“Улаан-од” сонины түүх надад хадгалагдаж байна”

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

“Улаан-од” сонины түүх надад хадгалагдаж байна”

Ахмад сэтгүүлч Б.Чантуутай ярилцлаа.

-Эргээд харахад та сэтгүүл зүйн салбарт хичнээн жил ажилласан байна? Сэтгүүл зүйд хөл тавьж байсан үеэ дурсаач?

-“Залуучуудын үнэн” сониноос ажиллаж эхэлсэн гэвэл 38 жил, бичиж эхэлсэн гэвэл 53 жил болсон байна. Одоо ч гэсэн энэхүү хэвлэл мэдээлэл гэдэг зүйлээсээ холдож чадаагүй л байна. Тэтгэвэртээ гарсанаасаа хойш “Aдмон” гээд хэвлэлийн компанид түүхэн ховор зургийн архив хариуцаж түмэн олондоо ховор зургийг өгч тусалдаг ажил хийж байна. Хааяадаа зарим нэг хүний номыг редакторлах гээд өөртөө ажил гаргаж өгөөд завгүй л явна. 1963 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр “Залуучуудын үнэн” сонины босго алхаж байснаа сайн санаж байна. Н.Мятав, С.Жамбалдорж, С.Цэдэв гээд л гурван том сэтгүүлчийн гараар орсон юм шүү дээ, би. “Залуучуудын үнэн” сонинд Монголын тогтмол төв хэвлэлийн сор, сурвалжлагчид, шилдэг сэтгүүлчид байлаа. Жан.Шагдар, П.Пүрэвсүрэн, О.Жигмидготов, Ө.Тогоо, Да.Дамдиндорж гээд олон нөхдийг нэрлэж болно. Гэртээ харимааргүй байдагсан. Сонины газар маань гэрээс илүү байжээ гэсэн үг шүү дээ. Хүн тэгж л байгууллага, эрхэлсэн ажилдаа татагдаж, дур сонирхолтой байвал ажил хунар, аяндаа өрнөж өөдрөг байдаг юм билээ. Ч.Пүрэвжав дарга эвлэлийн арван ажилтныг Батлан хамгаалах яаманд шилжүүлсэн юм. Ардын арми, нийгмийг аюулаас хамгаалах байгууллага зэрэг чухал газрыг эвлэлийн шилдэг ажилтнаар бэхжүүлэн зузаатга гэсэн Намын төв хорооны даалгавар байсан юм билээ. Тэгээд л бид зэвсэгт хүчинд очсон. 1972-1977 онд Москвад Лениний нэрэмжит Улс төрийн академид суралцаж, цэргийн сурган, сэтгэл зүйн мэргэжлээр төгссөн юм. Сургуулиа төгсч ирээд мэргэжлийн дагуу Цэргийн ерөнхий сургуульд багшлах ёстой байлаа. Харин би багш болоогүй ээ. “Улаан-Од” сонины ерөнхий эрхлэгч, хурандаа Ж.Ядмаа гуай Батлан хамгаалах яамны коллеги, Улс төрийн газрын товчоонд илтгэж, намайг сониндоо томилуулж, нам улс төрийн хэлтсийн эрхлэгчээр ажиллуулсан юм. “Улаан-Од”-од Ж.Ядмаа, Да.Дамдиндорж зэрэг бас л том, туршлагатай сэтгуүлчдийн гараар орсон юм. 1977 оноос хойш “Улаан-Од” сонинд хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, ерөнхий эрхлэгчээр ажилласан.

-Нэг ёсондоо “Улаан-Од” сонины “даргын” бүх дамжлагаар та орсон юм байна ш дээ.

