
-“Гэгээн муза 2010” наадмын талаар сонирхуулахгүй юу?
-Гэгээн муза наадам найм дахь жилдээ зохиогдох гэж байна. Энэ жил манай театрын хувьд гурван уран бүтээл уралдаж байгаа. Өнгөрсөн онд манай театр В.Красногоров долоо гэж төсөл хэрэгжүүлсэн. Энэхүү долоон жүжгээс гурав нь наадамд өрсөлдөж байна. Хөдөө орон нутгийн театруудаас хүүхдийн уран бүтээлийн төрөл орж байгаагаараа их онцлогтой болж байгаа. Анхнаасаа “Гэгээн муза” наадам Монголын театр урлагийн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаа ийм сайхан наадам болдог. Манай театр найман жил оролцож, зургаан жилд нь “Гэгээн муза” наадмын шилдэг гранпри шагналыг уран бүтээлүүдээр авч байсан. Энэ наадам цаашдаа өргөжиж Олон улсын зөвхөн драмын урлагийн чиглэлээр бус театр урлагийн чиглэлээр зохион байгуулагдах болно.
-Уран бүтээлчид “Гэгээн муза” наадамд хичнээн номинацийн төлөө өрсөлдөх вэ? Өмнөх наадмуудаасаа юугаараа онцлог болох вэ?
-Энэ жил 18 номинацийн төлөө өрсөлдөж байгаагаараа онцлог. Энэ бол урд урьдын жилүүдэд бид нар хоёр төрлөөр явагдаж байсан бол энэ жил гурван төрөл гэдэг маань уран бүтээлчид маань нилээн их уран бүтээлийн ургац арвинтай байна гэсэн үг. Бас нэг гол онцлог юу вэ гэхээр энэ жилээс шүүгчдийн зүгээс оролцооны театр гэдэг утгаараа “Хүүхэд оролцоотой театрын бүтээлүүдийг бүтээлээр нь шалгаруулах сайхан боломжийг энэ жилийн наадмаас эхлэн гаргаж байна. Энэ жил гурван бүтээл оролцож байна. Энд Өвөрхангай аймгийн “Суварга” хүүхдийн театр, Өвөрхангай аймгийн хөгжимт драмын театр, Дундговь аймгийн хүүдийн театрын бүтээлүүд энэ төрөлд өрсөлдөнө.
-Наадмын зохион байгуулалтын хувьд?
-Наадам уламжлал ёсоороо явагддагаараа явагдана. Гэхдээ улаан хивсний баяраа өргөн дэлгэр байхаар бодож төлөвлөсөн зүйлүүд байгаа. Тэрийгээ энэ сарын 27-ний өдөр харвал хүмүүсийн сэтгэлд нийцэх болов уу.
-Мэдээж наадамд хийсэн болгон ордоггүй, орсон болгон цом авдаггүй гэсэн шүү дээ. Үүнтэй адилхан наадамд нэр дэвшиж байгаа бүтээлүүдийг яаж шүүж авдаг юм бол оо?
-Манайх бүтээлээ үндсэндээ он гараад нэр дэвшүүлэх комисс үйл ажиллагаандаа ороод явчихдаг. Нэгдүгээр шатандаа нэр дэвшүүлэх комисс бүх театраас санал аван бид нар энэ бүтээлээрээ оръё, комисс ирж үзээч ээ гэсэн саналын дагуу явж үздэг. Энэ жил орон нутгийн театр руу явлаа. Завхан, Архангай, Дорноговь, Төв аймаг явлаа. Мөн энд хүүхдийн бүтээлийг бичлэгээр ирүүлэх ийм боломж байдаг. Эндээс нэр дэвшүүлэх комисс алийг хоёр дугаар шатанд цомын төлөө өрсөлдүүлэх уралдаанд оруулах вэ гэдгийг шийдэж гаргадаг. Үндсэндээ манай шалгуур бол нилээн өндөр, чанга хатуу, жинхэнэ мэргэжлийн шүүгчид тэнд ажилладаг. Энэ сарын 20-26-нд нэр дэвшин хоёр дугаар шатанд үлдсэн бүх бүтээлүүд үзэгчдэдээ шүүгчдэдээ тоглохоор ерөнхийдөө бэлтгэл ажлаа хангачихсан байна. Үүнд орон нутгийн театраас нэр дэвшсэн бүтээлүүд өөрсдөө хүрэлцэн ирж Драмын театрын тайзан дээр тоглоно. Энэ жил Драмын театрын тайзнаас гадна, Хүүхэлдэйн театрын тайзнаа хүүхдийн бүтээлүүд тоглоно.
-Ивээн тэтгэгчгүйгээр аливаа томоохон уралдан наадмыг зохион байгуулахад амаргүй шүү дээ.
-Манай наадмын ерөнхий түшлэгчээр UFC группийн “Гэрэгэ” гэж шинэ бүтээгдэхүүн ивээн тэтгээ ажиллаж байгаа. Мөн “Сүлд ус” ХХК, Улсын хүүхэлдэйн театр, Замын цагдаагийн газар, Монголын дизайнеруудын холбоо, “Шилмэл загвар”, “Алтай” кашмер”, “Эрд сүлж”, “Хайрын хурим”, “Топ Ази”, “Аяс кашмер”, “Монгол костюмс” төв, “Exclusive”, “Bess tailor” зэрэг хувцас загварын салонууд шилдэг зохион бүтээгчдийн урласан ёслолын ажиллагааны гоёлын хувцсаар уран бүтээлчид гоёцгооно. Мөн “Vidal” салоны хамт олон 27-ны ёслолын үйл ажиллагаанд зориулж нэр дэвшигчдийг гоёлын үс засалт, нүүр будалтыг хариуцан хамтран ажиллахаар болсон. Хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгчээр “Мөнхийн үсэг” компани, “Ардын эрх”, “Өнөөдөр” сонин, “Бизнес амжилт” сэтгүүл, долоо хоног тутмын “Info” сэтгүүл, “Боловсрол”, “TV-5” телевизүүд, “Pro” уран сайхны гэрэл зургийн студи хамтран ажиллаж байгаа.
Г.Даша