
Зено Чара өмнөх тоглолтонд гаргасан бүдүүлэг алдаандаа торгууль хүлээгээгүй учраас өнөөдрийн сонгодог тулааныг эхлүүлсэн. Энэ тоглолт эхнээсээ л ширүүн болно гэдгийг батлан харуулах гэсэн шиг Грегори Кампелл, Коди МакКормик нарын зодооноор “нээлтээ хийсэн” юм. Гурван минут үргэлжилсэн энэ тулааны дараачаар гоолын салхийг талбайн эзэн баг “Бостон” хагалжээ. Натан Ортон улирлын 19 дэх гоолоо “Баффало”-гийн хаалганд оруулахдаа Милан Лючижийн дамжуулалтыг ашигласан байлаа. Хоёрдугаар үеийн хагаст “Бостон”-ы бас нэгэн довтолгоо амжилт олж Марк Реччи онооны харьцааг 2:0 болгон холдуулсан ч тэдний гоолын баяр нэг их удаан үргэлжилсэнгүй. Энэ үедээ багтаж “Сабрес”-ын залуус оноог тэнцүүлжээ. Харин төгсгөлийн үе эхлээд удаагүй байхад буюу гурав дахь минутад Грегори Кампелл Зено Чарагийн дамжуулалтыг чулуу болгож, “Бостон”-д дахин тэргүүлэл авчирсан. Харамсалтай нь, оноог тэнцүүлэх боломжийг гаргасан дэмий алдаанаасаа болж “Бостон”-ыхон өөрсдөө зочдод гаргаж өгсөн гэхэд болно. Хоёр тоглогч нь торгуулийн сандалд суух хоорондо гурвын эсрэг тавуулаа болсон “Сабрес”-аас Тим Конноли онооны самбар дээрх тэнцлийг бий болгон цаг сунгахад хүргэжээ. Ингээд дүрмийн дагуу нэмэлт таван минутыг сунган өрсөлдөхөөр болсон. Харин нэмэлт цагийн дөрөв дэх минутад Брад Бойес энэ улирлын 15 дахь гоолоо өрсөлдөгчийнхөө хаалганд буюу шилдэг хаалгач Томасын хаалганд хийснээр 3:2 харьцаатай “Баффало Сабрес” “Бостон Брунс”-ыг талбай дээр нь буулган авлаа.