– Яг тэгсэн шүү. Еренхий эрхлэгчээр томилогдсон мөч санаанд тод байдаг. Төвийн сонины эрхлэгчдийг Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнөөр оруулж баталдаг журамтай байлаа. Ж Батмөнх гуай даргалж хуралдуулж байсан юм даг. Хурлаас гарч ирэхэд гарын хоёр алга нэлэнхүйдээ хөлөрчихсөн байж билээ. Хариуцлагыг тэгж л ухамсарлаж байсан юм даа. Ардын армийн хэвлэлүүдийн нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгчээр томилогдсон. Нэгдсэн редакцид “Улаан-Од” сонин, “Ардын арми”, “Байлдааны бэлтгэл” сэтгүүл багтана. “Улаан-Од” сонин Батлан хамгаалах яам, Нийгмийг аюулаас хамгаалах яамны төв хэвлэл байлаа. Хариуцлагатай  ажилласан гэж боддог. Редакцийн нөхдөөс  асуухад нэгийг хэлэх байх аа. Бид дайчин хамт олон байсан. Манай сониноос Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ьн эрхэм гишүүн, НХХ-ийн сайд Т.Ганди, “Сэрүүлэг” сонины эрхлэгч С.Баярмөнх, “Хөх толбо” сонины эрхлэгч Б.Эрдэнэбаатар, “Хөх тэнгэр” сонины эрхлэгч Т.Баяраа, “Толь” сонины эрхлэгч Б.Цэдэн, “Чоно” сонины эрхлэгч Д Жамъян, “Ардчилал Таймс” сонины эрхлэгч Нанж Лхагва нар төрсөн юм. Нийтдээ арван нэгэн сонины эрхлэгч төржээ.

-Үнэхээр дайчин хамт олон юм аа. “Улаан-Од” олон сонин нийтлэлээрээ шуугиулсан гэж ярьдаг шүү.

-Олон ч нийтлэл тавьсан. Дээд газраас ч олон удаа дуудагдсан даа. Эхлээд “Улаан-Од” сонины толгойд “Бүх цэргийн төв хэвлэл” гэж бичиж тавиад дээрээс дуудагдсан юм. Уг нь их бодож шийдсэн. Эдүгээ, ирээдүй үеийнхний унших сонин гэж үзсэн юм. Батлан хамгаалах яам, Улс төрийн газрын удирдлага болон армийн хэвлэлийн “цензурын албаныхан” эхэлж дуудаж, “Намын төв хорооны үзэл суртлын хэлтсээс зөвшөөрөл авсан уу” гэж асуусан. “Зөвшөөрөл аваагүй” гэвэл гайхах, айх хоёр нь зэрэгцсэн байх. Төв хорооны Ц.Балхаажав даргад дуудагдсан. “Зөв юм уу, тайлбарла” гэсэн. Балхаажав гуай буйртай хүн болохоороо ойлгосон гэж боддог. Тэгтлээ намайг загнаж зэмлээгүй юмдаг.

-Шуугиулсан нийтлэлийнхээ түүхээс хуучлахгүй юу. Монголын хоёр маршалын тухай гээд л…

-1988 оны дөрөвдүтээр сарын 14-ний манай сонины дугаарт маршал Дэмид, Чойбалсан хоёрын хөрөг зурагтай том нийтлэл гарч бөөн шуугиан болсон. Нартай өдөр цахилгаан цахисан гэж хэлж болно. Оросын төмөр замын “Зима” станц дээр Дэмид жанжиныг ЗХУ руу явж байхад нь японы тагнуулчдын түлхээсээр амь насыг нь хорлосон гэсэн утгатай материал нийтлэгдсэн юм. ЗХУ-ын Элчин сайдын яам Намын төв хороонд эсэргүүцэл илэрхийлж, Оросын нутаг дээр японы тагнуулчид байсан гэлээ гэж “гомдолложээ”. Доктор Лигдэн даргатай комисс томилогдож шалгасан. Намын төв хорооны боловсон хүчний хэлтэс, Намын хянан шалгах хорооноос үүрэг өгсөн юм билээ “Намын хяналтгүй дураараа загналаа” гэж буруутгасан. Дөрөвдүгээр сарын 30-нд НТХ-ны үзэл суртлын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Ц.Балхаажав дээр төвийн сонин, хэвлэлийн эрхлэгчдийг дуудлаа. Манай сонины нийтлэлийг шүүн хэлэлцэв “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч Л.Түдэв “Та нар яахаараа шинэ юманд дургүйцэж байдаг юм бэ” гэж санаагаа тодорхойлсон. “Үнэн” сонин ардчиллын салхийг хагалж эхэлж байсан үе. Намайг, биднийг хамгаалсан. Дараа нь комиссынхон илтгэлээ авч, Батмөнх дарга дээр оржээ. Батмөнх дарга илтгэлтэй нь танилцчихаад, “Нэг жанжин нь нөгөөгөө алсан гэж наад сонин дээр чинь бичээгүй байгаа биз дээ” гэж ганц асуултаар бүхнийг хааж, асуудал шийдэгдсэн. Батмөнх дарга “Улаан-Од” сониныг тэгж аварсан юм. Түүнээс хойш манай сонины нийтлэл “задгайрсан даа”. Бид ч зүрх зориг орсон.

-Тэгээд л “анхны 14-ийн” тухай материал нийтлэгдсэн үү?

-Хоёр сар бэлтгэсэн. Д.Мархаахүү, Л.Зориг хоёрыг томилсон. Редакцийнхан учрыг нарийн тодорхой мэдээгүй юм. Бид гурав үе үе ярилцаж бэлтгээд байлаа. Архивын материалтай танилцав. С.Дүйнхэржав, А.Думбарай гээд Нийгмийг аюулаас хамгаалах яамны архивын ахмадууд, түүхчид их тусалсан. НАХЯ-нд үзэл суртлын асуудал хариуцсан төлөөлөгч залуу хүртэл “та бүү санаа зов” гэж сэтгэлийн дэм өгч зоригжуулж байлаа.   Хэлмэгдэгсдийн анхны 14 хүний тухай нийтлэл  хэвлэгдэж, уншигчид дэмжиж,  талархалтай хүлээж авсан. Дөрөвдүгээр нүүрээ бүтэн зориулсан юм. Цэргийн цензурынхан тамгаа дарж өгөхгүй гэлээ. НТХ-ны захиргааны байгууллагын орлогч эрхлэгч Б.Пүрэвдаш нарт үзүүлэхэд “Энэ чинь зөв шүү, болно, гарга, зоригтой бай” гэлээ. Баттай баримтад тулгуурласан болохоор бид ч дотроо унахгүй гэж итгэж байлаа. Тэгээд ч тэгтлээ буруутаагүй.

-Түүнээс болоод танай сонин гадаа гудамжинд хүртэл зарагддаг болсон санагдаж байна.

-Армийн сонин яахаараа хаалттай байж, нийтэд зарагддаггүй ёстой юм бэ гэж бодогдсон. Ил тод болгохоор хөөцөлдсөн юм. 1988 оны гуравдугаар сарын 18-нд Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хорооны тогтоол гарч, “Улаан-Од” сонины нэг бүрийн хэвлэлтийн үнийг арван мөнгөөр тогтоосон. Мөн оны арваннэгдүгээр сарын 30-ны Намын төв хорооны тогтоолоор “Улаан-Од”, “Улаанбаатарын мэдээ”, “Тоншуул” сэтгүүлийг нийтийн худалдаанд гаргах болсон. Гудамжинд сониноо зарах эрх олж авсан анхны редакц гэж бид өөрсдийгөө үздэг юм. Хожим манай сонины дугаарт доктор П.Нэргүйгийн эдийн засгийн сэдвээр бичсэн бүтэн нүүр өгүүлэл нийтлэгдэж, бас бөөн шуугиан болж, гудамжинд энэ дугаар 50 мөнгөөр зарагдаж байлаа. “Улаан-Од” сониныг гадаад захиалгад оруулахыг бас зөвшөөрсөн. Зөвхөн шуудан холбооны мухлагаар биш, нийтийн худалдаанд худалдагдах болж, гадаад захиалгад хүртэл оруулж чадсан нь сонины хамт олны том ялалт байлаа. Үнэхээр том ялалт, өндөр нэр хүнд байв. 1990 он гэхэд ‘’Улаан-Од” сонин 46700, “Ардын арми” сэтгүүл 2786, “Байлдааны бэлтгэл” сэтгүүл 1946 захиалагчтай болсон байлаа. Сонины нэг ёсны түүх болох өдөр тутмын ажлын 16, халаасандаа байнга авч явдаг байсан өврийн 16, нийт 32 тэмдэглэлийн дэвтэр эдүгээ надад хадгалагдаж байв. Сонины бүрэлдэхүүний нэрсийн жагсаалтаас эхлээд ерөнхий эрхлэгчийн өдөрт хэрэглэж байсан унааны километрийн гүйдэл хүртэл тэмдэглээстэй байгаа.

-Та бүрэлдэхүүний нэрсийн жагсаалт гэлээ. Эргээд харахад үнэхээр сонин хүмүүс ажиллаж байжээ.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, НХХЯ ны сайд Т.Ганди гээд?

