Төгрөгийн ханш унахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Төгрөгийн ханш унахгүй гэв

Иргэд их хэмжээний ам.дол­ларыг хадгаламжийн дан­сандаа хийх болсон тухай арилжааны банкныхан хэлснийг бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Энэ нь он гармагц төгрөгийн ханш хоёр дахин унана гэх ярианаас үүдэлтэй. Харин энэ цуурхлыг Монголбанк үгүйсгэж, ийм зүйл болохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Үнэхээр 20 дугаар тогтоол давтагдаж, мөнгөний ханшид чиглэсэн хувьсгал гарвал хэн энэ бүхний хариуцлагыг үүрэх вэ гэдэг асуултын хариу тодорхойгүй. Тогтоолыг батлагдлаа гэхэд баталсан Засгийн газар лав үүнийг үүрэхгүй байх. Манай хариуцлагын механизмын араанууд төмрөөр бус цаасаар зорогдсон байдаг гэдэгтэй олон хүн санал нийлэх биз. Төгрөгийн ханш буурах тухай яриа хөөрөөнд тайлбар өгөхөд Монголбанкны өчигдөр зарласан хэвлэлийн бага хурлын зорилго оршиж байв. Тэгээд ч сэтгүүлчдийн хамгийн ихээр сонирхож байсан асуудал өнөөх 20 дугаар тогтоол. “Хасбанк зээл олгохоо больсон байна. Яагаад тэр вэ” гэхчилэн Төвбанкныхныг нэлээд хурц асуултаар бөмбөгдсөн. Үүнд тэд “Оны сүүлч болж байгаа болохоор банкууд зээлээ бууруулж байж магад. Гэхдээ аравдугаар сард зээл олголтын хэмжээ өндөр хэвээр байсан шүү дээ. Банкууд зээлээ зогсооно гэдэг ор үндэсгүй худал цуу” хэмээв. Манай мөнгөний бодлогыг тодорхойлж буй байгууллага ингэж мэдэгдэж байгаа ч иргэд хадгаламжаа хөрвүүлэх, их хэмжээний гадаад валют худалдаж авах нь нэмэгдэж, ам.долларын эрэлт нэлээд өсч буй нь бодит үнэн. ХААН, “Капитал” банкны харилцагчид хэдийнэ хөдөлгөөнд ороод эхэлчихсэнийг бид мэдээлсэн. Үүний хажуугаар өвлийн улирал, шинэ жил болохтой зэрэгцээд урд хөршийг зорих хөл хөдөлгөөн эрс ихэсч, юань ч үнэд орж мэдэх талтай. Харин Монголбанк Хятадын Төвбанктай таван тэрбум юанийн своп хэлцэл хийсэн тул үүнд нэг хэсэгтээ санаад зовоод байх хэрэггүй аж.

Инфляци гээч “хадны ман­гаа” эдийн засаг хийгээд нийгмийг бүхлээр нь айлгадаг. Харин үүнийг хөөрөгдүүлж буй гол хүчин зүйл нь нэмэгдсэн эрэлт аж. Өөрөөр хэлбэл, манай мөнгөний нийлүүлэлт хэт өссөн нь эдийн засаг дахь бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтээс хол тасарч, хуурамч эрэлтийг бий болгосон байна. Ингэснээр хэт их мөнгөөр эдийн засаг дахь бараа бүтээгдэхүүнээ үнэлэх өөр арга үгүй болж. Үүнийг Төвбанкныхан эрэлт нь нэмэгдсэн ч нийлүүлэлт нь хангалтгүй учир инфляци өндөр байгаа хэмээн тайлбарлаж буй аж.

Тэдний мэдээлснээр банкны салбарын нийт актив хөрөнгийн хэмжээ аравдугаар сарын эцсийн байдлаар 8.2 их наяд төгрөгт хүрч өмнөх сараас 0.9 их наяд төгрөгөөр буюу 1.5 хувиар, өмнөх оны мөн үеэс 2.7 их наяд төгрөгөөр буюу 49.5 хувиар өссөн байна. Банкуудын эх үүсвэрийн өсөлт тогтмол байгаа нь активын өсөлтөд нөлөөлсөн аж. Нийт зээлийн хэмжээ таван их наяд төгрөгт хүрч оны өмнөхөөс 1.9 их наяд төгрөгөөр буюу 61.2 хувиар нэмэгджээ. Үүнээс дөрвөн хувийг нь чанаргүй зээл эзэлж буй.

Банкны салбарын өөрийн хөрөнгийн нийт хэмжээ 830.2 тэрбум төгрөг болсон байна. Банкуудын ашигт ажиллагаа нэмэгдэж байгаа нь өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл гэдгийг хэвлэлийн хурлын үеэр дуулгасан.

А.БОЛД

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж