Дэд сайд Б.Болор Петер Аммонтой уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Дэд сайд Б.Болор Петер Аммонтой уулзлаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улс “ИТБ Берлин” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд удаа соёлын түнш орноор оролцож байгаа бөгөөд энэ хүрээнд ХБНГУ-ын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Петер Аммон уг үзэсгэлэнд оролцож байгаа Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Болорыг өчигдөр Берлин хотноо хүлээн авч уулзав. “ИТБ Берлин 2011” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх тэргүүтэй төр засаг, бизнес, соёл урлаг, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын 100 гаруй төлөөлөгчид  оролцож байна. Монгол Улс “ИТБ Берлин” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд анх удаа соёлын түнш орноор оролцож байгаад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён П.Аммон баяр хүргээд дэлхийд хамгийн томд тооцогддог энэхүү үзэсгэлэнд Монгол Улс оролцсноор өөрийн улс орноо таниулан сурталчлах, хамтын ажиллагааг өрнүүлэх үйлсэд чухал хувь нэмэр болно гэв. Гадаад харилцааны дэд сайд Б.Болор талархал илэрхийлж, ХБНГУ нь Европ дахь Монгол Улсын гол түнш бөгөөд хоёр орны хоорондын иж бүрэн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа дурдаад Монгол, Германы хамтын ажиллагаа, ялангуяа худалдаа, эдийн засгийн салбарын харилцааг эрчимжүүлэх нөөц бололцоо дүүрэн байгааг илэрхийлэв. 2010 онд Холбооны Засгийн газрын гурван гишүүн Монгол Улсад албан албан ёсоор айлчлилсан нь хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц болсон гэж үзэж байгаагаа тэрээр мөн илэрхийлээд ойрын үед өндөр дээд хэмжээний айлчлалууд хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

    Холбооны ГХЯ-ны ТНБД ноён Петер Аммон хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад мөн баяртай байгаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд германы тал бэлэн байгаагаа мэдэгдэв. Ноён Петер Аммон ойрын үед Монгол Улсад айлчлах болно гэдгээ энэхүү уулзалтын үеэр дурдаж энэ үеэр германы бизнесийн томоохон төлөөлөгчидтэй очих болно гэдгээ мэдэгдэв. Уулзалтад Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж оролцов хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж