Өчигдөр үдээс хойш хуралдсан УИХ дахь МАН, АН-ын бүлгийн тус тусын хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцсэн юм. Аль аль бүлэг нь төсвийн зардлыг тодорхой хэмжээгээр хасах саналууд гаргасан байна. Хуралдаан нэлээд оройтож дууссан тул ямар шийдвэр гаргасан талаараа хэвлэлийнхэнд албан ёсоор мэдээлээгүй юм.
Ямартай ч эх сурвалжаас авсан мэдээллээр бол МАН-ын хувьд ирэх оны төсвийн төслийг эдийн засагт халалт үүсгэн, инфляци хөөрөгдөх магадлалтай хэмээн үзэж, төсвийн алдагдлыг гурван хувиас хэтрүүлэхгүй байх, ингэснээр төсвийн зарлагыг 1,2 их наяд орчмоор бууруулах боломжтой гэж үзсэн бол УИХ дахь АН-ын бүлэг төсвийг хэлэлцэхдээ улс орны эрх ашгийн үүднээс хөгжлийн төсөв байх ёстой гэсэн зарчмыг баримтлаад, хөрөнгө оруулалтын өгөөжийг аль болох нэмэгдүүлэх, урсгал зардлыг хэмнэх, бүтээн байгуулалтын их ажлуудыг эхлүүлэхэд анхаарал хандуулах ёстойг онцолсон байна.
Ингээд АН-ын намын бүлэг эдийн засгийн халалтыг багасгах, ДНБ-ийг 16,1 хувьд хүргэх, төсвийн зарлагыг 600 тэрбумаар бууруулах, төсвийн алдагдлыг 4,1-3 хувь бууруулах, инфляцийг хөөрөгдөхгүйгээр цалин тэтгэврийг нэмэгдүүлэх зэрэг санал гаргасан байна.
Б.Манд