Түүний эмчлүүлж байгаа тасгийг олоод өрөөгөөр нь шагайтал нэгэн эмэгтэй түүнийг сахиж байв. А.Даваадоржийн бие нь сайжирсан бололтой өнгөрсөн баасан гарагтай харьцуулбал ухаан орсон, нүүрэн тус газар нь байсан хөхрөлт арай багассан харагдав. Түүнийг сахиж суусан эмэгтэй А.Даваадоржийн эхнэр аж. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-А.Даваадоржийн биеийн байдал амралтын өдрүүдээр хэр байв?
-Гайгүй ээ, дээрдэж байна. Өнгөрсөн баасан гарагийг бодвол ухаан нь сэргэсэн. Дотор нь муухайрах нь багассан байдалтай л байна.
-Ардын намаас холбогдох хүмүүс А.Даваадоржийн биеийг асууж ирсэн үү?
-Ирсэн. Гадаад, дотоод руу шинжилгээ, эмчилгээ хийлгэхээр судалж байгаа гэсэн.
Эхнэртэй нь ийнхүү ярилцаад А.Даваадоржоос хэдэн зүйл асуулаа.
-Яг юунаас болоод зургаан давхраас уначихав аа. Аюулгүйн бэхэлгээ хийгээгүй байсан юм уу?
-Өмнөх долоо хоногт гал гарсан агааржуулах хоолойд засварын ажил хийж байсан юм. Бэхэлгээ хийсэн байсан санагдаж байна. Тэгээд гэнэт л доошоо уначихсан. Би яг тухайн үед юу болсныг одоо сайн санахгүй байна. Толгой өвдөөд хэцүү байна гэсэн юм.
Энэ зуур түүний эхнэр “Одоо болно оо. Эмч нь түүнийг хэтэрхий их яриулж болохгүй гэсэн. Одоо та явсан нь дээр байх” гэлээ. Ийнхүү богино хугацаанд бага ч гэсэн мэдээлэл аван өрөөнөөс нь гарлаа. Төд удалгүй нэг залуу өрөө рүү орлоо. Хэсэг хугацааны дараа гарч ирээд “Чи сэтгүүлч үү. Юу асуух гэсэн юм. Хаанаас яваа юм” хэмээн шалгаав. Түүнд учир явдлаа тайлбарлаж хэлээд зарим зүйлийн талаар тодруулах боломж олдсон юм.
-Уг нь өнөөдөр (өчигдөр) эмч нар түүний биеийн байдлаас шалтгаалж толгой хэсэгт нь хагалгаа хийх эсэхийг шийднэ гэсэн?
-Ямар ч байсан одоо бие нь сайжирч байгаа нь сайн хэрэг. Цаашид яахыг хэлж мэдэхгүй байна. Эмчилгээгээ хийлгээд л байна. Бид түүнийг эдгэрэхийг хүлээж өдөр, шөнөгүй сахиж байна. Өөр зүйл хэлж мэдэхгүй нь гэсэн юм.
А.Даваадоржид хийсэн шинжилгээгээр эрүүл мэндийн байдал нь тийм ч таатай хариу гараагүй аж. Тэрбээр толгойн арын хэсэгтээ хүчтэй гэмтэл авсан. Харин баттай эх сурвалжаас түүний элэг, бөөр няцралттай, толгойн арын зарим хэсэгт яс бага зэрэг бяцарсан, няцралт өгсөн гэдгийг олж мэдсэн билээ. Одоогийн байдлаар хагалгаа хийх шаардлагагүй тул эмийн эмчилгээ хийж байгаа аж. Эмч нар түүний биеийг хэд хоног ажиглахаар шийдсэн талаар эх сурвалж өгүүлэв. Мөн яс нь хэр бороолох, дотроосоо хэр эмчилгээ авах тал дээр гол анхаарлаа хандуулж байгаа гэсэн. Ямартай ч дор хаяж долоо хоног эмчлүүлэх нь тодорхой гэсэн.
А.Даваадорж нэг хүүхэдтэй. Эхнэр нь өдөр сахиж, орой ах нь сахиж хонодог аж. Түүний эхнэр “Холбогдох дарга нар нь яаралтай гадаадад сайн эмнэлгүүдээр судалгаа хийж, А.Даваадоржийг түргэн эмчлүүлэх тал дээр анхаарч байгаа” гэх утгатай зүйл ярьсан. А.Даваадоржийн бие эдгэрсэн ч хэдэн жилийн дараа тархины гэмтэл нь сэдрэх, ой санамжаа алдахыг үгүйсгэхгүй хэмээн ар гэрийнхэн нь санаа зовж байгаа гэсэн. Харин МАН-ын дарга нар, “Өндөр Буянт” компанийн холбогдох хүмүүс хаана, юу хийж байгаа бол гэсэн асуулт томоос том анхаарлын тэмдэг болон үлдлээ.
"Улс төрийн тойм" сонин