
АНУ-ын Аризонагийн их сургууль нь Уул уурхайн чиглэлээр дэлхийн түвшинд мэргэжилтэн бэлтгэдэг нэр хүндтэй их сургууль юм. Энэхүү гэрээг байгуулснаар ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрийг АНУ-ын нэр хүндтэй их сургуулийн сургалтын хөтөлбөртэй дүйцүүлж улмаар монголын оюутан залуус АНУ-ын их сургуулийн боловсрол эзэмшиж, хоёр их сургуулийн диплом гардан авах боломж бүрдэнэ. Энэ нь манай уул уурхайн салбарт дэлхийн түвшинд хүрсэн инженер техникийн мэргэжилтэн бэлтгэгдэн гарах бололцоог бүрдүүлж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Аризонагийн их сургуулийн Уул уурхай, геологийн салбарын эрхлэгч, профессор Мэри Поултон энэ сарын 10-19-ний өдрүүдэд ШУТИС-д албан ёсны айлчлал хийж байна.
Дашрамд дурдахад өнгөрсөн оны тавдугаар сард Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, ШУТИС-ийн Ректор Б.Дамдинсүрэн нар дээрх хоёр их сургуулийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан юм.
Г.Дарь