-Ц.Элбэгдоржоос өмнө Ганди “Улаан-Од” сонинд ирсэн юм. “Пионерийн үнэн” сонин, хотын эвлэлийн хороонд ажиллаж байжээ. “Улаан Од” сонины сурвалжлагчаар ажиллана гээд ирсэн юм. Өөрийгөө цэргийн сэтгүүлч байх ёстой хүн гэж үздэг байжээ. Эцэг Төгсжаргал нь Халх голын дайны үед комиссар, “Улаан Од” сонины сурвалжлагч байжээ. Эцгийгээ залгамжлах гэж хатуу шийдсэн юмсанж. Анх ирэхэд нь сонины журмын дагуу хэвлэлийн хянагчаас эхлүүлсэн. Удалгүй сурвалжлагчаар шилжүүлж авсан. Офицерын орон тоон дээр энгийнээр ажиллуулав. Сурвалжлагч болоод гялалзтал бичсэн дээ. Цэргийн ёс суртахууны сэдвээр ёстой галтай бичиж өгсөн 1988 онд цэргийн госпиталийн их эмч А.Дарийн тухай шүүмжлэлтэй материал нийтлүүлж шуугиулсан юм. Том ч асуудал болсон Гомдол ирж, Намын хянан шалгах хороогоор хүртэл орж яригдаж хэлэлцэгдсэн юм Нанчимбум, Т.Ганди хоёр хамтарч бичсэн. Үндсэндээ үнэн дийлж, сүйд болоогүй намжсан юм. Гандигийн дурсамжийн номонд байдаг. “Манай эрхлэгч их хатуу хүн байсан намайг Орбитын цэргийн анги руу цасан шуурганд сурвалжлага хий гээд явган явуулж билээ. Тэр нь надаа хатуужил өгч байсан” гэж дурдатгал дотор нь байдаг юм. “Хөх толбо”-ын Эрдэнэбаатар бас л манай “Улаан-Одынх”. Ерөөгийн мод бэлтгэлийн ангийн дарга, АИХ-ын депутат Ш.Бадарчийн тухай шүүмжлэлтэй материал бичиж, бас л гомдол ирж, цэргийн шүүхээр орж байлаа. Анх удаа сэтгүүлч шүүхээр орж буй нь тэр. Нанж. Лхагва бас л манайх. Бас л сонин хүн. Болгарт сургууль төгссөн. Чадалтай сайн орчуулагч. 1977 онд ирсэн санагдана. Хэвлэлийн редактороор ажиллуулсан. Орос, болгар хэлийг нь ашиглаж, олс улсын амьдралаар тойм бичүүлж байлаа. Хөөрхөн сэдвээр, хөөрхөн бичнэ. Баярмагнай эрхлэгчийн үед “Улаан Од”-оос гарчихсан. Манай, сонинд олон сонин хүн байв. “Илтовчоо” сонины Л.Пүрэвдорж том марксист даа.

-Танайхан тантай холбоотой юу?

-Т.Ганди сайд бол утсаар байнга ярина. Цагаан сараар ирж золгоно. Би ямар ерөнхийлөгчийг өөр дээрээ дуудалтай биш. Ө.Сэнгээ, Г.Мижиддорж, Ц.Гаваа, Д.Авирмэд, Г.Сумъяа, С.Доржханд гээд байнга ирж уулздаг нөхөд олон бий.

-Монголын  анхны сансрын нисгэгчдийг  сурвалжиж байснаа хуучлахгүй юу?

