
Гуравдугаар сарын чансааг дэлхийн аварга Испанийн шигшээ тэргүүлсэн хэвээр байна. Дэлхийн аваргууд 1880 оноотой байгаа бол Нидерландын “Улбар шарууд” 150 оноо дутуу ард нь бичигдлээ. Харин Германы баг гуравт бичигдсэн бол Аргентин, Бразилийн багууд байраа сольжээ. Энэ нь Аргентиний шигшээ Португалийг хожсон нөхөрсөг тоглолтоос шалтгаалсан юм. Чансааны жагсаалтын зургадугаар байрт Английн “Гурван арслан” орсон бол Уругвай эхний 10-т багтсан Латин америкийн гурав дахь улс болсон байна. Түүнчлэн топ 10-т Хорват, Португаль, Грекийн багууд багтжээ. Цаашилбал, манай хойд хөрш Оросын шигшээ дэлхийн чансааны 13-т бичигдсэн бол Ази тивээс хамгийн өндөр чансаатай нь Азийн аварга Японы баг болж байна. “Цэнхэр самурайнууд” 15 дугаар барйт бичигджээ. Яг тэдний доор Африкийн хамгийн өндөр чансаатай улс Гана бичигдсэн байна. Харин манай улсын хувьд өнгөрсөн сарын жагсаалтаас нэг байр ухарч, 183-рт эрэмбэлэгджээ. Дэлхийн чансааг гаргахдаа FIFA-гаас тухайн багийн чансаа, өрсөлдөгч, тоглолтын чансаа болоод бүсийн хүчин чадлаас шалтгаалж гаргадаг байна.
Олон улсын хөлбөмбөгийн холбооны гуравдугаар сарын чансаа:
Испани – 1880 оноо
Нидерланд – 1730 оноо
Герман – 1486 оноо
Аргентин – 1412 оноо
Бразил – 1411 оноо
Англи – 1212 оноо
Уругвай – 1172 оноо
Хорват – 1071 оноо
Португаль – 1060 оноо
Грек – 1038 оноо
…183. Монгол – 32 оноо