Хөрсний бохирдол хөсөр хаягдах ёсгүй

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Хөрсний бохирдол хөсөр хаягдах ёсгүй

“Хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс нэмэгдлээ”, “Хүнд металлын агууламж хэтэрсэн байна”. Иймэрхүү мэдээлэл хэвлэл мэдээллийн сэдвийг чимсээр удлаа. Улаанбаатар хотын хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин нэмэгдсэн байдаг ажээ. Газрын хөрс нь гадны үйлчлэлийг эс тооцвол өөр ямар ч нөхцлийг үл ажран байрандаа байж, нэвчсэн бохирдуулагч бодисуудыг өөртөө шингээх чадвартай онцлог тогтолцоо юм. Хот суурин газрын хөрсийг бохирдуулагч нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, нарийн ширхэгтэй үнс, шороон тоосонцор, хог хаягдал, бохир шингэн зүйлс байдаг. Хэдийгээр бид олон улсын конвенцид нэгдэн орсон ч хотын удирдлагаас ч, төр, засгийн зүгээс ч дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өнөөг хүрчээ.

Нийслэлийн хэмжээнд хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин их байгаа гэвэл та итгэх үү. Нийслэл хотын хэмжээнд химийн хорт бодис ялгаруулдаг 700 гаруй үйлвэр, компани байдаг аж. Улаанбаатр хотын хэмжээнд азот, цианит натри, хлор, бром зэрэг хүнд хортой элементүүд орон зайн хувьд хэлбэлзэлтэй байдаг гэх. Гагцхүү ингэж тархсан нь хөрсний бохирдлын хүрээг тэлэх гол зүйл болдог аж. Тээврийн хэрэгслийн утаанаас үүдэлтэй бохирдол үүсгэгч нь нийслэл хотын хэмжээнд 43,7 микрограмм байдаг бөгөөд Судалт төв, Да хүрээ зах, Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэг орчим зарим газраар 3-4 дахин их байгаа юм. Улаанбаатар хотын хөрсөн бүрхэвч маш хүчтэй элэгдэл эвдрэлд орсон, ургамал бүрхэвч талхлагдсан, хог хаягдал их хэмжээгээр хуримтлагдсан байна. Улаанбаатар хотод хөнгөн болон цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл төвлөрсөн, бага оврын уурын зуух ба ердийн галлагаат зуух, автомашины тоо эрс нэмэгдэж байгаа зэрэг нь хотын хөрсний бохирдолын голлох эх үүсвэр болж байна.

Улаанбаатар хотын хөрсний ерөнхий бохирдолтын төвшин Улаан­чулуут, Дарь-эхийн хогийн цэг, Хотын цэвэрлэх байгууламж, Нарантуул зах, Шархадны автомашины зах, III-IV цахилгаан станц, Дэнжийн мянга, Хайлаастын ам, Шарга морьтын зуслангийн адаг, 100 айл орчим зэрэг газруудад онцгой их буюу хотын дундаж агууламжаас 10-16 дахин их байж, “хэт их бохирдолттой” зэрэглэлд багтдаг гэсэн судалгаа гарчээ. Зөвхөн хотын захын хөрсний бохирдол хэрээс хэтэрсэн гэж үзэж болохгүй. Учир нь хотын төв хэсгийн газар бүхэлдээ хотын дундаж дэсвгэр агууламжаас 3-8 дахин (Zc = 3.0-8.0) их буюу “бохирдолттой” гэсэн зэрэглэлд багтаж байна. 

Нийслэлийн бүс дэх түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох лицензийн талбайн бараг 98 хувь нь Улаанбаатар хотын дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт ноогддог тул үүнээс шалтгаалан хот орчмын нутаг дэвсгэр бараг бүхэлдээ газрын элэгдэл, талх­лаг­далд орсон байна. Ялангуяа хотын барилгажсан бүс дэх түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтыг дагалдан хог хаягдлын албан бус цэгүүд хавтгайран үүсэх, өндөр үнэ цэнэ бүхий суурьшлын талбай нөхөн сэргээгдэхгүй болтлоо их хэмжээгээр эвдэрч сүйтгэг­дэх, хотын барилгажилтын нөөц талбай хорогдох зэрэг олон сөрөг нө­лөө­лөл бийг албаны хүмүүс хэлж байсан юм.

Хөрсний бохирдолыг нэмэгдэхэд хүргэдэг бас нэгэн хүчин зүйл гэвэл аюултай хог хаягдал. Хог хаягдал нэмэг, хөрсний бохирдол үүсгэх гол эх үүсвэр нь хот суурин газар дахь хүн амын өсөлт, төвлөрөлттэй холбоотой бөгөөд улмаар хотын хог хаягдлын менежмент муу, зориулалтын хог хаягдал зайлуулах, боловсруулах байгууламжгүйгээс дээрх асуудал үүсэх нөхцөл болж буйг Дэл­хийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Энэ оны 10 сарын байдлаар л гэхэд нийслэл хотод 38 мянга гаруй хүн шилжин ирж байгаа гэх судалгаа гарсан байна. Улаанбаатар болон бусад хоёр том хотын хөрсний бохирдол хүн амын эрүүл мэндэд нөлөөлөхүйц хэмжээнд хүрч, хүн амын дунд халдварт өвчин тархах нөхцөл болжээ. Хөрсний нянгийн бохирдлыг харьцуулахад гэдэсний савханцраар хотын хөрс хамгийн их бохирдсоныг Шинжлэх ухааны Газарзүйн салбар хэлтэсийнхний хийсэн судалгаагаар тогтоосон байна.

Хөрсний бохирдолтой шууд холбоо­той үүсдэг халдварт өвчний гаралтыг авч үзэхэд 2006 онд Улаанбаатар хотын хэмжээнд гарсан нийт халдварт өвчний 5.2 хувийг цусан суулга эзэлж, 2005 оныхоос 38 тохиолдлоор, 2007 онд 527 тохиолдлоор буюу 28.2 хувиар тус тус өсчээ. Харин 2010 онд энэ байдал дахин 18 гаруй хувиар өссөн байгааг та бүхэн судалгаанаас харж болно.

Нийслэл хотын 470 мянга гаруй га талбайн 1000 га талбайг зөвхөн оршуулгын газар эзэлдэг. Ялангуяа хүн ам ихээр суурьшсан газруудтай томоохонд тооцогдох Далан давхар, Нарангийн энгэрийн ойр орчим дахь хүхэрлэг хий болон азотын хийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч гүний усанд байх ёстой эрдсийг устгасан гэх судалгаа гарсан байдаг. Арга ч үгүй юм жилдээ Улаанбаатар хотод 57 мянган хүн нөгөө ертөнц рүү очдог юм чинь. Тэглээ гээд оршуулгын газрын ойр орчим дахь гүний худгуудыг тэр чигт нь байлгаад байж болохгүй. Дэнжийн 1000 орчмын айлуудын дунд гэдэсний хижиг болон цусан суулгалт зэрэг өвчнөөр хэвтэж эмчлэх хүмүүсийн тоо нэмэгдсэн байдаг ажээ.

Энэ  оны зургадугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хөрсний бохирдлыг бууруулах зорил­гоор “Тамир-Эм” бэлдмэлийг гэр хорооллын зарим айл өрхөд тараасан билээ. Гэхдээ 1,5 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг. Харин энэ нь ямар ч үр дүнд хүрдэггүйг энэ чиглэлээр мэргэшсэн эрдэмтэд хэлээд байдаг. Харин үүнээс өөрөөр тэмцэх аргууд олон байдгийг хөрш орнуудын жишээ харуулна

Чилийн Атакамын цөлийн дунд уурхай түшиглэж байгуулсан нэгэн тосгон хөрсний бохирдлын улмаас “алга” болжээ. Тухайн үед тосгоны хөр­сөнд хар тугалганы агууламж их байсан бөгөөд гажигтай төрөлтийн тоо нэмэгдэх болсон гэдэг. Энэ шалтгааны улмаас бараг хагас зуун шахуу нэг ч хүн суурьшаагүй энэ бүсэд хүмүүс суурьших нь ихэсчээ. Учир нь хөрсийг дахин сэргээх үйл явцыг хийж эхэлсэн байна. Усжуулалтын системийг ший­дэж, хөрсөнд агуулагддаг эрдэсийг дахин суулгасанаар хүмүүс суурьших эх үндэсийг тавьсан ажээ. Мөн Хятад улсын Жүжоу хошууны ил жорлонтой айлуудад хөрсөнд шууд нэвчихээргүй жорлонг үнэгүй тарааснаар хөрсний бохирдолын асуудлыг бага ч атугай шийджээ.

Бид сүүлийн 20 гаруй жилийн турш агаарын бохирдлын тухай дээр, дооргүй ярьж олон ч төсөл хэрэг­жүүлж, 100-гаар тоологдох тэрбум төгрөгийг зарцуулжээ. Гэтэл дээрх аюултай зэрэгцэн доорх аюул биднийг далласаар байна. Хөрсний бохирдлын аюулыг мэдэрч БОАЖЯ-наас үндэсний хэмжээний хөтөлбөрийг боловсруулж байгаа ажээ.

Олон жилийн хөсөр хаясан хөрсний бохирдлыг тоохгүй хэвээр байх нь хэнд ашигтай гэж.

Нийслэлийн нутаг дэвсгэр дээр тоосгоны үйлдвэр 19, хайрганы үйлдвэр 32, арьс шир боловсруулах үйлдвэр 76, автомашин засварын газар/дугуй засвар, тосны худалдаа, сэлбэг худалдааны 314, асфальтын үйлдвэр 4, шатахуун түгээх газар, нефть хадгалах агуулах 166 тус тус үйл ажиллагаа явуулж байгаагаас үүдэлтэйгээр хотын хөрсний бохирдол сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна.

Б.БОЛОРСҮХ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж