Ховд хөгжлийн хороотой болно

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Ховд хөгжлийн хороотой болно

Ховд аймгийн нутгийн зөвлөл өчигдөр хуралджээ. Хурлаар нутгийн зөвлөлийн дэргэд Хөгжлийн хороо байгуулахаар болсон байна.  Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын мэдээлснээр Хөгжлийн хороо нь аймгийг цаашид хэрхэн хөгжүүлэх, хөгжлийн ямар бодлого баримтлах, үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг яаж нэмэгдүүлэх вэ гэсэн тулгамдсан асуудлуудаар бодлого боловсруулж, эдгээрт хувийн хэвшлийнхэн, иргэдийн оролцоог хэрхэн хангах тал дээр анхаарах аж.

Ховд аймаг алслагдсан бүс нутаг гэдгээрээ амьдралын өртөг өндөртэй, өргөн хэрэглээний барааны үнэ бусад бүс нутгаас их байдаг зэрэг бэрхшээл тохиолддог. Тус аймгийн эдийн засгийн үзүүлэлт 21 аймагтай харьцуулахад 12-т жагсч байгаа нь орон нутгийн эдийн засаг, хөгжлийг түргэсгэх шаардлага байгааг илтгэж байгаа ажээ. Ойрын жилүүдэд хийгдсэн төсвийн болон бусад хөрөнгө оруулалтаар дэд бүтэц нэлээд сайн хөгжиж байгаа боловч жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байр дорвитой нэмэгдэхгүй байгаа юм байна. Тиймээс энэ чиглэлд зөвхөн төрийн байгууллага анхаар гээд орхихгүйгээр аймгийг хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдийн дэмжлэг, оролцоотойгоор хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, уул уурхайд түшиглэсэн хөгжлийн бодлого боловсруулах цаг нь болжээ гэдгийг ярилцжээ.

Нутгийн зөвлөлийн гишүүд Хөгжлийн хороо байгуулах нь зүйтэй гэсэн байр суурь дээр санал нэгтэй байжээ. Ховд аймагт мөн Соёл амралтын хүрээлэн байгуулж байгаа аж. Дөрөв орчим тэрбум төгрөгөөр баригдаж байгаа орон нутаг дахь хамгийн том энэ паркийн тоглоомууд, гүйлтийн, хөлбөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөгийн талбай ашиглалтад ороод байгаа бөгөөд цэцэрлэгжүүлэлт, тохижилтын ажил үлдээд байгаа юм байна. Энэ ажилд сум бүр идэвхтэй оролцон өөрийн сумын онцлогийг харуулсан талбайг тохижуулахаар болжээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж