Хотын дэд бүтэц өөрчлөгдтөл 2030 оныг хүлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Хотын дэд бүтэц өөрчлөгдтөл 2030 оныг хүлээ

Замын түгжрэл багасч, давхар зам дээгүүр сүлжилдэж, замын дээгүүр, доогуур метро сүлжилдсэн нийслэл хот байвал ямар вэ. Хотын дэд бүтэц нь төгс төгөлдөр тийм хотод амьдармаар байна уу. Тэр бидэн тун ойрхон байна. Ерөнхийдөө “таван буудал”-ын цаана. Тоогоор илэрхийлбэл, нийслэлчүүд түгжрэлгүй, бухимдалгүй хотод амьдрахад дахиад 20 жил хүлээх нь. Гэхдээ бусад төсөл хөтөлбөрүүд шиг замхарчихгүй бол  шүү дээ.

2020 онд метротой болно

Үүнийг том даацын метро гэж ойлгож болохгүй. Хөнгөн галт тэрэг буюу бага даацын метрог 2020 гэхэд ашиглалтанд оруулахаар төлөвлөжб айгаа юм билээ. Мэдээж, хөрөнгө мөнгө гээд бүх асуудал нь шийдэгдвэл шүү дээ  Одоогийн байдлаар энэ нь зөвхөн төсөл, хөтөлбөр байгаа гэдгийг санах хэрэгтэй. Хэдийгээр 2013 онд төсөл хэрэгжиж, бүтээн байгуулалтын ажил 2014 оноос эхлэх ч Италийн талаас ашиглалтанд оруулах хугацааг наашлуулах боломжтой ч онцолсон гэнэ лээ. Италийн тал наашлуулах хүсэлтийг илгээсэн нь Монгол, Итали улсын хооронд гэрээ хийгдэх болохоор тэр. Одоогоор яг хэдий хэмжээний хөрөнгөөр, ямар зохион байгуулалттай хийх нь тодорхойгүй байна. Ямар ч байсан яриа, хэлэлцээрийн төвшинд үргэлжилж байгаа аж.

Харин том даацын жинхэнэ метротой болох уу, болбол хэзээ вэ гэдэг нь одоогоор шийдэгдээгүй байна. Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар гадны улсуудад ашигладаг том метро манайх шиг цөөн хүн амтай нийслэл хотод ашигтай ажиллах боломжгүй гэнэ. Гэвч “Нийслэлийн нийтийн тээврийн газар”-аас энэ талаар холбогдох судалгааг хийж байгаа аж. Аливаа нэг томоохон хотын хүн ам таван саяас давж байж метро ашигтай ажиллах боломжтой байдаг гэсэн судалгаа бий.

Давхар замтай болох уу…

Энэ бол одоогоор мөрөөдөл. Гадны орнуудад аль хэдийнэ хэрэгжээд тусгалаа олчихсон энэ асуудал одоогийн байдлаар зөвхөн мөрөөдөл төдий байна. Нийслэлийн авто замын газар болоод холбогдох байгууллагуудад энэ талын судалгаа алга. Хэдийгээр тийм байгаа ч ачаалал ихтэй зам дээр гүүрэн гарц барих ажил төлөвлөгөөнд тусгагдаад явж байгаа юм. Та бүхний сайн мэдэх уртаашаа 895 метр, 19,5 метр өргөн, хоёр талдаа тус бүр 1,5 метрийн өргөн явган хүний замтай “Нарны гүүр” энэ ажлын бодит жишээ юм. Японы засгийн газрын 3,5 тэрбум иений хөрөнгө оруулалтаар хийж байгаа энэ гүүр ирэх оны 11 сард ашиглалтанд орох юм. Одоогийн байдлаар яриа хэлэлцээрийн төвшинд дараах гүүрэн гарцуудыг хийхээр яригдаж байна. Тухайлбал, Толгойт-Сонсголон руу явах замд, Саппорогийн аюулгүйн тойрогт барих бол Яармаг дахь хуучин гүүрний хажуугаар шинэ хос гүүр барихаар төлөвлөгдөж байгаа аж. Түүнээс гадна Баянбүрийн аюулгүйн тойрог, баруун дөрвөн замд тус бүр олон төвшний огтлолцол барихаар төлөвлөгдөж байна. Гэвч аль 2010 онд хийхээр яригдаж байсан тасганы овооны гүүрэн гарцны асуудал бодит ажил болохгүй хэвээр. Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулах гэсэн боловч хариулт өгөх хүн олдсонгүй. Уг нь 2010 оны эхэнд гүүрэн гарцыг барьж, орчиныг нь дэлхийн жишигт хүрэхээр засч янзална гэж яригдаж байсан юм. Ажил нь эхлээгүй байгаа бас нэг газар бол Нарантуулын уулзварт гүүрэн гарц барих төсөл. Энэ төсөл бас л 2010 онд яригдаж байсан. Гэтэл өнөөдөр гүүр барих нь битгий хэл, ганц ч бетон алга. Нийслэлийн авто замын газрын яг энэ асуудлыг хариуцсан дарга нь амралтаа авсан учир гүүр “хаачсан”-ыг мэдэх хүн байсангүй. Одоогийн байдлаар Нарантуулыг 13 дугаар хорооллын уулзвар, цаашлаад “Сансар”-тай холбох ажил төслийн шатанд явж байгаа аж. Одоогоор томоохон гүүрэн гарц барих өөр төсөл хөтөлбөр алга.

Нүхэн гарц “нүхэнд” унасан уу…

Одоогийн байдлаар замын ачаалал ихтэй авто замын хэсэгт нүхэн гарц барихаар яригдаж байна. Тухайлбал, Зүүн дөрвөн зам дээр хоёр түвшний огтлолцол, замын уулзвар тус бүрт нүхэн гарц хийхээр болж байгаа бөгөөд энэ ажилд 240 сая доллар зарцуулж байгаа аж. Хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банк хийхээр болсон юм. Ирэх хавраас зам засварын ажилтай хамт энэ нүхэн гарцыг хийхээр болжээ. Цаашдаа нийслэлд 1-2 нүхэн гарц хийхээр болжээ. Албаны хүмүүсийн хэлж буйгаар “Йонсейн” нүхэн гарц дээр ажиглагдсан чанарын шаардлага хангаагүй гэсэн.

Ийнхүү төсөл хөтөлбөрийн хэмжээнд яригдаж байгаа олон ажил биднийг, тэднийг хүлээж байна. Гүйцэтгэл нь хэр зэрэг байхыг харах л үлдлээ.  Албаныханы хэлж буйгаар бол 2016 онд дээр дурьдагдсан нүхэн болон гүүрэн гарц ашиглалтанд орох юм байна. Замаа хэдийгээр давхарлаж дэлхийн жишигт дүйцүүлж чадахгүй ч төсөвтөө багтаан шинэчлэх ажил үргэлжилсээр байна. Үргэлжилсээр ч гэж ингэж засах нь тогтсон уламжлал юм даа. Энэ жилийн тухайд гэвэл нийслэлд 67 орчин тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 73 км авто зам барихаар төлөвлөж, бүгдийг нь ашиглалтанд хүлээлгэж өгсөн. Төгсгөлд нь нэгэн мэдээллийг хүргэе. Амьдрал манайхаас дор гэж бидний муулах дуртай Алжир улс өнгөрөгч аравдугаар сарын 31-нд метроны анхны системээ хүлээн авсан билээ. Нийтдээ 9,5 км урттай метрогоор Алжир иргэд 50 динар буюу Монголоор бол 500 төгрөгөөр зорчих боломжтой ажээ. Тэд энэ метроны системийг ашиглалтанд хүлээлгэж өгсөнөөр метроны системтэй Африкын хоёр дахь улс болсон юм. Олон жилийн туршид нүүрлэсэн иргэний дайны гамшиг арилаад удаагүй байгаа ч тэнд бидний мөрөөдөж байгаа метрогоор хэдийнэ хөл дүүжлээдэхэлчихлээ. Бага “оврын” биш  жинхэнэ метро шүү.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж