Филиппиний зочид буудалд дэлбэрэлт болов

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Филиппиний зочид буудалд дэлбэрэлт болов

Филиппиний өмнөд мужийн нэгэн зочид буудалд дэлбэрэлт болсны улмаас гурван хүн амиа алдаж, 27 хүн гэмтэж бэртсэн байна. Цагдаа нарын мэдээлж буйгаар Замбоанга зочид буудалд хуримын ёслолд ирсэн олон зочид байсан гэнэ. Дэлбэрэлтээр зочид буудлын дээвэр цөмөрч, дээд давхар нь нурсан байна. Алан хядагч Аль-Кайда сүлжээтэй холбоотой Исламын хэт даврагч Абу Саяаф бүлэглэл уг зочид буудалд тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэж албаны хүмүүс сэжиглэж байгаа юм.  Мөрдөн байцаагчдын таамаглаж буйгаар дэлбэрэлт орон нутгийн цагаар 21:00 цагийн үед зочид буудлын хоёр давхарт  гарчээ. Филиппиний өмнөд мужид хэт даврагчдын сөргөлдөөн тасардаггүй байна.  Абу Саяаф өмнө нь хэд хэдэн удаа халдлага явуулж байсан алан хядагч хэт даврагчдын бүлэглэл гэнэ. Исламын салан тусгаарлах улс байгуулахаар тэмцэж буй уг бүлэглэлийн нөлөө улам багасч байгаа боловч тус бүлэглэлийн хэдэн зуун гишүүд байдаг ажээ. Үүнээс гадна Манилаас салан тусгаарлахын тулд зэвсэгт мөргөлдөөн үүсгэж байсан Исламын чөлөөлөх фронт Моро гэгч бүлэглэл Филиппинд байдаг гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж