МАН-ын сонгуулийн кампанит ажил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

МАН-ын сонгуулийн кампанит ажил эхэллээ

Бага хурлынхаа индэр дээрээс бүхнийг сонгуультай холбох даалгаврыг эрх баригч намын дарга 226 төлөөлөгч, хэвлэлийнхнийн өмнө өгч байна.

Сонгуулийн хууль батлагдаагүй байхад Монголын ууган улс төрийн хүчин  намынхаа бага хурлынхаа үеэр ийнхүү кампанит ажлаа эхлүүлэв.  МАН-ын дарга С.Батболд илүү ч үгүй, дутуу ч зүйлгүй “УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаа хаяанд тулж ирлээ. Бүх ажлаа сонгуультай уялдуулах цаг боллоо” гэв. Эл шалтгаанаа “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, сайн сайхны төлөө түүхэн үүрэг хүлээдэг Монгол Ардын намд үүнээс өөр сонголт байхгүй” хэмээн сүржнээр тодорхойлов. Тиймээс өнөөдрөөс эхлээд тус намын сурталчилгаа, төрийн оролцоотойгоор ил далд хэлбэрээр эрчимжиж эхлэх нь. Төрийн оролцоотойгоор гэдгийн учрыг хэн эрх баригч вэ гэдэгтэй холбууштай. Юун төлөө эрх баригч билээ. Түүнийг нь санасан ч, орон нутагт хөл сайтайг нь бодолцсон ч ийм л замаар явна. Орон нутаг, яам, агентлагийн дийлэнх олонхыг хэн бүрдүүлж байна, МАН. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн тавыг нь хэн удирдаж байна, МАН.

Тэд аль хэдийнэ сонгуулийн “хэл”, “хөл”-дөө орсон нь тодорхой. Харин намын даргынх энэ үг долоон сарын өмнөөс сонгуульд бэлтгэж эхэлснийг албан ёсоор баталгаажуулав. Төрийн өндөр албан тушаалтнуудаас голдуу бүрдсэн бага хурлын төлөөлөгчид даргынхаа хэлснийг ёсчлох нь дамжиггүй. Уламжлалт өнгө аяс цухалзсан энэ намын бага хурал урьдын адил эртнээс бэлтгэсэн найруулгаасаа гажилгүй явж байна.

Урьдаас таамаглаж байсанчлан МАН-ын дарга С.Батболд МАХН-аас болгоомжилж, саналыг нь хуваалцах вий гэхээс түгшжээ. Тиймээс намын гишүүд, дэмжигчдэд аль болох хурдан ойлгуулахыг даалгав. С.Батболдын “Сүүлийн үед улс төрийн амьдралд гарсан таатай бус нэгэн үзэгдэл нь хэсэг хүн “МАХН” нэрээр үйл ажиллагаа явуулж буй явдал юм. “МАХН” нэрээр улс төрийн үйл ажиллагаа явуулж буй хүмүүс Монгол Ардын Намын дэмжигчдийн саналыг хуваах зорилготой нь илт юм. Ялангуяа манай намын ахмад гишүүдэд элдэв аргаар нөлөөлөх ажил хийж буйг бүх шатны байгууллага, идэвхтэн сонгуультнууд анхааралдаа авах ёстой” гэснээс нь үзвэл багагүй тооны гишүүд нүүр бууруулсан бололтой. Болгоомжилж байна. Хэвлэл мэдээллийнхний өмнө  болохоор хэр олон хүн дайжсаныг хэлээгүй. Гэхдээ намын даргын илтгэлийн багагүй хэсгийг эзэлсэн, Н.Энхбаяр тэргүүтнүүд “Биднийг дэмжинэ гэдгээ арав гаруй мянган ахмад гишүүд мэдэгдээд буй. МАХН-д шинээр элссээр ч байгаа” гэж мэдэгдсээр байгаа зэргийг нь тооцвол энэ асуудал нэлээд газар авчээ. Магадгүй МАН-ын хувьд хамгийн том асуудал ч болж болзошгүй юм.

Харин МАН-ын дарга Н.Энхбаяр хуучин намынхаа нөхдийн эсрэг хүчтэй довтолгоо өрнүүлэх гэж байсан төлөвлөгөө нь алдагдсан талаарх баримт хэвлэлээр бас л шуугиулж байна. МАН ч зүгээр байхгүй бололтой.
 
МАХН-ыг бүртгэсэн явдлыг С.Батболд хууль бус үйлдэл гэлээ. Үүнийг “Улс төрийн намуудын тухай хуулийн тодорхой заалтын талаар Үндсэн хуулийн цэц хоёрдмол утгагүй шийдвэр гаргасаар байтал шүүх хууль зөрчиж бүртгэл хийснийг та бид мэдэж байгаа. МАН бол МАХН-ын зүй ёсны эхлэл бөгөөд үргэлжлэл гэж Дээд шүүх манай намын уугуул нэрийг зөвшөөрч баталгаажуулсан атлаа “МАХН”-ыг бас давхар бүртгэсэн нь илт хууль зөрчсөн үйлдэл юм” гэдгээр тайлбарлав.

Ер нь аргаа барж буй бололтой юм. Тиймээс энэ талаарх Үндсэн хуулийн цэцийн болон намын XXVI Их хурлын шийдвэрийг гишүүд, дэмжигчиддээ сурталчлах ажлаа эрчимжүүлэх гэнэ. “Үнэнийг мушгин гуйвуулах аливаа оролдлогод баримт, нотолгоотой хариу өгч, хүн бүрт хүрч ажиллах шаардлагатай байна” гэх утгатай үгсийн байн байн хэлж байв.

Сонгууль дөхсөн энэ цаг мөчид “Толгой хагаравч малгайндаа, олгой хагарав ч тогтоондоо” гэх философиороо МАН элдэв хэл амнаас зайлсхийж хаалттай хуралдсан. Учир нь өнөөгийн Засгийн газрын бодлогыг эрс шүүмжилж, намын удирдлагаа хүртэл баалаад амжсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс эхлээд олон нөхөр бага хурлын төлөөлөгч байсан учраас бага хурлаа хаалттай хуралдуулсан байх. Гэсэн ч намын бүлгийн ажилтнаасаа эхлээд багагүй шүүмжлэл гарчээ.

Ер нь хээл, хахуульд өртөж, намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж буйд анхаарахыг шаардаж, урьд урьдынхаас илүү болгоомжтой байлаа. Бага хурлын үеэр хөндөгдсөн бас нэгэн асуудал нь Сонгуулийн тухай хууль. МАН-ын дарга С.Батболдын хэлснээс үзвэл, сонгуулийн ямар ч хууль байсан тэдэнд нөлөөлөхгүй гэнэ. Үүнийг “Сонгуулийг хуучнаар нь явуулахаар болсон” гэдэг яриатай холбож болох юм. Нэгэнтэй сонгуулийг хуучнаар нь явуулахаар болсон бол тэд санаа амар байх нь гарцаагүй хэрэг. Бага хурлын уур амьсгалыг анзаарвал хамгийн гол санаа зовоож буй зүйл нь МАХН бололтой. Тиймээс дөрвөн зүг, найман зовхист тэдний эсэргүүцэж, өөрсдийгөө тодотгохыг чармайж байна даа, тэд.

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж