”Цалин нэмбэл инфляцийг барьж чадахгүй”

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

”Цалин нэмбэл инфляцийг барьж чадахгүй”

Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваатай ирэх оны Төсвийн тухай хуулийн талаар ярилцлаа.

-Өдөр алдаж шөнө гэгчээр УИХ-ын гишүүдийг шөнө оройн цагаар хуралдаад ирэх оны төсвийг хэлэлцсэн. Үүнийг нь “Ажлын бус цагаар хор найруулж байна” гэж иргэд хардаж байна?

-Хугацаандаа баталсан ч үгүй ч, өдөр, шөнө ч ялгаагүй төсвийн хэлэлцүүлгээр “яачихсан бол” гэх хардлага байдаг. 2012 оны төсөв нь ирэх оны дүр төрхийг хамгийн тодорхой харуулах бичиг баримт шүү дээ. Тийм болоод ч тэр, их л нухацтай хэлэлцсэн. Анхны хэлэлцүүлгээс хойш хоёр намаас хамтарсан ажлын хэсэг байгуулж маш олон удаа хуралдсан. Ингэж сар гаруй суусны хэргээ ч гаргаж нэлээд үр дүнтэй төсөв болж чадсан. Төсвийг эцсийн байдлаар батласны дараа Сангийн яамны цахим хуудсанд нээлттэйгээр тавигдах байх. Энэ үед нь олон түмэн үнэлж цэгнэнэ. Ер нь ямар ч асуудлаар шийдвэр гаргахад сайн муу хоёр талаар тайлбарлагддаг. Энэ дагуу л шүүмж гарч байгаа байх.

-Оруулж ирсэн төслөөс нэг их наяд орчим төгрөгийг танахаар болсон. Энэ ч бага тоо биш шүү?

-Төсвийн төслийг анх оруулж ирэхэд анх нэлээд өндөр байсан. Төсвийн алдагдал ДНБ-ын 4,1 хувийн алдагдалтай байхаар, алдагдал 700 тэрбум төгрөг байхаар тооцон оруулж ирсэн. Эдийн засгийн өсөлт ирэх онд 25 хувь хүртэл өснө гэж тооцсон байсан. Оруулаад байсан энэ төсөл нь олон хүрээнд шүүмжлэл дагуулж байсан нь үнэн. Тухайлбал, эдийн засагчид, дэлхийн банк, олон улсын санхүүгийн байгууллагын түвшинд гээд л. Олон улсын валютын сангаас албан ёсны анхааруулга бичгийг хүртэл илгээж байсан.  Монголбанкнаас хүртэл төсвийг энэ хэвээр өндөр батлаж болохгүй тухай санамж бичиг явуулж төсвийн зарлагыг нэг их наяд орчим төгрөгөөр бууруулахгүй бол инфляцийг нэг оронтой тоонд барьж чадахгүй гэдгээ хэлсэн. Бид төсвийн тэлэлтийн талаар олон шүүмжлэлийг авч үзээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд ирэх оны төсвийг батлахдаа улс орны эдийн засгийг бодох хэрэгтэй юм гэдэгт хоёр намын бүлэг санал нэгдсэн.

-Ямар зарчим барьж төсвөөс хасалт хийв?

-Улс төрийн өнцгөөс харалгүй, энэ парламентын бүрэн эрхийн хугацаа нь дууссан ч эдийн засгийн бодлого тогтвортой үргэлжлэх ёстой гэх байр сууринаас төсөвт хандсан. Шинээр эхлэн барих конторын барилгуудыг барилгүйгээр тэвчиж 50 орчим тэрбум төгрөг хэмнэх, нэгэнт эхэлсэн хөрөнгө оруулалтын 24 хувийг хасах, хоёр их наяд орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг үр ашгийг нь тооцон эрэмбэлэх, тэгшитгэн хасах нь зөв буруу эсэхийг ярилцаад ийн хассан.

Урсгал зардлын хувьд?

-Урсгал зардлаас төрийн албан хаагчдын тоо 4000 орчим нэмэгдэх байсныг 100 хувь болиулж, 2011 оны тодотголын түвшинд орон тоог царцаая гэж шийдсэн. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлтэй холбоотой асуудлуудыг шийдэхэд их хүнд байсан. Сонгуулийн өмнө цалинг 50 хувиар нэмэгдүүлэх тооцоог хийсэн байсан. Ингэхдээ гадна талдаа инфляцийг барьж чадах эсэх, жижиг дунд үйлдвэрлэгчдээ инфляцид нэрвэгдвэл яаж хамгаалах гэдгээ бодох хэрэгтэй болсон. Ялангуяа цагаан сарын өмнө цалин хөлсийг гэнэт нэмэгдүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудад ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс сар бүрийн тэтгэлэг өгөөд эхлэхээр нийгэмд маш их хэмжээний мөнгө бий болж тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс нэмсний үр ашиг гарахгүй. Яг энэ байдлаар явбал иргэдийнхээ нуруун дээрх ачааг улам л нэмэхийн нэмэр болно. Иймд дээрх бүхний харгалзан үзээд цалинг дөрөвдүгээр сарын 1-н болон аравдугаар сарын 1-нээс нэмэхээр шийдсэн. Тэтгэвэл тэтгэмжийг гуравдугаар сарын 1-н болон зургаан сарын 1-нээс нэмэхээр тохиролцсон. Ингэж хувиарласнаар тодорхой хэмжээний хэмнэлт төсөвт бий болж байгаа. Мөн гадаадын зээл тусламжийг ашиглах хүрээнд хэлэлцээр нь хийгдэж байгаа, хийгдэхээр хүлээгдэж буй зардал гээд бий. Ингээд үүнээс 300 тэрбум төгрөгийг хасаж тооцохоор болсон.  Татварын зарлага талаас 900 тэрбум төгрөгийг бууруулж чадсан. Ингээд ДНБ-д эзлэх алдагдлын хэмжээ 3 хувьд хүрч төсвийг алдагдлыг 1,1 хувиар бууруулж чадсан.

-Олон улсын валютын сан, Дэлхийн банкны тавьж байсан шаард­­лагад одоо бол нийцсэн гэсэн үг үү?

-Олон улсын валютын сан, Дэлхийн банкны шаардлагад нийцсэн төсөв боллоо гэж ойлгож болно.

-Хэлэлцүүлэг үргэлжилж байгаа. Дараагийн хэлэлцүүлгүүд дээр төсөвт нэмэгдэж хасагдах зүйл хэр гарах бол?

Ер нь том өөрчлөлт гарахгүй байх гэж бодож байна. Сангийн яаман дээр байгуулагдсан ажлын хэсэг дээр хэлэлцээд зарчмын зөрүүтэй саналууд дээр санал хураалгаж нухацтай ажиллаж байгаа. Гэхдээ зарчмын гэхээр том өөрчлөлт гарахгүй байх. Сангийн яамны хэлж буйгаар төсөв нь  улс орны хөгжлийн тулгуур бичиг баримт учраас зайлшгүй төр хариуцах ёстой зүйл гарч ирэхийг үгүйсгэхгүй гэнэ. Хэрэв үнэхээр ийм шаардлагатай зүйл бий бол улсын төсвөөс хасчихсан гээд сууж болохгүй л дээ. Бид ийм зүйл гаргахгүй байхын төлөө чадлынхаа хэрээр л нягталсан. Сангийн яамныхан зайлуул, олон шөнө нойргүй хонож бид нарыг өгсөн саналуудаас хасахыг нь хасаж, нэмж оруулахыг нь оруулахаар ажилласан. Мэдээж л хүн л болсон юм хойно нэр хооронд алдсан жижиг сажиг зүйл гарахыг үгүйсгэхгүй.

-Хасаад хасаад халаалт өгөхөөр л төсөв болсон юм уу даа гэх миний дүгнэлттэй санал нийлэх үү?

-Хасаагүй баталчихсан бол яах вэ харин. Хасалгүйгээр тэр чигээр нь баталчих боломж УИХ-д байж л байсан шүү дээ. Гэхдээ тэгээгүй биз дээ. Миний хувьд тодорхой түвшний халалт байгааг үгүйсгэхгүй.

-Төсвийн бодлоготой холбоо­тойгоор өнөөдрөөс эхлээд л олон нийтийн зүгээс реакц үзүүлээд эхэллээ. Өглөө хүүхдээ цэцэрлэгт нь өгөх гээд очиход “манай багш нар цалинг нэг сарын нэгнээс нэм гэж шаардлага тавихаар болж ажил хаялтад оролцож байгаа. Ингэхээр хүүхдээ аваад яв даа” гэж байна. Тэд нарын хувьд гурван сард нэмэх нь холдож нэг болгоно гэж тэмцэж байхад нь бүр холтгоод тавдугаар сар болгочихлоо.

-Яах вэ, ойлгож л байна. Төсвийн байгууллагын ажилчид улс төрийн намууд, засгийн газраас амлалтаа нэхэх эрхтэй л дээ. Гэхдээ манай багш, сэхээтнүүд маань ухамсартай боловсролтой хүмүүс учраас ойлгоно гэж найдаж байгаа.  Дэлхий даяар эдийн засгийн хямралтай нөхцөлд байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Олон улс орон төсвийн тэлэлтэд хязгаар тогтоож, зардлыг царцаах бодлого баримтлаж байна гэдгээ зарлаж, хэлээд байхад үүнийг сөрөөд байж болохгүй л дээ. Цалинг бид нэмэхгүй гээгүй. Нэмэгдүүлнэ. Одоо шаардлагыг нь хүлээж аваад цалинг нь нэмлээ гэж бодоход инфляцийг барьж чадахгүй гэдгээ, улс орны хэмжээнд эрсдэл үүсэхийг тооцох ёстой.

-Цалинг нэгдүгээр сарын 1-нээс нэмэх боломжгүй гэж ойлгож болох нь ээ?

-Сонгуулийн жил гээд л нэг сарын 1-нээс цалинг нэмээд, сонгуулийн өмнө дахиж нэмээд л байж болно. Гэвч үүнээс үүдэх сөрөг үр дагавар одоогийн бухимдаж буйгаас хэд дахин хорлонтой байх болно шүү дээ. Энэ бүхнийг манай төрийн албан тушаалтнууд ойлгох байлгүй дээ.

-Сонгуулийн жил гэдэг нь төсөвт хэр их нөлөөлөв?

-Эхэлж орж ирсэн төсөв, байнгын хороон дээрх хэлэлцүүлгийн үеэр сонгуулийн жил гэдэг нь илэрхий нөлөөлж байсан. Гишүүд сонгуулиар амласан үүнийг ч хэрэгжүүлэх ёстой, үүнд мөнгө төсөвлөхгүй бол болохгүй гээд л. Харин төслийн боловсруулалтын шатанд манай гишүүд улс төрийн өнцгөөр, улс төрийн халалт хөөрлөөр төсөвт хандаж болохгүй гэдгээ сайн ойлгосон.

-Зарим сайдын багцаас мөнгө хасагдсан гэсэн үү?

-Зарим сайдын багцаас хасагдана гэсэн зүйл байхгүй шүү дээ. Ерөнхийдөө л шинээр эхлэх конторын барилга, нарийн яривал шүүх прокурорын нэлээд хэдэн байр хасагдсан гэсэн үг. Бараа ажил үйлчилгээний зардал гэдгээс 24 хувь, тоног төхөөрөмжийн зардалд 50 хүртэл хувь хассан. Яах вэ, Гадаад хэргийн болоод Хууль зүйн сайд нарын зүгээс УИХ-аас шийдвэр нь гарчихсан зардлыг хаслаа гэх гомдол гаргаж байна.

-Ингээд энийг ер нь хасаж болохгүй юм гээд “зайлшгүй” гэх тамгатайгаар буцаад төсөвт зардал нь суух юм биш үү?

-Нэг нь л ингээд буцаад орчихвол араас нь цувна шүү дээ. Өөрөөр хэлбэл ийм нэг л боломжийг бий болгочихвол бүгд л орох гээд үзнэ. Яах вэ, төсөв нь хасагдахаар хэн л сайхан байх вэ. Гэхдээ л болгоё гэвэл болгодог гэдгээ бид мартах ёсгүй. 2008 оны сонгуулийн дараа эдийн засгийн өсөлт өндөр гарчихсан, сонгуулийн амлалт өгчихсөн үед гарч ирэхэд зэсийн үнэ 2000 хүртлээ унасан. Дэлхий нийтийг хамарсан хямралын жил бид улсын төсвөө бүхэлд нь 30 хувиар хасаж л байсан шүү дээ. Ингэхэд, за бид баларлаа, төр засаг өрөндөө баригдаад ингээд л дууслаа гэцгээж байсан. Харин сүүлд нь харахад төсвийн тэр таналт их үр дүнтэй болсон байсан. Тэр үед төсвийг танаж байсан гишүүд “нээрээ л бид цаг үеэ олсон арга хэмжээ авсан байна” гэж дүгнэдэг. Яг л үүн шиг хэдэн сарын дараа, магадгүй дараагийн жилийн төсвийг батлах үеэр энэ удаагийн таналт зохих үр дүнгээ өгсөн гэдгийг үнэлэх байх гэдэгт итгэж л байна.

-Ингэхэд төсөвтөө анхаарлаа хандуулаад сонгуулийн хуулиа мартаагүй байгаа?

-Сонгуулийн хуулийн хувьд хоёр намын хувьд зарчмын том тохиролцоогоо хийчихсэн. Ер нь процедурын жижиг сажиг асуудал л үлдсэн байх.

-Яах вэ, сонгуулийн хуулиар зөвшилцөөд баталчихлаа гэж бодъё. Гэтэл Үндсэн хуулийн шууд сонгох тухай заалтыг бариад унагачих боломж байгаа юм биш үү?

 -Манай парламентад байдаг бүх л хуульчид ажлын хэсэгт орж ажилласан. Энэ хэд маань Үндсэн хуулийн тайлбараас эхлээд хуулийн түвшинд, багагүй хугацаанд суулаа шүү дээ. Гэхдээ хэрхэхийг мэдэхгүй л юм.

-Олон нийтийн сонирхож буй дахиад нэг зүйлийн талаар хөндөөд яриагаа өндөрлөе дөө. Тавантолгойн хувьцааны арван хувийг ард иргэдэд нэмж олгох, ААН-д нэрлэсэн үнээр худалдах тухай?

-Би ч өөрөө энэ хуулийг санаачлагч гишүүдийн нэг нь шүү дээ. Тавантолгойн хувьцааны арван хувийг ард иргэддээ өгье гэх хуулийн төслийн.

-Эсэргүүцэл ч хүчтэй байх шиг байна аа?

-Ялгаж үзэх хэрэгтэй л дээ. ААН-үүд бүхэлдээ ингэж хандаад байна уу, тодорхой цөөн хүрээлэл дотор зохион байгуулалттай зүйл явуулаад байна уу гэдгийг. Я.Батсуурь, Одбаяр нарын бидний гишүүд энэ талаар чуулган дээр олон ч тайлбарласан. Гэхдээ Татварын ерөнхий газраас гаргасан тооцоо судалгаан дээр тулгуурлаж ярьж байгаа шүү. Үйл ажиллагаа нь явж буй компаниудын 88 хувь нь алдагдалтай ажиллаж байгаа тухай тайлан өгч. Нэг хүн хэдэн компанитай энэ тэр гээд л олон асуудал бий шүү дээ.

-Энэ төслийг чинь эсэр­гүүцэгчид хувьцааны үнэ цэнэ унана гэж тайлбарлаж байгаа?

-Яахаараа иргэдэд тараахаар хувьцааны үнэ унадаг юм. Үндэслэл нь ойлгомжгүй байна. Харин өөр нэг зүйл байна. Ингэхэд монголд хэдэн компани ногдол ашгаа хуваариладаг юм. Аймгуудын иргэд маань өөрсдөөсөө ч асуугаад үз л дээ. Аймагт маань хэдэн компани хувьцааны ногдол ашгаа тарааж байсан юм гээд. Ингээд бодоход л маш тодорхой болно. Үр ашиг гэдэг талаас нь тооцвол бас өөр зүйл яривал ярина шүү.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж