихоод байна. Хүн бүхэн нүүрсэнд дургүйцэж байгаа ч улс орнуудад эрчим хүч хэрэгтэй байна. Ногоон эрчим хүчинд бүгдээрээ дурлавч яг одоохондоо улс орнуудын худалдан авч чадаж байгаа зүйл нь хямд үнэтэй нүүрс л байна” гэжээ.

Өмнөд Африк нь ирэх 20 жилд эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Гэсэн ч энэхүү амбицтай зорилтынх нь 65 хувийг нүүрс эзлэх төлөвтэй байгаа юм.

EnergyChinaForum.com-ooc орчуулсан М.Билгүүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж