Цэцэрлэгт хүрээлэнгийн ТЭЗҮ-ийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгт хүрээлэнгийн ТЭЗҮ-ийг танилцуулав

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байгуулж буй Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ТЭЗҮ-г боловсруулж дуусчээ.

Нийслэлчүүдийн амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх гол газар болох учиртай энэхүү цэцэрлэгт хүрээлэнг урт удаан настай, хойч үедээ үлдэцтэй хийхийн тулд хотын удирдлагууд техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээний баг ажиллуулсан байна. Тус багийнхан боловсруулсан төслийнхөө эцсийн хувилбарыг  өнөөдөр хотынхонд танилцуулж, тэдний санал бодлыг сонслоо. Япон, англи, франц, солонгос мэргэжилтнүүд оролцсон зөвлөх багийнхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсний болон геологийн судалгаа, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, цэцэрлэгт хүрээлэнг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн зураг төсөл, бүсчлэлийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын багц зэрэг цэцэрлэгт хүрээлэнг хөгжүүлэхэд шаардлагатай бүхий л төлөвлөгөө, зураг төслийг хийж гүйцэтгэсэн байна.  Уг үндэслэлйин баталснаар төслийг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гарах аж.

Нийслэлийн төсвөөс энэ жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажилд нэг тэрбум 450 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд  55 га талбайг тохижуулж, эхний ээлжинд гэрэлтүүлэгтэй болгож, усан сан байгуулахаар төлөвлөжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг  2010-2020 хүртэл 10 жилийн хугацаанд дөрвөн үе шаттай хийхээр төлөвлөсөн бөгөөд эхний шатанд 72 сая 859 мянга 200 сая ам долларын хөрөнгө шаардагдах юм байна.

Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан төслийн багийнхан хотынхонд дараах саналыг дэвшүүлжээ. Тодруулбал хөрөнгө оруулалтын багцад үндэслэн санхүүжилтийг шийдэх, цаашдын үатьны бүтээн байгуулалтад шаардагдах дэд бүтцийн техникийн нөхцлийг холбогдох газраас яаралтай авч цахилгаан болон дэд бүтцийн ажлыг эхлүүлэх, ерөнхий төлөвлөгөөг батлуулах, батлагдсан төлөвлөлтийн дагуу эхний шатны ажлыг нарийвчилсан зураг төсөл гаргах, боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх зэрэг санал дэвшүүлсэн байна. Цэцэрлэгт хүрээлэнд орох хаалга нь монголчуудын бэлэгшээдэг тоо буюу  есөн  орц, гарцтай, хүмүүсийн амарч зугаалах талбай нь морин хуурын хэлбэртэй, захиргааны байр нь хүртэл соёмбын дүрстэй гэх зэргээр монголчуудын уламжлалт ёс заншил, уламжлалыг шингээхийг  зорьжээ.

С.Отгон

    
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж