“Формула нэг”-ийн “Лотус Рено” баг цагтаа дэлхийн аварга болж байсан Кими Райкконентэй хоёр жилийн гэрээ байгуулж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр “мөсөн хүн” хочит Райкконен “Формула нэг”-т эргэн ирж байна. Өдгөө 32 настай Финлянд нисгэгч 2007 онд “Феррари” багаас дэлхийн аварга цол хүртэж байсан ч ердөө хоёрхон жилийн дараа ангиллаа сольж, раллид хүч сорих болсон билээ. Түүнийг эргэн ирэх яриа олон дахин гарч байсан ч тухай бүрт нь Кими няцааж байсан. Гэхдээ энэ удаад бүх зүйл албан ёсоор болсон учраас эргэлзэх зүйлгүйгээр Райкконен Ф1-т эргэн ирж, “Лотус” багийн нисгэгчээр уралдааны талбарт гарна. Тэрбээр “Формула нэг”-т дахин уралдах шийдвэр гаргасны дараа “Уилльямс” болон “Лотус Рено” баг гэсэн хоёр сонголттой байжээ. Харин “Лотус”-ын удирдлагуудтай ярилцсаны эцэст гэрээ хийх тохиролцоонд хүрсэн байна.
Хоёр жилийн дараа “Их хурд”-д эргэн ирж байгаа Райкконенд итгэх хүн олон байгаа ч хоёр жил гэдэг бага хугацаа биш. Олон дүрэм шинээр гарч, нэлээд өөрчлөлт хийгдээд байгаа. Кими “2009 онтой харьцуулахад эрс өөрчлөлт зөвхөн дугуйн дээр л мэдрэгдэх байх” гэсэн байна. Машин болоод DRS системийн өөрчлөлтүүдийг тийм ч их ялгаа гарахгүй байх гэж тооцоолж байгаа гэнэ. Ямартай ч удаан хүлээсэн эргэн ирэлт биеллээ оллоо. Одоо түүнээс болон “Лотус Рено” багаас ямар амжилт хүлээх вэ.
Score Studio