-Чийг ихтэй юм аа. Энэ нь эрүүл мэндэд хортой биш үү?
-Мөөгөнцөр үүсээд том өрөө авах юмгүй болсон. Саяхан том өрөөндөө засвар хийлээ. Хоёр хүүхдийн маань нүд байнга хавагнадаг. Энэ чийгнээс болж байгаа юм. “Дулаан-Өргөө” орон сууцны контоорт хэлээд ямар ч нэмэргүй. Дарга нь Цэдэндамба гэж хүн бий. Ерөөсөө авч хэлэлцдэггүй юм. Тэгсэн хэрнээ байрны мөнгөө бүтэн авдаг. Халахгүй байхад халаалтын мөнгө өгмөөргүй л байна.
-Сардаа хэдийг өгдөг юм бэ?
-30 гаруй мянган төгрөг төлдөг. Цахилгааны мөнгөтэй нийлээд сардаа 60-70 мянган төгрөг байрандаа өгч байна.
-Та энэ байранд хэдэн жил амьдарч байна?
-30 жил болж байна. Энэ хавьд шинээр барьсан барилгуудад орон сууцны халаалтаас аваад тавьчихаж байгаа юм. Тэгэхээр айлуудын халаалт багасах нь ойлгомжтой. Манай эсрэг талд баригдсан энэ “ногоон” барилгын халаалтыг “Дулаан-Өргөө” компанийнхан тавьж өгсөн. 90 настай ээж минь манайд өвөлжихөөр хөдөөнөөс ирсэн юм. Паартай байранд тухтай гэж бодоод л ирсэн байх. Гэтэл хөдөө байснаасаа илүү зутарч байх шиг байна. Өвлийн гутал, дээлтэйгээ л байж байна. Бид ч ялгаагүй хэдэн давхар хувцастай суудаг юм.
-Одоо ингэж байгаа юм чинь хүйтрэхээр бүр хэцүүдэх нь ээ?
-Өвлийг яаж давдаг юм билээ гэж бодож байна. Өнгөрсөн өвөл цахилгаан халуугаар залгаж өвөлжсөн. Цахилгааны мөнгө их гараад хэцүү юм билээ.
-Энэ байр хувьчлагдсан биз дээ?
-Тийм ээ. Хэдий хувьчлагдсан ч гэсэн орон сууцны контоор анхаарч ажиллах үүрэгтэй. Гэтэл “Дулаан-Өргөө” компани чийгтэй, харанхуй, хүйтэн орчныг сайжруулахад анхаарал тавихгүй юм. Өнгөрсөн жил байрны бохирын шугам хагараад айлууд өмхий үнэр, бохир нөхцөлд байх аргагүй болсон. Бохирын шугам үргэлж битүүрдэг. Би Мэргэжлийн хяналтын газраас мэргэжилтэн авчирч үзүүлэнгээ, гэртээ ариутгал хийлгэсэн.
Х.Аюуш шиг ийм асуудал ярих хүн захаасаа аваад л таарах юм билээ. Тус байрны оршин суугч Х.Отгон “Энэ байранд дөрвөн жил амьдарч байна. Халаалт нь тогтмол биш. Заримдаа бүр халахаа больчихдог юм. Намаржингаа засвар хийх нэрийдлээр халаалт зогсоож, зутраасан шүү. Олон жил болсон барилга болохоор сантехник нь доголдсон байх. Орон сууцны контоороос дорвитой ажил хийхгүй байгаа” гэв. Энэ байрны нэгдүгээр давхруудад цайны газар, үсчин, дэлгүүр зэрэг үйлчилгээний газар олон юм билээ. Түүний нэг нь “Цэрэнханд” үсчин, гоо сайхны газар. Тэднийх л гэхэд хоёр цахилгаан халаагуур байнга залгаж, үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, “Дулаан-Өргөө” ХХК-ийн ерөнхий инженер Ж.Баясгалангаас байрны халаалтын талаар тодрууллаа.
-Зургадугаар байр хэзээ ашиглалтад орсон юм бэ. Халаалтгүй зутарч байна гэж иргэд ярих юм?
-1953 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш ганц ч удаа шугам сүлжээний засвар хийгдээгүй. Шугамууд нь бөглөрсөн. Тиймээс дулаан бүрэн очихгүй байгаа юм. Зургадугаар байранд босоо шугамаа сольсон айл байхгүй.
-Өөрсдөө мөнгө гаргаж солих уу?
-Тэгнэ. Ойролцоогоор 30-50 мянган төгрөг. Орон сууцны контоор гадна шугам сүлжээ, дулаанаар хангах үүрэгтэй ч байр хувийн өмч учраас шугамаа солиулах нь тэдний сонголт.
-Айлуудын паар дээд хэсгээрээ халаад, доогуураа хүйтэн байна. Халахгүй байгаа шалтгаан нь юунд байна?
-Шугам нь бөглөрөлттэй болохоор халуун ус гүйцэд эргэхгүй байгаа.
-Халаалт нь дутуу хэрнээ мөнгөө бүрэн авдаг тухай оршин суугчид гомдоллож байна?
-Дулааны шугам сүлжээнээс халаалт нь бүрэн ирж байгаа. Тухайн айлын пааранд очихдоо л асуудал үүсч байгаа юм. Шугам сүлжээгээ солихоос өөр аргагүй. Тиймээс дулааны мөнгийг хасах боломжгүй. 1953 байтугай 1973, 1978 оны байруудын шугам бөглөрөөд байна.
Ийм тайлбарыг холбогдох мэргэжилтэн өгсөн юм. Энэ үеэр “Дулаан-Өргөө” компанид “Марал буга” гэх цайны газрын менежер гомдол мэдүүлсээр орж ирсэн. Тус цайны газар нь есдүгээр байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд халаалт байхгүйгээс орлогогүй болоод байгаа аж. Сард 300 мянган төгрөг халаалтандаа өгдөг ч сүүлийн хэд хоног тэднийд халаалт ирээгүй юм байна. Энэ байдал сүүлийн дөрвөн жил үргэлжилсэн бөгөөд тэд халуун сэнс, цахилгаан халаагуур хэрэглэж л “аргалдаг” гэнэ. Харин үүний шалтгааныг Ж.Баясгалан инженер “Орон сууцны нэг давхруудыг аж ахуйн нэгж болгож өргөтгөх зөвшөөрөл дүүргээс өгсөн. Аж ахуйн нэгжүүд халаалтын шугамыг холбохдоо ямар ч тооцоолол хийгээгүйгээс үндсэн шугаманд ачаалал нэмэгдсэн. Үүнээс болж сайн халахгүй байна” гэсэн юм. Харин “Марал буга” цайны газрын менежер “Дулааны үр ашгийн төслөөр халаалтын цогц төхөөрөмж тавьсан. Төслөөр тавигдсан тоног төхөөрөмж буюу бойлуураас болж паар халахгүй байгаа. Бойлуур нь насосоор ажилладаг. Өнгөрсөн лхагва гаригт эрчим хүчний гэмтэл гарлаа гээд хэдэн цаг цахилгаангүй байснаас халаалт зогссон” гэв. Улаанбаатарын хэмжээнд 2006 оноос эхлэн бойлуур тавьж эхэлсэн ажээ. Дулааны станцаас 103, 105 градустай ирж байгаа халаалт айлын пааранд шууд очдог байсан бол бойлуур тавьснаар 58, 60 градус болж буурчээ.
"Өдрийн шуудан" сонин