НҮБ-ын дарга захидал илгээв

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

НҮБ-ын дарга захидал илгээв

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нийг дэлхийн нийт ХДХВ-ийн халдвартай тэмцэх өдөр болгон зарлаж уриалга гарган олон үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Монгол Улсын хувьд ч энэ өдрийг тэмдэглэх бөгөөд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга захидал илгээсэн байна.

Захидалд:

“ДОХ-ын халдвар илэрснээс хойш 30 жил өнгөрч, удаах 10 жилтэй золгосон энэ үед бид халдварын тархалтыг зогсоох боломжтой болоод байна. Бидний өнөөг хүртэл хүрсэн амжилт, үр дүн нь цаашид ХДХВ-ын шинэ халдварыг тэглэх, ялгаварлан гадуурхалтыг тэглэх, ДОХ-оос үүдэлтэй нас баралтыг тэглэх хэтийн зорилтууддаа хүрэх боломжтой гэдгийн нотолгоо юм.  1997 онтой харьцуулахад ХДХВ-ын шинэ халдварын хэмжээ 20 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Дэлхийн дийлэнх бүс нутагт шинэ халдварын түвшин буурсаар байна. ДОХ-ын халдварт хамгийн ихээр нэрвэгдсэн Сахар орчмын Африкийн бүс нутгийн 22 улс оронд ХДХВ-ын шинэ халдварын тохиолдлын хэмжээ буурчээ. Эрсдэлд өртөмхий хүн амын дундах тархалтын төлөв өөрчлөгдөж байна. ХДХВ-аас урьдчилан сэргийлэх үйлчилгээ нийтэд хүртээмжтэй болсон нь залуучууд, биеэ үнэлэгчид болон тэднээр үйлчлүүлэгчид, хар тамхи судсаар тарьж хэрэглэгчид, эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд, трансжендр хүмүүст сайн сайхан амьдрахын төлөө эрүүл мэндээ сахин хамгаалахад нь тус дөхөм болж байгаа юм.  Эмчилгээний үр дүнд 1985 оноос хойш ДОХ-оос үүдэлтэй нас баралтын 2.5 сая тохиолдлоос сэргийлж чадлаа. Өнгөрсөн онд л гэхэд 700,000 хүний амь нас аврагдсан байна. Бага болон дундаж орлоготой улс орнуудад эмчилгээнд хамрагдах шаардлагатай хүмүүсийн бараг тэн хагас нь буюу 6.6 сая хүн вирусын эсрэг эмчилгээнд хамрагдаж байна. Урьдчилан сэргийлэлт болон эмчилгээг зөв нэгтгэн уялдуулснаар илүү хурдацтай үр дүнд хүрч байна. Гэвч ДОХ-ын халдварыг зогсоохын тулд бид үүнээс илүү ахиц дэвшил, үр дүн үзүүлэх шаардлагатай. Энэ оны зургадугаар сард зохион байгуулагдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ДОХ-ын асуудлаарх Дээд хэмжээний Уулзалтаас 2015 он гэхэд хүрэх дайчин зорилтуудыг  дэвшүүлсэн бөгөөд тэдгээр нь ХДХВ-ын бэлгийн замаар дамжих халдварыг тавин хувиар бууруулах, хүүхдүүдийн дунд илрэх шинэ халдварыг устгах, ХДХВ-ын халдвартай амьдарч буй 15 сая хүнд эмчилгээ үйлчилгээг хүргэх, ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолыг эцэслэх болон ДОХ-д зарцуулах шаардлагатай дутагдаж буй санхүүжилтийг шийдвэрлэх явдал юм. Улс төрийн хүчтэй хүсэл зориг, хангалттай хэмжээний санхүүжилт болон хүний эрхэд тулгуурласан оновчтой арга замуудын тусламжтайгаар бид эдгээр бүх зорилтууддаа хүрч чадна. Амжилтанд хүрэхэд санхүүжилтийн асуудал чухлаар тавигдана. Би энэ чиглэлээр холбогдох бүх улс орон, байгууллага, хувь хүмүүст хандан НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн Хөтөлбөрөөс дэвшүүлэн гаргасан хөрөнгө оруулалтын  бодлого төлөвлөгөөг дагаж, дэлхийн хэмжээнд жил бүр хийгдэх хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээг 24 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг бүрэн хангаж ажиллахыг зөвлөж байна. Түүнээс гарах үр дүн, өгөөж нь нь нийт зарцуулсан зардлыг нэг л үеийн дотор нөхөн төлөх юм.  

Биднийг өнөөдрийн энэхүү эргэлтийн цэгт хүргэсэн улс төрийн үүрэг амлалт, хөрөнгө оруулалт, эрч хүч, идэвхи зүтгэл болон чин хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшил маань бидний цаашдын хамтын хүчин зүтгэлийн үндэс суурь хэвээр байх болно” гэжээ.
 
Асуудлыг шийдвэрлэх боломж бидний гарт байна. Түүнийг ДОХ-ын халдварыг нийтээрээ, нэг мөсөн зогсооход ашиглацгаая.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж