Монгол инженерүүдийн бүтээл Төрийн соёрхол хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Монгол инженерүүдийн бүтээл Төрийн соёрхол хүртлээ

“Эрдэнэт” үйлдвэрийн техникийн салбар өчигдөр Төрийн соёрхол хүртлээ. “Эрдэнэтийн овоо” ордын  геологийн нөхцөл хүндэрснээс  бий болсон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хүдрийн шинж чанарын хувиралтад тохирсон баяжуулах технологи боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг богино хугацаанд цогцоор шийдсэн “Зэс молибдений хүдэр баяжуулах техникийн шинэчлэл, эрчимт технологи” бүтээлийг гаргаж, улс орныхоо эдийн засагт өндөр үр ашиг өгсөн хэмээн“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганзориг, Үйлдвэрлэл эрхэлсэн захирал З.Ганбаатар, Үйлдвэр техникийн хэлтсийн орлогч дарга, ерөнхий баяжуулагч Ж.Баатархүү, Лабораторийн дарга Ц.Туяа нарыг ийнхүү Төр соёрхсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн соёрхлыг гардуулах үеэрээ “Манай оронд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн зарим компаниуд хуарангийн шинжтэй, ажилчид нь гэрээсээ хол, удаан хугацаанд ажилладаг бол Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа орон байр гэх мэт нийгмийн бүхий л асуудлыг шийдсэн, Монголдоо ээлтэй үйлдвэр гэдгээрээ ялгаатай” хэмээн онцолсон юм. Монгол инженерүүдийн гаргасан “Зэс молибдений хүдэр баяжуулах техникийн шинэчлэл, эрчимт технологи” бүтээлийн үр дүнд Эрдэнэт үйлдвэр жилдээ 60 сая орчим доллларын ашигтай ажиллаж байгаа ажээ.

О.Хосоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж