MAN-ийг мал дээр гаргая

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

MAN-ийг мал дээр гаргая

Хот, хөдөөний сургуульд “мал дээр гарна” гэж стратегийн зорилтоо аль эрт тодорхойлчихсон хүүхдүүд хааяа тааралддаг байж билээ. Хичээлээс хичээл дээр унтаж, тоглож, юу дуртайгаа л хийдэг тэдний “малчин заяа”-г багш нар нь хүртэл хүлээх зөвшөөрөөд хичээлээ сургах ч сонирхолгүй, нөгөөдүүлдээ хичээл зааснаас хаданд очиж хашгирсан нь дээр байдагсан. За, тэгээд заалаа ч сонсохгүй, сонслоо ч ойлгохгүй. Тэгсэн мөртлөө бүхнийг өөрсдийнхөөрөө тайлбарлана, бас их пээдгэр. Яагаад гэвэл, тэдэнд хичээл хийсэн ч хийгээгүй ч ялгаагүй “эх орны алтан гурав” баталгаатай байдагсан. Өнөөдөр “гэрийн даалгавраа сайн хийгээгүй” мөртлөө “эх орны алтан гурав”-т зүтгэж байгаа МАН (MAN) яг ийм харагдаж байна.

Сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг их маргаан дагуулсан хэвээр байна. Нэг талаас MAN анх удаа буулт хийж өглөө, нөгөө талаас АН хуулийг батлахын тулд маш их зовж байгаа гэх жүжиг тавьсаар 2007 оных шиг хугацаагаа тулгав. Хугацаагаа тулгахаараа ямар хууль батладгийг нь бид урьдын туршлагаас бэлхнээ мэдэж байгаа. Хулхи хууль, хуудуутай сонгууль, дараа нь олон түмний эсэргүүцэл. Одоо MAN ба АН хамтран сонгуулийн хуулийн талаар хамгийн чухлаас бусдыг бүгдийг хийлээ. Огт хоосныг бодвол хэлэх юмтай. Болж л байна. Харин  сонгуулийн эрхийн таван үндсэн зарчмын нэг болох тэгш эрхийг хангахгүйгээр шударга сонгууль гэж байхгүй. Сүүлийн үед хот хөдөөний сонгогчдын саналыг тэгш байлгах тухай хүмүүс маш их ярих болсон. Үнэхээр маш чухал асуудал. Үүнийг шийдээгүй бол автоматаар тоолох байтугай бүрэн автоматажсан сонгууль явуулаад ч нэмэргүй. Үүнийг шийдэхийг MAN хүсэхгүй байна. АН амандаа юм бувтнасаар MAN-ын арганд ороод хуйвалдааны хууль батлах шинжиндээ орлоо.

2010 оны хүн амын тооллогоор Монгол Улс нэг сая 746 мянган сонгогчтой гэж тоологджээ. Үүний 46 хувь нь Улаанбаатарт, үлдсэн нь Дархан, Эрдэнэт хот ба бусад аймагт амьдардаг байна. Тэгэхээр ямар ч байсан 54 хувь буюу 41 суудал нь  аймгуудад, үлдсэн 46 хувь нь буюу 35 мандат заавал нийслэлээ төлөөлсөн байх ёстой байсан. Үүнд гадаадад амьдарч байгаа Монгол Улсын 26 мянган иргэнийг оруулаагүй юм шүү. Дашрамд хэлэхэд, Улсын бүртгэлийн байгууллагын гаргасан тоо мэдээнээс үзвэл, бараг нэг тойргийн хүн ам гадаадад сонгох эрхээ хасуулан амьдарч байна.

Хүснэгт 1. Сонгогчдын тоо ба УИХ-ын суудлын мандатын хуваарь

/76 мандатад харьцуулсан байдлаар/

 

