“Шүүхийн шийдвэрийг шүүмжлэх ёсгүй”

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

“Шүүхийн шийдвэрийг шүүмжлэх ёсгүй”

Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан Улсын Ерөнхий Прокурорын туслах Г.Эрдэнэбатыг “Ярилцах танхим” даа урилаа.


-Монгол Улсын Ерөн­хийлөгчийн санаачилгаар Шүүх эрх мэдлийг шинэч­лэх хуулийн багц төслийг мэргэжлийнх нь хүмүүс бо­ловс­руулсан. Манай шүүхийн бай­гуул­ла­гынхны гол алдаа нь юунд байна вэ?

-Шүүхийн шинэтгэл хийх цаг аль хэдийнэ өнгөрчихсөн. Харин ч энэ асуудлыг оройтож хөндөж байна гэж боддог. 1992 оноос өмнөх нийгмийн мөн чанар одоогийн нийгмийн мөн чанараас өөр байсан. Тэр үед удирдлагууд нь хүмүүсийг хооронд нь өрсөлдүүлэхгүй бүгдийг адилхан түвшинд барьж дарангуйлж байсан учир шударга ёс гэдэг тийм ч чухал зүйл биш байсан байх магадлалтай. Харин 1992 онд Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, шударга ёсыг тунхагласан цагаас эхлэн хүн бүр өөрийн хүссэнээрээ амьдрах боломжтой болсон. Хүн бүр хувийн өмчтэй болсон. Ийм нийгэмд эцэстээ хяз­гааргүй зөрчилдөөнүүд л үүс­дэг. Тухайлбал, би ч та ч газартай болохыг хүс­дэг байтал газар нь хэмжээтэй, хязгаартай. Ингээд нөгөө газраа бу­лаацалдаж эхэлнэ. Энэ нь эцэс­тээ юунд ч хүргэж болно.

Ийм нийгэмд хамгийн хэрэгтэй зүйл бол шударга шүүх. Өөрөөр хэлбэл, газрыг зөв, тэгш хуваарилах, маргааныг нь шударга шийдвэрлэх, өрсөлдөөнийг нь шударгаар явуулах, эрх нь зөрчигдсөн хүнийг хамгаалж, хууль зөрчсөн хүнийг шийтгэх гэдэг бол өнөөдрийн нийгмийн амин чухал хэрэгцээ болоод байна. Яг энэ хэрэгцээг хангаж чадаж байна уу гэдэг асуултын хариу хүмүүсийн нүдэн дээр ил байна. Нийгэмд шу­дарга ёс алга гэдгийг олон хүн хэлж байгаа. Энэ нь шүүх байгууллагууд хүмүүсийн зөрчилдөөнийг шудар­гаар шийдвэрлэж чадахгүй байна гэдгийг бэлэхнээ харуулж байна. Тиймээс л шударга ёсыг тогтоох шүүхийн шинэтгэлийг яриад байгаа юм.

-Шүүх хараат бус байх ёстой. Гэтэл өнөөдрийн манай шүүхийн байгууллага, шүүгч нар улстөрчдийн халаасанд орчихсон байгааг хүмүүс шүүмжилж байна. Та бүхний яриад буй шинэчлэл энэ байдлыг үгүй хийж чадах уу?

-Шүүхийн хараат бус байдал гэдэг нь хуульд юу гэж заасан байна, түүний дагуу л шийдвэр гарга гэсэн утга санаа юм. Өнөөгийнх шиг өрсөлдөөний нийгэмд шүүх нь хамгаалалтгүй, баталгаагүй, хэн нэгний даалгавар, захиалагаар дур зоргоороо ажиллаж болохуйц нөхцөлд байвал хэн нэгний халаасанд зайлшгүй орох үндэслэл нь бүрдчихдэг. Өөрөөр хэлбэл, тэрбум төгрөгний маргааныг шийдэж байгаа шүүгчид нэг сая хүрэхгүй төгрөгийн цалин өгдөг. Цалин хангамжийг ярихгүй байя гэхэд, яаж шударга ажиллахыг нь, хэн нэгэнд худалдагдаад, дарамт шахалтад ороод хууль бус шийдвэр гаргаад байвал ямар хариуцлага тооцох вэ гэдгийг нь хуульчилж, журамлаагүй ийм орчинд шүүгчийг “Шударга ажилаарай” гэх нь утгагүй зүйл. Тиймээс шүүхийн хараат бус байдлыг хангахын тулд шүүгчийг эдийн засаг, нийгэм, хууль зүйн талаас нь хамгаалах ёстой. Харин дээрх боломжоор хангаад байхад шударга бус шийдвэр гаргаж байгаа шүүгч байвал түүнд хариуцлага тооцох ёстой. Үүнийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд тусгасан. Мөн шүүгчид нөлөөлөх гэж оролдсон хүнтэй ямар хариуцлага хүлээлгэхээс эхлээд шүүхийн төсөв, хангамжийн асуудлыг ч тусгаж өгсөн байна билээ.

-Прокурорын үүрэг нь яллах мөн боловч “Манай прокурорууд яллах гэж хэт улайрдаг” гэсэн шүүмжлэлд өртөх нь их байдаг. Энэ талаар юу хэлэх вэ?

-Прокурор гэмт хэргийг ил­рүүлэх, мөрдөх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг. Хэргийг шүүхээр шийдвэрлэхэд прокурор чухал байр суурьтай оролцогч. Хүний эрхийг хөндөж, хязгаарласан олон шийдвэрийг прокурор гаргадаг. Эсвэл тийм шийдвэр гаргахад оролцдог. Яилхгүй асуудлаар хүнийг хорьж мөрдөөд эрхийг нь хязгаарлах, эсвэл хорих ёстой хүнээ хориогүйгээс нөгөө хүн нь ноцтой гэмт хэрэг үйлдчихлээ гээд шүүмжлэх нь чухам үүнээс болдог. Аливаа хэрэг маргаан ямагт хоёр талтай байдаг. Буруутгагдаж байгаа талын нүдээр хууль сахиулагч өөрийг нь яллах гэж улайраад байгаа мэт. Хохирогч талын хувьд эсрэгээр хэрэгтний талд үйлчлээд байгаа мэт харагдаад байдаг талтай. Нарийн мэргэжлийн үйл ажиллагаа учир хүмүүс тэр бүр зөв бурууг нь шүүж чаддаггүй. Ийм л тодорхойгүй, хардлага төрөхүйц байдлаас болж шүүх эрх мэдлийн байгууллагын нэр хүнд унах явдал их гарч байна. Мэдээж өөр бусад шалтгаан бий л дээ.

-Энэ бүхнийг яаж засаж, залруулах вэ?

-Ийм тохиолдолд алдаа гаргасан гэж үзэж байгаа хуульч, прокурорыг хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан эсэхийг үнэлүүлж, дүгнүүлэхийн тулд, мэргэжлийн хү­мүү­сээр нь тэр асуудлыг хөндлөнгөөс харуулж, эсрэг ашиг сонирхлын өнцгөөс дүгнүүлж, зөв, бурууг нь тодорхойлуулахын тулд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гэж гаргаж байгаа юм. Энэ хуулийн дагуу өмгөөлөгч, шүүгч, прокурор гэсэн гурван албан тушаалтанд гаргасан гомдлыг хөндлөнгийн мэргэжлийн хүмүүсээр хянуулах байгууллагыг бай­гуулахаар болсон. Энэ байгууллага бий болсноор прокурорт гаргасан гомд­лыг түүнийг хамгаалах про­куроруудын оролцоогүйгээр өм­гөөлөгч, шүүгч нар нь шийдвэрлэх юм. Мөн өмгөөлөгч, шүүгч нарт гаргасан гомдлыг тэднийг өмгөөлөх мэргэжил нэгтнүүдийг нь оролцуулалгүйгээр дээрх жишгээр шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хүмүүсийн дүгнэж чадах асуудлыг мэргэжлийн хүмүүс нийтийн ашиг сонирхлын үүднээс хянаж, шийдвэр гаргана гэсэн үг. Жишээ нь, нэг инженер алдаа гаргасан байлаа гэхэд түүнийг найз нь биш, хамт ажилладаг хүн нь ч биш хөндлөнгийн өөр инженерээр алдсан эсэхийг нь шалгуулна гэсэн үг юм.

-Хөндлөнгийн ажиглагч гэм буруутайг нь тогтоосон тохиолдолд мэдээж арга хэмжээ авах ёстой. Үүнийг уг хуулийн төсөлд хэрхэн зохицуулсан бэ?

-Нэн тэргүүнд авах арга хэмжээ нь тухайн хүний хуульчийн тусгай зөвшөөрөл буюу хуульчаар ажиллах эрхийг нь цуцална. Дараагийн хүний хувь заяагаар тоглох асуудлыг хааж байж л асуудал ярих ёстой. Тэгэхгүй өнөөдөр нэг хүнийг үндэслэлгүйгээр хорьчихоод сахилгын арга хэмжээ авахуулсан болоод л дараа нь дахиад хүнийг үндэслэлгүйгээр хориод явбал энэ нийгэмд шударга ёс тогтохгүй. Гэхдээ мэдээж алдааных нь хамрах хүрээнээс хамаарч янз бүрийн арга хэмжээ авна.

-Хуульчид энэ хуулийн төслийг хэрхэн хүлээж авч байна?

-Олон хуульч энэ хуулийг дэмжиж байгаагийн хэрээр эргэлзэж байгаа нь ч бий. Бас эрс эсэргүүцэж байж ч мэднэ. Гэхдээ хүссэн, хүсээгүй шударга ёсыг хүлээн зөвшөөрдөг гэдэгт би итгэдэг. Түүнээс биш хүний хувийн хүсэл сонирхолд нийцсэн хуулийг гаргахгүй. Ямар ч нийгэмд хуульч дураараа авирлах явдал гарах боломжтой. Энэ бол мэргэжлийн ур чадвараар халхлагдсан маш том боломж учир үүнийг хэр баргийн хүн мэддэггүй. Харин учрыг нь тунгааж, бурууг нь тогтоож ярьж чадах хүн байдаг нь бусад хуульч. Тиймээс энэ хүмүүсээр нэг нэгийг нь хянуулж, хариуцлагажуулах ёстой л гэсэн үзэл санаа.

-Ирээдүйд ийм болох юм байж. Гэтэл таны дээр ярьсан зүйлийн тод жишээ саяхан болсон. Ц.Насанбат хэмээх прокурорын буруугаас болж Б.Эрдэнэбилэг гэгч гурван хүний амийг хөнөөсөн хэрэг үйлдсэн. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Ц.Насанбат прокурорыг Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөл шалгаж байгаа гэсэн. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-Манайд энэ салбарын эрх зүйн орчин дутуу байгаагийн хамгийн тод жишээ нь дээрх хэрэг шүү дээ. Өнөөдөр Ц.Насанбат прокурорыг нийтээрээ буруутай, буруугүй гэж л ярьж байгаа болохоос биш энэ нь тэр хүний буруу, зөвийг эцэслэн тогтоосон хэрэг биш шүү дээ. Хуульч хүн мэргэжлийн алдаа гаргасан эсэхийг нийгмийн хэлэлцүүлгээр тогтоож чадахгүй. Тэгэх ч ёс байхгүй. Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар бол энэ асуудлыг прокурорын байгууллагын дэргэдэх Мэргэжлийн зөвлөл, Ёс зүйн зөвлөл  хэлэлцэж, шийдвэрлэх болчихоод байна. Өөрөөр хэлбэл, прокурор алдаа гаргасан эсэхийг шүүх эрх мэдэл прокурорын байгууллагад өөрт нь байна. Зөвхөн прокурор биш, шүүх эрх мэдлийн бүх л байгууллага ийм тогтолцоотой байна. Хэрэв түүнийг буруу зүйл хийсэн гэдэг шийдвэр гаргавал прокурорын байгууллагын нэр хүнд унана. Зөв зүйл хийсэн гэдэг шийдвэр гаргасан ч прокурорын байгууллагын нэр хүнд унах нь тодорхой.

-Яагаад тэр билээ?

-Учир нь үүнийг хэн ч зөв гэдэгт нь итгэхгүй. Буруу гэдэгт нь ч итгэх боломжгүй тийм нөхцөл байдал үүсчихээд байна. Өөрөөр хэлбэл, “Би буруугүй” гээд өөрөө хэлж байгаатай л адилхан шүү дээ. Зүй нь өнөөдөр дээр ярьсан Ц.Насанбатын асуудлыг про­куророор биш өмгөөлөгч, шүүгч бусад хөндлөнгөөс хараад хэлж чадах хуульчид нь “Хуулийн хүрээнд хорьж мөрдөх хугацаа нь дууссан. Хуульд үүнээс цааш хорьж болохгүй гэсэн хязгаарт хүрсэн учир Б.Эрдэнэбилэгийг сулласан юм байна. Тиймээс энэ хүн буруугүй” гээд хэлчих ёстой байхгүй юу.

-Б.Эрдэнэбилэгийг шүүх хурал болоход өмгөөлөгч нь ирээгүй гэдэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулж байсан. Ирээдүйд хэрэглэх Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар бол тэр өмгөөлөгчид арга хэмжээ авах ёстой болж таарлаа. Харин өнөөдөр тухайн өмгөөлөгчид ямар хариуцлага тооцох юм бэ?

-Одоо бол тухайн өмгөөлөгчтэй Өмгөөлөгчдийн холбоо хариуцлага тооцох ёстой болчихоод байгаа юм. Шүүх хуралдаа ирээгүй шалтгаан нь бодитой,   хууль  ёс­­ны байсан уу гэдгийг  шалгаад  ямар ч хариу гаргасан ард иргэд ит­гэхгүй. Бас л прокурорын бай­гуул­лага шиг аль ч тохиолдолд Өмгөөлөгчдийн холбооны нэр хүнд унах нөхцөл байдал үүссэн. Хуулийн байгууллагуудын үнэн зөв ажиллаж байгааг хөндлөнгөөс нь хараат бусаар, шударгаар хэлэх тогтолцоо байхгүй учир хуулийн байгууллагуудын хэлсэн үнэн байсан ч хэн ч үнэмшихээ больчихлоо шүү дээ.

-Улсын дээд шүүхийн шийд­вэрийг эсэргүүцсэн тохиолдол цөөн­гүй гарсан. Үүнийг Ерөн­хий­лөгчийн зөвлөх П.Цагаан “Улсын дээд шүүх одооноос бие дааж шийдвэр гаргаж эхэллээ. Үүнд нь баярлах ёстой. Харин энэ шийдвэр нь хүн бүрт таалагдах албагүй” гэж хэлж байсан. Энэ ярианаас Дээд шүүх өмнө нь захиалгаар шийдвэр гаргадаг байсан гэж ойлгогдоод байгаа юм?

-Шүүхийг хараат бус байлгая гэвэл шүүхийн шийдвэрийг шүүмжлэх ёсгүй. Шүүхээс гаргасан шийдвэрийг хүн бүр хүндэтгэн хүлээж авах ёстой. Хэрэв маргаж байгаа бол журмаар нь л маргах ёстой. Гэтэл манайд маш удаан хугацааны турш шүүхийн шийдвэрийг зүгээр л шүүмжилдэг хандлага бий болсон. Бүр сүүлдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан шүүхийн шийдвэр буруу гарсан гэж мэдээлэх жишиг тогтчихлоо. Үүнийх нь дагуу шүүх дараагийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй шүү дээ. Харин шүүх буруу шийдвэр гаргадаг юм байна гэсэн бодол л олон түмэнд бий болно. Энэ хандлага буруу. Яагаад гэвэл, бүх асуудлыг эцэслэн шийдвэрлээрэй гээд үүрэг, хариуцлага, бүх эрх мэдлийг өгчихөөд “Өнөөдөр чиний шийдвэр буруу байна. Чиний шийдвэр эцсийнх биш, миний бодол эцсийнх” гэж хандаж байгаа хүн бүр Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг эсэргүүцэж байна л гэсэн үг. Үүний үр дүнд эмх замбараагүй байдлаас өөр юу ч бий болохгүй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж