Б.Сэргэлэн: Менежер болохын тулд 30-хан настайдаа балетаа орхисон
Сар шинээр бид өөр зуураа золгон, бууз баншаа идэн, бэлэг цуглуулан айл хэсэж байх өдрүүдэд холын Америкт эрдэмтэн, профессорууд монгол урлагтай золгон, үүх түүхээр нь дайлуулж суулаа. Монголын соёлын өдрүүдийг тун өвөрмөц байдлаар Стэнфордын их сургууль, Берклигийн их сургуулийн профессорууд зохион байгуулсан юм. Гол зохион байгуулагчид болох Берклигийн их сургуульд доктор хамгаалан, одоо тэндээ багшилж буй куратор Ц.Уранчимэг, Стэнфордын их сургуулийн багш, хөгжим судлаач, тус сургуулийн найрал хөгжмийн удирдаач, профессор Жин Дон Кэй нар өнгөрсөн долдугаар сард Монголд ирж энэхүү арга хэмжээнд оролцох багаа сонгожээ. Багийн бүрэлдэхүүн цомхон. “Бөртэ” хамтлагийн дөрвөн уран бүтээлч, Ховд аймгийн Сэнгэдорж гуай нар ардын язгуур урлагийг, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав хөгжмийн урлагийг, СГЗ Г.Мэнд-Ооёо яруу найраг, уран зохиолыг, Хаан банкны Маркетингийн газрын захирал Чанцалмаа бизнесийн салбар урлагийн салбартай хэрхэн хамтран ажилладаг туршлагыг төлөөлөн оролцохоор болжээ. Мөн дүрслэх урлагийг төлөөлөн хоёр уран бүтээлч явжээ. Монголын уртын дуу, хөөмий, бөө мөргөл зэргийг судалдаг эрдэмтэн судлаачдыг Америкийн өнцөг булан бүрээс урин авчирч, энэхүү арга хэмжээнд оролцуулсан байна. Монголын багт бас нэг хүн байсан нь ДБЭТ-ын дарга Б.Сэргэлэн. Түүнийг сонгодог урлагийг гэхээсээ жирийн балетчин хүн урлагийн менежмэнтэд хэрхэн суралцаж, улмаар театрын дарга болсон тухай хувь хүний хөгжил, өөрчлөлтийн түүхийг харуулах зорилготой сонгосон байна. Товчхондоо мэргэжлийн балетчинаас мэргэжлийн менежер болсон түүхийг сонгосон хэрэг. Өвөрмөц хэлбэрээр болсон соёлын өдрүүдийн тухай түүнтэй ярилцлаа.
–Цомхон багтай, өвөрмөц маягийн соёлын өдрүүд болжээ. Сонирхолтой санагдаж байна.
-Эрдэм шинжилгээний хурал, судалгаан дээр тулгуурласан соёлын өдрүүд юм даа. Их сонирхолтой менежмэнт санагдсан. Эхний хоёр өдөр буюу битүүн, битүүний урд өдөр Берклигийн их сургууль дээр арга хэмжээ болсон. Монголоос очсон хүмүүс бүгд өөр өөрийн төлөөлсөн салбарын тухай лекц уншсан. Ардын урлагийн концерт тоглосон. Тэр нь тайлбартай. “Энэ хүнийг Сэнгэдорж гэдэг, Ховд нутгаас ирсэн. Түүний гарт байгаа хөгжмийг товшуур гэдэг. Алтайн уулсаар нутагладаг ард түмнээс гаралтай, автор нь үл мэдэгдэх хөгжим. Сэнгэдорж гуай энэ барьж байгаа хөгжмөө өөрөө хийсэн” гэх зэргээр бүр язгуураас нь тайлбарлан тэр хүнээр өөрөөр нь яриулах жишээтэй. Дараа нь энэ язгуур урлаг нь хэрхэн ардын урлаг болоод, тэгээд хөгжөөд хэрхэн этно жаз болон хувирсныг “Бөртэ” хамтлаг харуулсан. Аргагүй л Стэнфорд, Берклигийн их сургуулиуд өөрсдөө оюун түгээдэг, эрдэмтэн, судлаач төрүүлдэг академик газар учраас тэр түвшнийхээ хүрээнд энэ арга хэмжээг зохион байгуулсан. Менежер хүний нүдээр харахад маш цомхон багаар, маш зөв сонголттойгоор, Монголын урлагийг цогцоор нь ойлгуулсан өргөн хүрээний соёлын өдрүүд боллоо гэж бодсон. Тэнд очсон судлаачдад бид судлах материал бэлтгэж өгч байгаа хэрэг. Харин тэд судалгааны бүтээл, сургуулиараа дамжуулаад илүү олон хүнд түүнийгээ түгээнэ. Зүгээр нэг концерт үзээд алга ташаад өнгөрөхөөс өөр зүйл байсан.
