Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Монголын шилдэг жазз хамтлагууд оролцох “Jazz Night” үдэш болох гэж байна. Жазз хөгжмийн хэмнэл, тансаг хоол, амтлаг дарс, намуухан орчин, лааны гэрэлд найз нөхөдтэйгээ нэгэн үдшийг өнгөрүүлэхийг хүсвэл тогооч Г.Тэнгисийн “Jazz Night” үдэшт саатаарай. Тэрбээр хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржтой хамтран энэхүү тансаг үдшийн сценарийг дэглэжээ. Энэ талаараа  Г.Тэнгис хэлэхдээ “Хүмүүс тогооч хүн яагаад ийм үдэшлэг хийж байгааг гайхаж магадгүй. Би урлагийн гэр бүлд өссөн учир урлагт дуртай. Пүүжээ ахтай их найз. Дандаа л хамт гоё үдэшлэг хийе гэж ярьдаг байсан.  Монголд ихэвчлэн доргио үдэшлэг болдог. Харин би намуухан, эрхэмсэг, соёлтой үдэшлэгийг хүмүүст мэдрүүлэхийг хүсч байна. Жазз гэдэг утгаараа монголчууд их дуртай хүлээж авдаг. Урлаг ойлгодог, топ хүмүүс жазз хөгжимд их дурладаг ш дээ. Би өөрөө Итали хоол, Итали виног хүмүүст илүү таниулахыг хүсч байна. Тэр үдэш 56 нэр төрлийн зууш, хоол, дарс хийх болно. Хоолыг хэрхэн жазз хөгжимтэй хослуулахыг харуулах болно. Хамгийн гол нь тэнд их тансаг орчин бүрдэх болно” хэмээн ярив.

Түүний зохион байгуулж буй дээд зэрэглэлийн, тансаг “Jazz Night” ирэх бямба гаригт буюу арванхоёрдугаар сарын 3-ны үдэш “C and C lounge”-д болох юм. Монголын бүх шилдэг жазз хамтлаг, дуучид, хөгжимчид оролцох “Jazz Night”-ийн тасалбар 50 ам.доллар байх гэнэ. Хамгийн гол нь жазз хөгжмийн илэрхийлэл болсон хар даашинз, хар хослол, дэгжин улаан өнгийн даашинз гээд л сонгодог жазз стилиэр хувцаслах хэрэгтэйг анхаараарай. Энэ бол дээд зэрэглэлийн, сонгодог, жазз хэмнэлийг мэдрэх үдэш юм шүү.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж