Т.Мөнхбаяр эвлэрхээ мэдэгдсэн

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Т.Мөнхбаяр эвлэрхээ мэдэгдсэн

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваагаас дараах тодруулгыг хийлээ.

-Нийслэлийн Баянзүрх  дүүрэгт ардчилсан намын хоёр хороотой байсан нь эвлэрч, нэг даргатай нэг намтай болсноо зарласан. Ингэхэд Баянзүрх дүүргийн Ардчилсан нам талцаж, хоёр даргатай болсон шалтгаан юунд байсан юм бэ?

-Баянзүрх дүүргийн Ардчилсан нам 2000 оноос хойшхи өнгөрсөн хугацаанд орон нутгийн ээлжит болон нөхөн сонгуулиудад нэг ч удаа нэгээс дээш суудал авч байгаагүй. Тиймээс дүүргийн намын хороо болон анхан шатны гишүүд энэ байдалд шүүмжлэлтэй хандаж ээлжит бус хурлыг хуралдуулахыг шаардсан юм. Намын дүрмийн дагуу Нийслэлийн Ардчилсан намаас ээлжит хурлыг зарлан хуралдуулж, намын даргаар намайг сонгосон. Гэтэл тухайн үед намын даргаар ажиллаж байсан Т.Мөнхбаярыг тойрон хүрээлэгч цөөн тооны гишүүд уг байдлыг хүлээн зөвшөөргүйн улмаас хоёр тал болж талцсанаар асуудал үүссэн хэрэг л дээ.

-Талцсан байдлыг намын дүрмийн хүрээнд шийдвэрлэж болохгүй байсан юм уу?

– Бүх зүйл дүрмийн дагуу явагдсан гэж үзэж байгаа учир энд дүрэм зөрчсөн асуудал байхгүй. Нөгөө тал ч үүнтэй санал нэг байгаа байх. Энэхүү маргааныг шийдвэрлэдэг газар нь манай намын шүүх буюу Хяналтын ерөнхий хороо нь 2009 оноос судалж, 2010 оны тавдугаар сарын 13-нд хоёр талын зөвшилцлийн замаар эвлэр гэсэн шийдвэр гаргасан. Нийслэлийн намын дарга Ш.Түвдэндорж, нөгөө намын дарга С.Зоригтбаатар бид гурав удаа дараа энэ асуудлыг шийдвэрлэх гэж оролдсон. Үүний үр дүнд Баянзүрх дүүргийн Ардчилсан нам нэгдэж чадсан.

-Хоёр дарга хэрхэн ойлголцож, гар нийлж ажилладаг бол?

– Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргаар миний бие хэвээр үлдэж, намын дэд  даргаар С.Зоригтбаатар ажиллахаар болсон. С.Зоригтбаатарын тамгыг Ардчилсан намын  дарга Н.Алтанхуягт хүлээлгэж өгсөн байгаа. Бид цаашдаа ойлголцож ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Залуучууд бид өөрсдийн хувь нэмрээ Ардчилсан намынхаа үйл хэрэгт бүрэн зориулж ардчилал, шударга ёсны төлөө тууштай тэмцэх болно.

-Намын дарга асан Т.Мөнхбаярын хувьд энэ асуудлыг хэрхэн хүлээж авч байгаа бол. Тантай ярилцсан л байх?

-Маргалдсан талыг төлөөлөх бүрэн эрхтэй хүн бол яах аргагүй С.Зоригтбаатар. Учир нь маргалдагч талын зохион байгуулсан хурлаас 100 хувийн саналаар дарга болж байсан. Харин Т.Мөнхбаяр өнгөрсөн гуравдугаар сарын 6-нд болсон манай дүүргийн ардчилсан эмэгтэйчүүдийн Мартын 8-ны баяраар ирж залуусаа дэмжиж ажиллахаа олон гишүүдийн өмнө илэрхийлж, эвлэрэх саналтай байгаагаа мэдэгдэж байсан.

-Баянзүрх дүүргийн Ардчилсан намын цаашдын хийхээр төлөвлөсөн ажил гэвэл юу байна вэ?

-Манай Баянзүрх дүүрэг УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Ардчилалтай дүүрэг л дээ. Гэвч орон нутгийн сонгуульд дандаа ялагддаг. Энэ нь дунд шатны намын байгууллагын үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзэж байгаа. Тиймээс намынхаа үйл ажиллагааг идэвхжүүлж, иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээж чадахуйц мөрийн хөтөлбөр боловсруулж, мэдлэг боловсролтой ард түмнээ бүрэн төлөөлж чадах багийг ирэх сонгуульд нэр дэвшүүлнэ. 2012 оны сонгуульд эвтэй, хүчтэй оролцож, ялалт авчирна гэж итгэж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж