”БСШУЯ-ны зүгээс шалтгаалах зүйл байхгүй”

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

”БСШУЯ-ны зүгээс шалтгаалах зүйл байхгүй”

Нийслэлийн цэцэрлэгийн багш нар өчигдөр хоёр цагийн ажил хаялт зарласан. Харин маргааш ерөнхий боловсролын сургуулийн багш нар ажил хаяна. Тиймээс БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Б.Эрдэнэчимэгээс зарим асуултад хариулт авлаа.

-Цэцэрлэгийн багш нар ажил хая­сан. Маргааш ерөнхий боловс­ролын сургуулийн багш нар ажил хаях гэж байна. Яамнаас энэ та­лаар ямар арга хэмжээ авч байгаа юм бэ?

-Ирэх онд багш нар болон төрийн албан хаагчийн цалинг 53 хувиар нэмэхээр болсон. Багш нарын цалинг хоёр үе шаттайгаар нэмэх шийдвэр гарсан байгаа.  УИХ-аар 2012 оны төсөв батлахаар яригдаж байгаа. Төсөв хэлэлцэгдэж байгаа учраас багш нарын цалинг хэзээ нэмэгдүүлэх тодорхой шийдвэр гараагүй байхад багш нар ажил хаяж байгаа нь зөв бурууг мэдэхгүй байна. Үнэндээ энэ асуудлыг аль аль шатанд нь ярьж байж шийдэх ёстой. Манай яамны зүгээс одоо ямар нэг арга хэмжээ авч, шийдвэр гаргахгүй. Энэ бол УИХ-аар шийдэгдэх асуудал байгаа юм.

-Багш нар ажил хаях нь ер нь зөв юм уу. Хууль дүрмэндээ юу гэсэн байдаг юм бол?

-Тухайн үйлдвэрчний эвлэл нь шийдэж байгаа асуудал учраас бид жагсах ёсгүй, ажлаа хий гээд шаардах эрх байхгүй. Гэхдээ нэгэнт л цалин нэмэх нь тодорхой асуудлыг ингэж ажил хаяад жагсах хэрэггүй байх л гэж бодож байна. Нэмэх нь тодорхой учраас ганц, хоёр сарын наана, цаана гэсэн асуудал байгаа. Нэг сард олгосон, дөрвөн сард олгох л асуудал гараад байгаа.

-Багш нарын шаардлагыг бие­лүүлэх боломжгүй юм уу, судлаж үзэв үү?

-Төсөв гэдэг өөрөө бүрдүүлэл­тээс бүтдэг зүйл. Зүгээр бэлэн байгаа мөнгийг аваад шууд тараадаг эд биш шүү дээ. Улсын нэгдсэн төсвийг бүр­дүүлээд дараа нь хувиарлалт хий­дэг. Үүнийг хүн бүр мэддэг шүү дээ. Ирэх оны төсвийг баталсны да­раа бүрдүүлэлтээс шалтгаалж хуваа­рилалт хийх учраас магадгүй багш нарын цалинг нэмэхийн тулд тодорхой хэмжээний мөнгө төсөв­лөж, тусгадаг. Өнөөдөр шийдээд мар­гааш тараадаг  зүйл биш учраас мэ­дээж УИХ судалж, судалгаа хийс­ний дүнд ийм шийдвэр гаргаж байгаа байх л гэж бодож байна.

-Маргааш дахин ерөнхий бо­ловсролын сургуулийн багш нар ажил хаяна гэсэн. Хэрэв багш нар шаардлагын хариуг өгөхгүй бол хугацаагүй ажил хаялт зарлана гэсэн?

-Бидний зүгээс ямар нэг шийдвэр гаргахгүй болохоор ямар нэг дүгнэлт, хариулт өгөх боломжгүй. Манай яамны зүгээс шалтгаалах зүйл байхгүй учраас бид тэгнэ ингэнэ гэж хариу хэлэх боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж