
Тимошенкогоос өнгөрсөн долоо хоногт нурууны мөгөөрсний эвэрхий шинжилгээгээр илрүүлсэн гэж тэрээр эмэгтэй эмч нараасаа мэдсэнээ ярьсан байна. Харгалзагч нар нь түүнтэй ихээхэн зэрлэг харьцаж байсан гэж тэрээр хэлжээ. “Үүний санаад л бид уйлалдаж байна. Тэр явж чадахгүй байсан ч хэн ч тэргэнцэрт суулгасангүй. Хоёр харгалзагч түүнийг барьж аваад л чирээд явсан. Бас бамбайгаараа түүнийг хааж байлаа. Бидэндэнд нэр хаяггүй тэнүүлчид, хар тамхичинг авчрахдаа тэргэнцэр өгдөг л байсан. Гэтэл түүнийг зүгээр л чирээд явсан” гэж тэр эмэгтэйн ярьснаас “Украинская правда” сонин иш татжээ. “Тэрээр их зовж зүдэрсэн байлаа. Бид түүнийг арай гэж таньж байв. Харахаас аймаар байсан” гэж тэрээр ярьжээ.
Эмнэлгийн удирдлага ажилтнуудаа коридороос хөөж, хэрэв элдэв яриа гаргавал ажлаас хална гэж байсныг эх сурвалж хэлжээ. Тимошенког арын хаалгаар оруулж авчирсан аж.
Оростой байгалийн хий нийлүүлэлтийн гэрээ байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр долоон жилийн ял авсан Юлия Тимошенкогийн хоригдож байгаа төвд түүнд 51 насных нь ойн баяр хүргэхээр 2000 орчим хүн цэцэг барин ирж, урьдчилсан хорих төвийн ханын дэргэд тайз засан Украины дуучид, хөгжимчид тоглолт хийжээ. Энд Тимошенкогийн “Батькивщина” намын гишүүдээс гадна бусад сөрөг намын төлөөлөгчид ч ирцгээсэн байв. Энэ арга хэмжээнээс хэд хоногийн өмнө Урьдчилан хорих төв байдаг гудамжийг засвар гэсэн нэрийн дор хаасан байлаа. Тимошенкогийн биеийн байдал сүүлийн үед муудаж байгаа тухай яриа олон удаа гарсан ч түүнд шинжилгээ хийсэн эмч нар биеийн байдалд нь амь насанд аюултай өөрчлөлт байхгүй учраас хорих төвд нь эмчилгээг үргэлжлүүлнэ гэсэн дүгнэлт гаргасан. Гэхдээ өмгөөлөгч нарынх нь яриагаар түүний биеэр хөх толбо үргэлжлэн гарч байгаа ажээ. Хорих төвд шаардлагатай эмчилгээ хийхгүй байгаа гэж өмгөөлөгч Сергей Власенко мэдэгдэв.