Энэ хүснэгтийн  “Оногдох ёстой мандатын тоо” баганаас 76 мандат тойргуудад яаж хуваарилагдахыг харж болно. Нэг тойрог дунджаар 22,969 (1,745,637/76) сонгогчтой байх ёстой. Сүүлийн “Дээрэм” багананаас харвал, эерэг утга нь дээрэмдсэн мандатын тоог илэрхийлэх ба сөрөг утга нь дээрэмдүүлсэн мандатын тоог харуулна. Орхон аймаг нэг ба Улаанбаатарын иргэд 15 мандат дээрэмдүүлж, харин дөрвөн аймгаас бусад нь мандат дээрэмдсэн байна. Ялангуяа, Төв аймаг хоёр мандат илүү дээрэмджээ. Ерөнхийдөө, энэ багана сонгогчдын саналын эрх яаж зөрчигдөж байгааг үзүүлж байна. Үүний хор уршгийн улмаас УИХ-ын гишүүд малчдад тал засч, зөвхөн орон нутгийн чанартай бодлого явуулах хөрс болж байгааг хангалттай шүүмжилсэн. Илжигний чихэнд алт хийсэн ч ус хийсэн ч адилхан сэгсэрдэг гэдэг. Харин манай УИХ-ын гишүүд зөвхөн өөрсдөдөө ашигтай үгийг л сонсдог нь үнэн гэдэг үүнээс харагдаж байна.
Хотын иргэдийн сонгуулийн эрхэнд халдсан үйлдлээ өргөн уудам нутаг энэ тэр гэж хүний инээд хүрэм тайлбараар цагаатгахыг оролдож байна. Өргөн уудам нутаг, хүрэх зам харгуй энэ тэр асуудал бол Засгийн газрын асуудал болохоос УИХ байгуулах асуудалтай огт холбоогүй юм. Олон улсын практикт газар нутгийн хэмжээнээс хамаарч санал өгдөг зүйл огт байхгүй. Хүний сонголтонд нутгийн их бага, хүний шигүү тархуу нь хамаагүй. Парламент нь олон үзэл бодлыг цуглуулж, зөв буруугаа ярилцдаг индэр болохоос холын эсвэл том аймгаас ирсэн нь илүү зөв байдаг гэсэн хуультай газар биш юм шүү. Ийм юм ярьж байгаа УИХ-ын гишүүдийг яана аа. Тэнэг, мулгуу юм уу гэтэл биш юм аа. Хор найруулахдаа гаргадаг ухааныг нь харвал эрх мэдлээ алдахгүйн тулд  тэнэг харагдахыг ч тоохгүй байгаа болов уу гэж таамаглаж байна.

MAN-д хотын иргэдийн үг чухал биш, хөдөөний иргэний үг илүү чухал. АН-д илүү найдвар тавьж байсан боловч нийслэлийн иргэдийн сонгох, сонгогдох эрхийг MAN-ын эрх ашгаас дорд үзэн ханцуй дотроо наймаалцчих шиг боллоо. Одоо тэднээс бид илүүг хүлээгээд нэмэргүй бололтой. Хэрвээ МАНАН 48 нь мажоритараар сонгоно гэж, үнэхээр, үхэтлээ үзэхээр шийдсэн юм бол УИХ-ын 22 гишүүн нь Улаанбаатараас, үлдсэн 26 нь хөдөө орон нутгаас сонгогдох ёстой байв. Гэтэл, нийслэлд 14, орон нутгаас 34 мандат гэж хуваарилж байгаа нь нийслэлчүүдийн гуравны нэгийн саналыг хогийн саванд хийж хөдөөгийнхний саналын 20 хувиар хөөсрүүлэх санаа болжээ. Юунд нийслэлчүүдийг адлана вэ? Бид та нарт ямар гэм хийчихээд ийм үйл лай эдлэх ёстой болсон юм бэ?

Хүснэгт 2. Сонгогчдын тоо ба УИХ-ын суудлын мандатын хуваарь

/48 мандатад харьцуулсан байдлаар/

 
 
Хоёрдугаар хүснэгтээс харахад, зөвхөн нийслэлчүүдийг ад үзээд зогссонгүй, хөдөөгийнхнийг дотор нь ямар нэгэн учир битүүлэг шалтгаанаар ангилсан байгаа юм. Хөвсгөл, Хэнтий аймгуудыг харьцуулахад Хөвсгөл нь бараг хоёр дахин их сонгогчтой байж адилхан мандаттай байна. Холоор нь илүү саналыг нь авдаг гээд байгаагүй билүү. Хөвсгөл Хэнтийгээс ойрхон болчихоо юу? Бас нэг жишээ. 38,5 мянган сонгогчтой Өмнөговь нэг мандаттай байхад түүнээс нэг мянга 500 хүнээр олон Завхан аймаг хоёр мандаттай байна. Мөн хүчтэй 1,500 хүн байна аа. Эсвэл газар нутгаараа Завхан Өмнөговиос хоёр дахин том болоод тэр үү.

Пропорциональ хэсгийн 28 мандатыг 48-аас гарсан үр дүнгээр хувааж авахыг бодож байх шиг байна. Энэ бол товчхон хэлэхэд том луйвар. Жишээ нь 51 хувиар арайхийж олонхи болвол 28 мандатын 50 хувь болох 14 суудлаар шагнуулах нь дээ. Иймд энэ хэсгийн мандатыг нийт сонгогчдын хувиас бодож оноох ёстой.

Энэ бүхнээс үзэхэд, сонгогчдын тэгш эрхийг өөрсдийн эрх ашгаас дорд үзэж байгаа одоогийн УИХ-ын эрхэм гишүүдийг морь унадгийг нь морийг нь, тэмээ унадгийг нь тэмээг нь, сарлаг унадагийг нь сарлагийг нь унуулаад мал дээр гаргаж, малчин заяаг нь эдлүүлж, хөдөө хөхрүүлж, гадаа гандуулмаар байна. Ингэж л байж, иргэн бүрийн саналыг ижилхэн сонсдог, үнэлдэг, ард түмнээ хот, хөдөөний гэж алагчилдаггүй төртэй болох байх даа.

Ц.Ганбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж