Засгийн газрын 55 дугаар тогтоолын дагуу нийтийн зорчигч тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг оношлогоог жилд хоёр удаа зохион байгуулдаг. Хаврын үзлэг оношлогоо өчигдөрөөс эхэлжээ. Ирэх тавдугаар сарын 31-ныг хүртэл явагдах үзлэг оношлогоонд 93 аж ахуйн нэгж байгууллагын нийт 2460 тээврийн хэрэгсэл хамрагдана. Өөрөөр хэлбэл 944 их багтаамжийн автобус, 949 бага оврын автобус, 567 такси оношлогоонд орно гэсэн үг. Оношлогоогоор тээврийн хэрэгслүүдээс ялгарах утааны найрлага дахь хорт бодисын хэмжээ, тэнхлэг, тормоз, гэрэл зэргийг тусгай багажаар шалгадаг. Стандартын дагуу дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн утаан дахь тортогжилтын дээд хэмжээ их багтаамжийн автобусанд 40 хувь, бага оврын автобусанд 35 хувиас хэтрэхгүй байх ёстой. Үйлдвэрлэгдсэнээс хойш 12 жил болсон тээврийн хэрэгслийг нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглахыг хориглосон тул 1997 онд үйлдвэрлэгдсэн их багтаамжийн 50 автобус, бага багтаамжийн 190 автобус, нийт 240 тээврийн хэрэгслийг энэ хаврын оношлогоонд оруулахгүйгээр 4-р сарын 1-нээс эхлэн үйлчилгээнээс чөлөөлөх болно. Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлаас гадна үйлчилгээнд тавигдах шаардлагуудыг хангах ёстой аж.
Ш.Чимэг
Ш.Чимэг