–Стэнфордын их сургууль дээр яг адилхан арга хэмжээ болсон уу?
-Тэгсэн. Гэхдээ нэг ялгаатай нь тэнд Пан Азийн хөгжмийн наадам болсон. Б.Шаравын “Зуурдын орон” балетийн хоёрдугаар хэсгийг тоглосон. Мөн морин хуурын гоцлолд зориулсан аялгууг найрал хөгжимтэй тоглосон. Энэ хоёр бүтээлийг биднийг сонгож авсан удирдаач Жин Дон Кэй өөрөө удирдсан. Тэр хүн энэ Пан Азийн хөгжмийн наадмын зохион байгуулагч нь.Тоглолтын өмнө Б.Шарав гуайг тайзан дээр гаргаад энэ хүн хөгжмийн зохиолч нь гэж танилцуулсан. Тэгээд яагаад энэ бүтээлийг зохиосон юм, юу бодож зохиосон юм, хэнд зориулсан юм гэх зэргээр өөрөөр нь яриулсан.
–Хүмүүс хэр хүлээж авч байна?
-Би анх удаа Америкт очсон. Би чинь өөрөө орос школтой. Итали, Францад илүү практикжсан. Сонгодог урлагт барууны, Оросын академизм талаас ханддаг хүн шүү дээ.
–Европ маягийн.
-Тийм. Европ тал руугаа. Надад жоохон сонин санагдсан. Америк бол арилжаа тал руугаа илүү орчихсон. Урлагийг бүтээж байгаа, урлагийг залгамжлаад аваад явж байгаа бие хүний талд илүү ажилладаг юм шиг надад санагдсан. Сэргэлэнг Сэргэлэнгээр нь л хүлээж авна. Болдыг Болдоор нь л хүлээж авна. Түүнээс биш нийлүүлж хүлээж авдаггүй хандлага тэнд ноёрхдог юм болов уу гэж ажигласан. Тэр нь их сонин юм билээ. Нэг бодлын сайхан ч юм шиг.
-Тэнд тэгээд та ямар сэдвээр лекц уншсан юм бэ?
-“Миний өөрчлөлт, бидний өөрчлөлт” гэдэг нэртэй лекц. Би тэнд өөрийнхөө тухай л ярьсан. Эхлээд жоохон санаа зовсон л доо. Яруу найрагч хүн яруу найргаа уншина, түүнийгээ ярина. Хөгжмийн зохиолч бичсэн хөгжмөө тайлбарлана. Харин би юу ярих вэ гэж. Тэгээд би зохион байгуулагчаас асуусан. Тэгсэн “Та зөвхөн өөрийнхөө тухай л ярь” гэсэн. Бодож бодож байгаад өөрийнхөө бүжиглэсэн “Кармен” балетийн бичлэгээс үзүүллээ. Хэн ч намайг таниагүй. 12 жилийн өмнө хийсэн бичлэг. Түүгээрээ би “Гоо марал” авсан юм. Үндэсний хөгжимтэй Карменийг бүтээхийг оролдсон. Тэдний судлаад байгаа монгол хөгжим дээр дэлхийн сонгодог “Кармен”-ийг бүжиглэхийг хараад тэдэнд сонин байсан. “Энэ бол би. Кармений хөгжим хэзээ ч өөрчлөгддөггүй. Кармен бол мөнхийн залуу дүр. Харин би л бага зэрэг таргалж, өөрчлөгдсөн. Та нар намайг танихгүй байгаа биз дээ” гэдэг наргианаар лекцээ эхэлсэн. Би балетчин болох гээд ийм гоё сургуульд явсан. Ирээд нөгөө мөрөөдлийн балетчинаа болох гээд зүтгэж байтал картын системд орсон. Үзэгчгүй шахам театрт бүжиглэдэг байлаа. Ингээд л ярьсан. Өөрийнхөө тухай ярихад манай нийгмийн амьдралын дүр зураг яалт ч үгүй харагдаж байсан.
–Үнэхээр тийм байна.
-Би гоё сургуульд социализмын үед үнэгүй сурсан, азтай хүн гэдгээ ч хэлсэн. “Зуурдын орон” гэдэг балет манай театрт ганцхан удаа тоглогдоод хаагдсан юм. Намайг муу балетчин гээд л, хөгжмийг нь бас муу байсан гээд л шүүмжилсэн. Хөгжмийн зохиолч нь энэ Шарав гуай байсан юм. Би өөрөө гоцлол бүжигчин, бас менежерээр нь ажилласан, тэр балетийн. Би өөрийгөө гоё, шинэлэг зүйл хийчихлээ гэж бодож байсан. Тэгэхээр Шарав гуай миний амьдралыг өөрчилсөн. Сургуулиа дөнгөж төгсөж ирээд байхад кино урлаг, теарт ер нь зогсонги байдалд орчихоод байлаа. Тэр үед Мэнд-Ооёо гуай нэг кино хийсэн юм. Түүнд нь би нэг балетчиний дүрд тоглосон. Тэгэхээр Мэнд-Ооёо гуай ч миний амьдралд өөрчлөлт авчирсан. Одоо энэ хоёр хүнтэй хамт суугаад миний өөрчлөлт, бидний өөрчлөлт гээд ярьж байгаа нь сонирхолтой санагдаж байна гэж хэлсэн.
–Таныг төгсөж ирэх тэр үе нээрээ урлагийн хувьд хэцүүхэн он жилүүд байсан шүү.
-Хэн нэгэн энэ бүхнийг өөрчлөх гарц хайхын тулд ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэдгийг би ойлгосон. Менежмэнт гэдэг үгийг хүмүүс мэддэг хэрнээ яг юу хийдэг зүйл вэ гэдгийг төдийлөн ойлгодоггүй байлаа. Ялангуяа урлагийн салбарт бол их сонин ойлголт байсан. Урлагийнханд менежер гэдэг бол ердөө билет зарагч л гэж ойлгогдож байсан шүү дээ. Тэр хэн нэгний хийх ёстой ямар нэг зүйлийг хийхээр би 30 настайдаа балетаа орхисон. Харамсалтай. 40 настайдаа балетчин хүн тэтгэвэрт гардаг бол би замын дундаас орхисон гэсэн үг. 30 нас чинь залуухан шүү дээ. Тэгээд л менежер болсон. Энэ дахиад л миний амьдралыг өөрчилсөн. Сайн хүмүүсийн тус дэмээр гоё сургуульд явсан. Манчестрийн их сургуульд. Би өөрөө практик дээр гарч ирсэн менежер. Салбараа мэддэг, өөрөө дуртай байсан болохоор сургуульд очоод өөрийнхөө юу хийж байгааг ойлгоход нэлээд дөхөм байсан. Тэр сургуулийг төгсөөд дахиад л би их өөрчлөгдсөн. Манай нийгэм ч өөрчлөгдсөн. Одоо цаг өөр болсон. Өөр өнцгөөс харж болох болсон. Түүний жишээ болоод би өнөөдөр энд тун зоригтойгоор миний өөрчлөлт, бидний өөрчлөлт гээд зогсож байна гэж лекцэндээ хэлсэн дээ.
–Миний өрчлөлт, бидний өөрчлөлт гэснээс урлагт хөл тавьсан цагаас хойш таны хувьд гарсан хамгийн том өөрчлөлт юу вэ?
-Би уран бүтээлч гэдэг бодлыг толгойноосоо авч хаясан. Энэ бол хамгийн том өөрчлөлт. Уран бүтээлч болгон үүнийг хийж чадахгүй. Яагаад гэвэл энэ бол хүний эготой холбоотой асуудал. Ямар ч уран бүтээлч эго байж байж уран бүтээлч байдаг байхгүй юү. Эгогүй уран бүтээлчийг уран бүтээлчид битгий тооц гэж хэлдэг. Би нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Хэрэв менежер болоод удирдах ажил хийж байгаа бол би уран бүтээлч байсан, би уран бүтээлч гэдэг сэтгэлгээг толгойноосоо авч хаяхгүй л бол чи хэзээ ч тэр уран бүтээлчдийн төлөө ажиллаж чадахгүй гэдгийг. Тэр уран бүтээлчийг би менежер хүний нүдээр харж сурах ёстой. Уран бүтээлчийн нүдээр биш. Энэ мэдээж хэцүү байсан. Нэлээд хугацаа шаардсан. Гэхдээ чадсан. Миний жинхэнэ өөрчлөлт.
–Маш их зориг шаардсан байх аа.
-Маш их тэвчээр. Гэхдээ л миний тархи толгой минийх юм чинь би л захирахгүй бол өөр хэн захирахав. Би чадсан.