-Сансрын нисэгчдийн бэлтгэл ажил 1976 оноос эхэлсэн юм. Монголд “Интеркосмос” хөтөлбөр хэрэгжиж буй нь тэр. Их тэнгэрийн аманд дөрвөн том гэр барьчихсан байлаа. Александр .комиссартай хэсэг хамгаална. Хоёр гэрт нь Гүррагчаа, Ганзориг хоёр эхнэртэйгээ, үлдсэн хоёр гэрт нь ах дүү төрөл төрөгсөд нь. Дөрвөн машин үйлчилнэ. БХЯ-ны удирдлага намайг гэнэт дуудаж, Монголын анхны сансрын нисэгчидтэй ажиллах, зураг авах үүрэг даалгавар өгсөн юм. Гүррагчааг урьд нь гадарлана. Хойшоо цэргийн академид явах гээд хамтдаа шалгалтад орж байлаа. Гүррагчаа Жуковын, би Лениний цэргийн академид тэнцсэн юм. Ганзоригийг танихгүй Академи төгсч ирээд “Улаан Од” сонины хэлтсийн эрхлэгчээр томилогдож ажиллаж байхдаа дээрх үүргийг авсан юм. Цэрэг, цагдаагийн хамгаалалттай байлаа. Гүррагчаа, Ганзориг хоёр хар өглөөгүүр гараад уул, модоор гүйчихнэ. 790 категориор тэднийг шилж сонгож авсан шүү дээ .108 хоног Байконурт хамт байлаа. Зан араншин, сэтгэл хөдлөл, тэвчээр, хүч тамир, боловсрол мэдлэг гэхчилэн 790 янзын сорилт шалгалтыг давсан гэсэн үг. Гэрэл зургийг нь их авсан. Монголд авсан гэрэл зургаа БХЯ-ны нууц канцлерын албанд өгнө. Орост авсанаа ТАСС-д өгч, өөрт оногдохоо авна. ТАСС гэрэл зургийн хальсаар бүрэн хангаж байлаа. Цэргийн гэх ганц ч зүйл кадрт тусгах ёсгүй. Орой хальсаа өгч угаалгаж шалгуулна. “Шаардлагагүй” гэж үзсэн хэсгийн нь тайрч аваад буцааж өгнө. Гүррагчаа, Ганзориг хоёрыг тус тусад нь цэцэг бариулж, гэрэл зургийг нь татсан. Сайн ажвал цэргийн хүн боловч мөрдөс нь, цол нь харагдахгүй байгаа. Гүррагчаа тэр зурган дээрээ гарын үсгээ үлдээж, надад дурсгасан юм. Гүррагчаа гэрэл зурагчид, телевиз, киноны зураглаачдыг яаж бай гэнэ хэлснээр нь зогсож зургаа татуулж биднийг ойлгож тэвчээртэй хандаж, ажилд их тус болдог байлаа. Даруухан сайхан залуу даа. Хөдөөгийн сэтгэл түүнд бий. Монголынхоо сансрын нисэгчдийг сурвалжилж явахдаа цэргийн ганц сэтгүүлчийн хувьд сансрын пуужингийн бүтэн дүрсний дэргэд зургаа татуулах том аз тохиосон юм. Ямар ч гадны хүнд зөвшөөрдөггүй юм билээ. Намайг дагаж явсан Зөвлөлтийн аюулаас хамгаалах байгууллагын ажилтан Леня гэдэг залуу тус болсон юм. Байконур гэдэг чинь сансрын антеннаар битүү дүүрсэн Улаанбаатараас том нутаг дэвсгэртэй, барилга байгууламж шүү дээ. Сэтгүүлч болсны буянд сонин сайхан дурсгал болж үддэх ихийг үзжээ. Сэтгүүлч бидний мэргэжил сайхан шүү.

-Сэтгүүл зүй гэх их айлын галыг түлэлцэж явсан хүний хувьд тэр үеийн сэтгүүлч, одоогийн сэтгүүлч нарыг харьцуулахад хэлэх зүйл их байдаг байх?

-Хамгийн гол нь хүмүүс чамайг сэтгүүлч гэж дуудвал чи сэтгүүлч. Сургууль төгсөөд нэг диплом аваад түүнийгээ би сэтгүүлч болсон гэх өрөөсгөл ойлголт. Уншигч сэтгүүлч гэж хүлээж авбал сэтгүүлч боллоо гэж ойлгох хэрэгтэй. Мөн сэтгүүлч хүн маш олон хүнтэй уулздаг учраас тэр бүх хүний өнгөнд таарсан тал бүрийн өнгө аястай байх хэрэгтэй. Бичсэн юм нь ч тэр, өөрөө ч тэр хүнд тоогдож байх хэрэгтэй. Одоогийн сэтгүүлч нар хийж байгаа юм нь маш хэцүү тулга тойрсон юм хийдэг. Тэр дундаа телевизийнхэн. Харин сониныхон ярилцлага гэдэг зүйлээс өөр юм мэдэхгүй хийдэггүй. Сэтгүүл зүйд олон жанр төрөл зүйл байдаг. Мэдээ нийтлэл, тойм, сурвалжлага, тэмдэглэл гээд маш олон зүйл бий. Гэтэл ярилцлага гэдэг хамгийн болхи хамгийн залхуу сэтгүүлчийн ажил гэж бид ярьдаг байсан. Хүний ярьсан зүйлийг буулгаж сууна гэдэг залхуу хүний ажил шүү дээ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж